2023-11-27
290
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ЯАМНЫ 1-Р ОРЛОГЧ САЙД, ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР АЮУШЖАВЫН БААСАНЖАВ
1944 оны бичин жилийн 4-р сарын 14-нд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн. Аюушжавын Баасанжав 1952-1956 онд Ургамал сумын бага сургууль, 1956-1959 онд Завханмандал сумын дунд сургууль, 1959-1962 онд Завхан аймгийн төвийн ЭОН нэрэмжит 10 жилийн сургууль, 1962-1967 онд МУИС-ийн байгалийн ухааны факультетын геологийн анги төгсөж ашигт малтмалын эрэл, зураглалын геологч инженер мэргэжил эзэмшсэн. Мөн 1969-1974 онд МУИС-ийн санхүү эдийн засгийн анги төгсөж санхүү эдийн засагч мэргэжил эзэмшсэн.
А.Баасанжав нь 1967 оноос Хөвсгөлийн геологийн удирдах газарт барилгын материалын хайгуулын ангид дагалдан инженерээр ажиллаж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар Улаанбаатарын геологийн удирдах газарт Барилгын материалын хайгуулын ангийн дарга бөгөөд ахлах инженер, Баянхонгорын геологийн удирдах газарт Эрдсийн давсны хайгуулын ангийн дарга, ерөнхий инженер, Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны мэргэжилтэн, Геологи, уул уурхайн үйлдвэрлэл, шинжилгээний институтийн орлогч захирал, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Монгол Улсын засгийн газрын референт, “Талст” компанийн захирал, Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны ерөнхий мэргэжилтэн, Үйлдвэр, худалдааны яамны ахлах мэргэжилтэн, мөн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн дэд захирал зэрэг албыг хашсан.
Мөн Төрийн өмчийн хорооны гишүүн, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголсовцветмет” нэгдлийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Зоос гоёл”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Хайлааст, Багануур, Алтай-Улиастай эрчим хүчний систем хувьцаат компани болон Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хариуцлагатай ажлыг хашиж байв.
А.Баасанжав Хөвсгөл аймгийн Хатгалын элс, хайрганы ордын хайгуул, Дундговь аймгийн Мандалговийн элс, хайрга, барилгын чулууны орд, Чойбалсангийн элсний, Аралтын худгийн шохойн чулууны, Улаанбаатарын элс, хайрганы зэрэг барилгын материалын таван орд, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн Бүрдийн давст, Цөнгөрөг, Шүүт, Холбоолж, Байнцагаан, Бэгэр, Буур, Цэцэг, Цоохор нуурын давсны 10 гаруй ордын эрэл, хайгуулын ажлыг удирдан хийж, эрдэс түүхий эдийн найрлагыг судалж, нөөцийн тооцоог хийж Монгол Улсын эрдэс түүхий эдийн нөөцийг арвижуулан нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын шилдэг геологичдын нэг юм.
А.Баасанжав 1975-1978 онд Москвагийн геологи хайгуулын дээд сургуулийн аспирантурт суралцаж “Монгол орны хайлуур жоншны ордуудын геологи-эдийн засгийн үнэлгээ” сэдвээр эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж Монгол Улсын геологийн салбарын 22 дахь, геологийн эдийн засгийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан 2 дахь эрдэмтэн, Ургамал сумаас төрсөн анхны 2 эрдэмтний нэг юм/1978 онд Ургамал сумын уугуул Хассүрэнгийн Лхамдорж түүхийн ухаанаар доктор хамгаалсан/.
А.Баасанжав мэргэжлийн дагуу судалгаа шинжилгээний олон ажил туурвиж, 50 шахам бүтээл хэвлэлд нийтлүүлэн, 10 хүний эрдэм шинжилгээний диссертацийг удирджээ.
А.Баасанжавыг Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байх хугацаанд Монголын Заамар, Бороо, Жанчивлан, Баянхонгор, Шарын голын алт, Эрдэнэ, Цагаансуваргын зэс-молибденийн ордын зарим хэсэг, Тавантолгой, Тэвшийн говийн нүүрс, Дорноговийн Өргөний хайлуур жонш, Төмөртийн овооны Төмөр, Бүрэнхааны фосфорит, Цагаанчулуутын гантиг, Асгатын мөнгө, Улаан уулын гянт болд, Баян-Эрхэтийн битум, цеологит, Улаан, Цавын хартугалга, цайр, Мардайн ураны зэрэг Монгол Улсын хөгжлийг тодорхойлогч олон төрлийн ашигт малтмалын ордууд нээгдэж Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Модотын цагаан тугалга, Мухар эрэг, Өвөрчулуутын алтны орд, Цагаандаваа, Улаан уулын гянт болдын зэрэг ордуудын ашиглалтын үйлдвэр байгуулагджээ.
А.Баасанжав 1988 онд батлагдсан “Улсын үйлдвэрийн газрын тухай”, 1991 онд батлагдсан “Татварын тухай”, 1997 онд батлагдсан “Ашигт малтмалын тухай” хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж дээрх хуулиудыг батлуулахад оролцсон гавьяатан юм.
А.Баасанжавын хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, Монгол улсын тэргүүний геологич цол тэмдгээр шагнасан.