ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Фото мэдээ


нийт 439

khural.mn

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-02 257
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ, КЛИНИКИЙН ПРОФЕССОР, МОНГОЛ УЛСЫН МЭС ЗАСЛЫН ЗӨВЛӨХ ЭМЧ, ТЭРГҮҮЛЭХ ЗЭРГИЙН ЭМЧ АЛАГ АДУУНЫ БУНЬ ОВОГТ УРИАНХАЙН ОРГИЛ 1961 онд Завхан аймгийн Ургамал сумын тосгуур багийн нутаг Харцагатын худагт Чанравын Чулууны 6-р хүү болон төрсөн. 10 сар хүртлээ төрсөн эцэг эхийн гар дээр бойжиж байгаад Буньжавын Урианхайнд үрчлэгдэн өсөж торнисон. Бага насаа эцэг эх, өвөг эцэг Буньжав нарын гар дээр өсөж амьдралын эх захыг мэдэрч өссөн. 1969 онд Ургамал сумын бага сургуульд элсэн суралцаж улмаар Ургамал сумын бүрэн бус дунд сургуулийг 1977 онд төгсөж, Завхан аймгийн ЭОН 10 дунд сургуулийг 1979 онд төгсөж, тухайн үеийн нэршилээр АУДэС –д элсэн суралцаж хүний их мэргэжлээр онц дүнтэй төгсөж, Завхан аймгийн Завханмандал сумын сум дундын эмнэлэгт салбарын эрхлэгч, мэс заслын эмчээр томилогдон ажилласан. 1988 оноос Ургамал сумын хүний их эмчийн салбарт томилогдон их эмчээр 4 жил ажиллаж байгаад Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт мэс засалч, нойрсуулагч эмчээр ажилласан. 1994 оноос УБ хотын нэгдсэн 3-р эмнэлгийн мэс заслын тасагт мэс заслын эмчээр 13 жил ажиллаж байгаад 2007 онд Эрүүл мэндийн яамны илгээлтээр Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн зөвлөх мэс засалч эмчээр 2022 хүртэл эрүүл мэндийн салбарт тасралтгүй дөчөөд жил ажилласан. У.Оргил эмч 1986 онд АУДэС-д мэс заслын дамжаа, 1990 онд АУДэС- д сэхээн амьдруулах- нойрсуулагч эмчийн дамжаа, 1996 онд АУИС –д магистрийн сургалт, 1997 онд АУИС –ийн мэс заслын тэнхимд цээжний хөндийн нарийн мэргэжлийн дамжаа, 2000 онд ОХУ-ын Кеморов мужийн АУИС-ийн эмнэлэгт дурангийн мэс заслын эмчийн сургалтанд суралцаж анагаах ухааны магистрийн зэрэг хамгаалсан. У.Оргил эмч хөдөөгийн хүн арддаа эмнэлгийн яаралтай тусламжийг цаг хугацаа алдалгүй үзүүлж олон хүний амь насыг аварсан яах аргагүй хүний гавьяат эмч. Шастины клиникийн төв эмнэлэгт ажиллахдаа анагаах ухааны доктор зөвлөх эмч Сүхбаатар нарын хамт гахайн дэлүүнээс бэлдмэл бэлтгэж цусны үжилтэй болон архаг идээт өвчтэй хүмүүст хэрэглэж өндөр үр дүнтэй болохыг тогтоож шинэ бүтээл оновчтой саналын гэрчилгээ авч байсан. 2001 онд ОХУ Кеморов мужын клиникийн 3-р эмнэлэгт дурангийн мэс заслын чиглэлээр суралцах хугацаандаа нойр булчирхай хурц идээт өвчиний үеийн мэс заслын эмчилгээний сонголтоос суралцсанаар өөрийн эмнэлэгтээ нэвтрүүлж ажилласанаар энэ өвчний үеийн нас баралтыг 50 % хүртэл бууруулах боломжийг нэвтрүүлж ажилласан.2000 онд улаан хоолойн гэмтэлийн үеийн мэс заслын эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлж, энэ өвчний хүндрэл болон нас баралтын хувийг бууруулж чадсан. 2007 оны 6 сараас эхлэн Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллахдаа хөдөөгийн эмнэлэгт орчин үеийн шинэ дэвшилттэй технологийг нэвтрүүлж оношилгоо эмчилгээнд нэвтрүүлэн ажилласан. Хөдөө орон нутагт эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах зорилгоор өөрийн туршлага мэдлэг, чадвараа ашиглан хамтаран ажиладаг эмч нарынхаа хамт элэгний хавдар задарч цус алдаж хүндэрсэн өвчтөнд элэг тайрах хагалгааг сум дундын эмнэлэгт хийж хүний амь аварч байсан. Мөн орчин үеийн шилдэг технологn болох ясны хугаралыг хадах болсоноор хугаралын дараах хөдөлмөрийн чадвар алдалтыг 80-90% -иар бууруулж чадсан. Төрөлхийн цагаан мөгөөрсөн хоолойн цорго битүүлэх хагалгааг хийж сайн үр дүнд хүрсэн. Нойр булчирхайн хурц идээт өвчний үеийн мэс заслын эмчилгээ, Ходоодны хавдарын үеийн ходоод тайрах хагалгаа, Уушигны мэс заслын хагалгаа, цагаан мөгөөрсөн хоолойн цорго битүүлэх хагалгаа, Гавал тархины хатуу хальсны дээр болон хурсан цусыг гавал ясыг цоолж авах хагалгаа, Хугарсан мөчдийн ясыг хадах зэрэг 3-р шатлалын эмнэлэгт хийгддэг мэс ажилбаруудыг хөдөө орон нутгийн эмнэлэгт удирдан хийж залуу эмч нарыг сурган ажиллаж байсан. У.Оргил эмчийн эрдэм шинжилгээний бүтээл: • Уушигны идээт эвдрэлт өвчиний мэс заслын эмчилгээг төгөлдөржүүлэх нь • Улаан хоолойн гэмтэлийн үеийн мэс заслын эмчилгээний арга техник • Нойр булчирхайн үхжилт үрэвсэлт өвчиний үеийн мэс заслын эмчилгээний арга • Уушигны идээт эвдрэлт өвчиний үеийн цагаан мөгөөрсөн хоолойг цэвэрлэх эмчилгээний үр дүн • Эмч эмнэлгийн ажилтаны харилцааны соёл Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын хүрэлцээ ба багаж тоног төхөөрөмжийн хангалт • Хөдөө орон нутагт элэг тайрах мэс заслын үр дүн • Уушигны зарим идээт өвчинийг мэс заслын аргаар эмчлэх нь • Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн түүх зэрэг өгүүлэл нийтлэл ном товхимол бичиж олны хүртээл болгосон. У.Оргил эмчийн хөдөлмөрч бүтээлч хүн чанарыг эзэмшихэд төрсөн эцэг Ч.Чулуун, эх Ж.Юмчиндорж, өсгөж хүмүүжүүлсэн аав Б.Урианхай, ээж Ө.Буянжаргал, өвөө аав Г.Буньжав нарын хүнлэг зан, хөдөлмөрч ажилласаг, шинийг эрэлхийлэгч чанар тус нэмэр болсон. Төрсөн эцэг Ч.Чулуун нь 1927 онд төрж улмаар цэргийн албаа Сулинхээрийн заставт хааж ирээд пратизан Жамбалын охин Юмчиндоржтой гэр бүл болж 9 хүүхэд төрүүлсэн. 1957- 1959 онуудад Ургамал сумын 2-р багийн даргаар ажиллаж байгаад 1959 онд нэгдэлжих хөдөлгөн ялж бригадын зохион байгуулалтанд ороход Тосгуур бригадад тоо бүртгэгч, бригадын дарга, бригадын ухуулагч, Хульж бригадын намын үүрийн дарга, аж ахуйн эрхлэгч, агент зэрэг ажлуудыг хариуцлагатай хийж байсан. Төрсөн эх Юмчиндоржийн төрсөн аав Д.Жамбал нь баруун хязгаарыг чөлөөлөх дайнд нутгийнхаа эр цэргүүдийн хамт оролцож явсан ардын хувьсгалын пратизан хүн байсан.Төрсөн ээж Ж.Юмчиндорж нь бага залуудаа Ховд аймагт тухайн үеийн санитарын одоогоор сувилахуйн анхан шатны сургуульд суралцаж санитарч мэргэжил эзэмшин сумандаа ажиллаж байгаад нөхөр Ч.Чулуунтай амьдрал холбон гэр бүл болсон. Юмчиндорж нь төрөлхийн сэргэлэн цовоо хүн тул тухайн үед хүн арддаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж гэмтсэн мөчийг боох, төрөх эхийг төрөхөд туслаж үр хүүхдийг нь эсэн мэнд эх барьж авч олон түмэнд их тус хүргэж явсан түүхтэй. Өргөж авсан аав Б.Урианхайн аав Г.Буньжав нь У.Оргил өсөж торних, хүний чанар сайн хүмүүжил олоход их үүрэг гүйцэтгэсэн хүн бөгөөд тэрээр 1901 онд төрж, ардын хувьсгалтай золгож, тухайн үеийн тамгын газрын сургуульд бичиг үсэг сурсанаар тухайн үед арван, хорин, багийн даргаар ажиллаж, улмаар Ургамал сумын дарга, Завханмандал буюу Ембүүмандал сумын даргын алба хүртэл хашиж төр засагтаа их хувь нэмрээ оруулж явсан хүн билээ. Өргөж авсан аав Б.Урианхай нь Ургамал суманд анх сургууль байгуулагдахад анхны сурагчдын тоонд оролцон суралцаж байсан бөгөөд амьдралын шаардлагаар аав Буньжавтаа туслан мал маллаж, дүү нараа өсгөлцөх үүрэг хүлээн нас биенд хүрч Ө.Буянжаргалтай амьдралаа холбон улмаар хүү Оргилийг үрчлэн авч өсгөн хүмүүжүүлж хүний зэрэгт хүргэн хүний их эмч мэргэжил эзэмшүүлсэн их ач буянтай хүн билээ. Б.Урианхай Ургамал сумын Тосгуур багт нэгдлийн мал маллаж ажилласанаар сум, аймгийн аварга малчинаар тодорч тухайн үедээ сум орон нутагтаа нэр хүндтэй хүн байсан. Ээж Ө.Буянжаргал нь хүү Оргилийг хүний зэрэгт хүрэхэд нь эрүүл саруул, оюун ухаан өндөртэй болгон өсгөсөн ачтан билээ. Ө.Буянжаргал нэгдлийн гишүүнд элсэж нөхөр Урианхайн хамт нэгдлийн мал маллаж сумын аварга төлчин, аварга саальчинаар удаа дараа тодорч байсан хөдөлмөрч хүн байсан. Эдгээр хүмүүсийн удам судар, хүмүүжүүлсэн хүмүүжлийн ач гавьяагаар У.Оргил багаасаа зөв зан ариншинтай оюуны зөв өндөр чадавхтай болж сурлага хүмүүжил сайтай өсч бойжиж улмаар амьдралын зөв хэвшил эзэмшсэнээр ард түмэн. төр засагтаа хөдөмөр зүтгэлээ үнэлүүлж, Эрүүл мэндийн яамны жуух, Эрүүлийг хамгаалахын “тэргүүний ажилтан” цол, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одон, салбарын ойн медаль, аймаг сумын ойн медаль, Завхан аймгийн хүндэт иргэн, Монгол Улсын Хүний Гавьяат эмч зэрэг эрхэм хүндтэй шагналуудаар шагнуулсан. У.Оргил нь гавьяа шагнал авсан ч цаашид оюуны болон хөдөлмөрлөх хүслээ орхиогүй ажилласаар байна. Өндөр насны тэтгэвэртээ гарсанч төрсөн нутаг Ургамал сумандаа гэр бүлийнхээ хамт мод бут сөөг тарьж ургуулах их үйлст сэтгэл зүтгэлээ өгөн ажиллаж байна. У.Оргил нь залуу хойч үеээ сургамжлан зааж сурган ажил үйлсийг нь чиглүүлж байдаг. Охин О.Орхонтуул нь ээж, аавынхаа мэргэжилийг өвлөн авч хүний их эмч мэргэжил эзэмшин Зэвсэгт хүчний төв эмнэлэгт сэхээн амьдруулах яаралтай тусламжийн эмчийн ажил гүйцэтгэж ард олныхоо эрүүл мэнд, амь насны төлөө сэтгэл зүтгэлээрээ ажиллаж байна.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-01 344
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН БОРХҮҮГИЙН БАТБОЛД 1974 оны 2-р сарын 1-нд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн. Б.Батболд айлын есөн хүүхдийн дундахь нь бөгөөд аав Борхүү, ээж Дулам нар нь аймгийн аварга дуучин, тэргүүний уран сайханчид, ах дүүсээрээ дуулдаг бүгд авьяастнууд. Б.Батболд цэргийн албаа хааж ирээд Соёлын коллежийн дуу хөгжмийн ангид орж суралцаж байгаад, улмаар СУИС-д дэвшин суралцаж, 2001 онд СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн. 2001-2004 онд УДЭТ-ийн дуучнаар, 2004-2008 онд Төмөр замын дуу бүжгийн чуулгад дуучнаар, 2008 оноос уран бүтээлчдийн Очирваань уул холбооны дуучнаар ажиллаж байна. Олонтой явсан аав, Би монгол эр хүн, Хоёр маргаз, Алтан нөхөд, Ахын сэтгэл, Монгол хийморь зэрэг дуугаараа олонд танигдсан. Олонтой явсан аав дуугаараа Морин хуур наадмаас тэргүүн байрыг хүртсэн. Дуучин Уранмандахтай хамтарч “Дуун гэгээ” уран бүтээлийн тайлан тоглолт хийснээс хойш “Олонтой явсан аав минь”, “Би Монгол эр хүн” зэрэг бие даасан тоглолт хийсэн. МУГЖ Г.Батбаяр, төрсөн дүү дуучин Борхүүгийн Ганхуяг нартай хамтран “Монгол эрчүүд морьтойгоо” уран бүтээлийн хамтарсан тоглолтыг 21 аймаг, 336 сум даяар зохион байгуулсан. “ММ25” суваг телевизээс зохион байгуулдаг “XX зууны дуунууд” уралдааны тэргүүн байрын шагналтай. Эхнэр хүүхдүүд ахан дүүс гэр бүлээрээ урлагт хүч хөдөлмөрөө зориулсан дуучин Б.Батболд ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-10-30 216
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ДОКТОР ПРОФЕССОР ЖАМБЫН ЦЭВЭЭНЖАВ Завхан аймгийн Ургамал сумын Хульж багийн нутагт Дугуй дэрс гэдэг газар 1950 онд төрсөн. 1975 онд Эрхүүгийн техникийн их сургуулийг газрын тос, өрөмдлөгийн инженер мэргэжлээр төгсч ирээд МУИС, ШУТИС-д багш, тэнхимийн эрхлэгч, орлогч декан, декан, профессорын багийн ахлагч, зөвлөх багш зэрэг албыг өнөөг хүртэл тасралтгүй хашиж монголын 6000-аад инженер бэлтгэн гаргахад биечлэн оролцож, 10 доктор, 60 магистр, 200 гаруй баклаврын ажлыг удирдаж амжилттай хамгаалуулж, 60-аад ном сурах бичиг, 400-аад эрдэм шинжилгээний өгүүлэл зэрэг нийтдээ 900-аад боловсрол шинжлэх ухаан танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгосон. Ж.Цэвээнжав багш 1985 онд Москвад ОХУ-ын Нефть байгалийн хийн академи дээр “Фторын ордын цооногийн хананы тогтворжилтыг сайжруулахын тулд ашиглах зайлах шингэний оптималь нөхцлийг тодорхойлох нь” сэдвээр судалгаа хийн техникийн ухааны докторын зэрэг хамгаалж, 1991 онд дэд профессор, 2000 онд профессор, 2016 онд Хүндэт профессор цол хүртсэн. Мэргэжлээрээ улсад тавиад жил тасралтгүй хөдөлмөрлөж байгаа ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн тэргүүлэх профессор, доктор Ж.Цэвээнжав гавьяат маань төрөлх сургуульдаа тэргүүлэх профессор зөвлөх багшаар ажиллахын зэрэгцээ Монголын Өрөмдлөгийн холбоо, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирлын албыг давхар хашдаг. Олон улсын газрын тосны инженерийн нийгэмлэгийн гишүүн. Ж.Цэвээнжав доктор Монгол Улсын Геологийн тэргүүний ажилтан цолыг 1991 онд, Боловсролын тэргүүний ажилтан цол 1994 онд, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол 1999 онд, Газрын тосны тэргүүний ажилтан цол 2006 онд, 2010 онд Уул уурхайн тэргүүний ажилтан, мөн Усны аж ахуйн тэргүүний ажилтан, ХАА тэргүүний ажилтан зэрэг долоон салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг тус тус хүртсэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон болон гадаад дотоодын бусад одон медалиар шагнагдсан ба ардын хувьсгалын 100 жилийн ойн жил шинэ оны босгон дээр Монгол улсын Гавьяат багш хэмээх эрхэм дээд цол хэргэм хүртсэн. Ж.Цэвээнжав багш 1970 онд Яруу сумын харъяат Санжжавын Дашжаргалтай гэр бүл болж хоёр хүү төрүүлж өсгөсөн ба тэд Монголдоо нэр хүндтэй Говь Хангай мебелийн компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байна. Ж.Цэвээнжав багшийн аав Дашнямын Жамба нь 1924 онд төрсөн, 1939-1945 онд цэргийн алба хааж, Халхын голын байлдаанд оролцож, 1945 онд “Бид ялав”, 1946 онд ЗСБНХУ-ын “За победу над Японией” медалиар шагнагдсан, сумын аварга үхэрчин. Цэргээс ирээд Шаравын Бүжээвалтай ханилан сууж Бат-Очир, Цэвээнжав гээд хоёр хүү төрүүлж өсгөсөн. Жамбын том хүү Бат-Очир Ургамал сумын Хульжийн голд төрсөн, ОХУ-ын нийслэл Москва хот дахь Эрчим хүчний их сургуулийг Өндөр хүчдэлийн шугам, кабелийн техник мэргэжлээр дүүргэсэн. Ж.Бат-Очир инженер Эрдэнэт-Булган-Хархорин, Хишиг-Өндөр-Хархорин, Гурванбулаг- Сансар, Хар-Айраг-Сайншанд, Улаангом-Өмнөговийн 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг шинээр барих, Улаангом-Сагил, Улаанбаатар- Эрдэнэтийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын угсралт, засварын ажлыг зохион байгуулж, «Туул», «Налайх», «Мөрөн», «Эрдэнэт», «Чойр», «Улаанбаатар», «Зайсан» зэрэг 110-220 кВт-ын дэд станцуудын өргөтгөл, шинэчлэлтийн зураг төсөл биечлэн хийсэн, Монгол Улсын эрчим хүчний тэргүүний ажилтан, зөвлөх инженер, ТЭХҮЯ, ТБЦДС ТӨХК, ЭХБУТ ХХК-ийн хүндэт дэвтэрт нэрийг нь алдаршуулсан Монгол Улсын Эрчим хүчний шилдэг 100 инженерийн нэг. Ж.Бат-Очир инженер нутгийн бүсгүй С.Буянхишигтэй гэр бүл болж дөрвөн хүү нэг охин төрүүлж өсгөсөн

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-10-30 266
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ДОТООД АУДИТЫН АЛБАНЫ ДАРГА ЯДАМСҮРЭНГИЙН БАТТОГТОХ Ядамсүрэн ах 1956 онд Ургамал сумын анхны нэгдлүүдийн нэг болох “Хөдөлмөр” нэгдлийг байгуулахад мал хөрөнгөө нийлүүлж, нэгдлийн ууган гишүүдийн нэг болж, нэгдлийн үйлдвэр бригадад мужаан хийж эхэлсэн. Тухайн үедээ үйлдвэр бригад нь сум нэгдлийн бүхий л аж ахуйн ажлыг нугалж сумын төвийг шинээр цогцлон байгуулж байсан. Социализмын ид бүтээн байгуулалтын он жилүүдэд буюу 1956-1978 онд Ядамсүрэн ах нэгдлийн үйлдвэр бригадад мужаан хийж, малын хашаа саравч барих, худаг ус гаргах, сумын төвийн захиргаа, клуб улаан булан, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, худалдаа бэлтгэл, дэлгүүр хоршооны барилга байшин барих зэрэг сум нэгдлийн бүтээн байгуулалтын гол ажлыг нугалахад гар бие идэвхийлэн оролцсон төдийгүй төрөлх Ургамал сумынхаа 90 жилийн ойгоор буюу 2014 онд Ядамсүрэн ах 90 гаран настайдаа нутаг усандаа үр хүүхдүүд ураг төрлөөрөө хүрэлцэн ирж, “Суваргат тахилын сүм, хүрдний цогцолбор”-ыг цогцлоон байгуулсан. Сайн хүмүүсийн үр сад сайн явах нь гарцаагүй гэдгийг Ах Энхээлэйн удам, Ядамсүрэн ахын үр хүүхдүүд, түүний дотор дүүрэг нийслэл яам тамгын газарт төрийн аудит санхүү эдийн засгаар тасралтгүй 40 гаран жил мэргэжин ажиллаж буй Баттогтох ахын ажил үйлс амжилт бүтээл харуулж байна.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-10-30 238
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ ДОМБОЖАВЫН СҮХЭЭ Ургамал сумын нутаг Сайрын өвөр гэдэг газарт 1946 оны 12 дугаар сард төрсөн. 1954-1958 онд Ургамал сумын бага сургууль, 1958-1964 онд Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургууль, 1964-1969 онд Анагаах Ухааны Дээд Сургуульд суралцан дүүргэж “Хүний их эмч” мэргэжил эзэмшсэн. Анагаах ухааны магистр, кпиникийн профессор, зөвлөх зэрэгтэй хүний их эмч. Гавьяат эмч Д.Сүхээ эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах салбарт 40 гаруй жил эмч, 20 гаруй жил нь багшаар ажиллах хугацаандаа 100 гаруй мянган эмэгтэйг үзэж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсний зэрэгцээ 500 орчим эмч мэргэжилтэнг бэлтгэхэд нарийн мэргэжпийн чиглэлээр сургалт явуулж, 250 гаруй эх-барих эмэгтэйчүүдийн эмчийг эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл судлалаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж сургасан. Төр засгаас Д.Сүхээ эмчийн хөдөлмөр бүтээлийг үнэлж “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Аптан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Монгол Улсын Хүний Гавьяат эмч” цолоор тус тус шагнасан. 2014 онд буюу Ургамал сумын 90 жилийн ойгоор Хүний гавьяат эмч, ЭМШУИС-ийн багш Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх Д.Сүхээ тэргүүтэй Ургамал сумаас гаралтай төрөлжсөн эмч нарын 18 хүний бүрэлдхүүнтэй мэргэжлийн эмч нарын баг долоо хоног сумын иргэд, таван багийн малчдыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй бүрэн хамруулж давхардсан болон дундаж тоогоор 960 хүнийг үзэж малчид, иргэдээ эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт оруулж өвчлөлийн нарийвчилсан судалгаа гаргасан. Алс холоос төрж өссөн уугуул нутгаа зорьж ирэн нутгийн олон түмэндээ эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн эмч нарын баг бүрэлдэхүүнд: • Эх барих эмэгтэйчүүдийн зөвпөх, гавьяат эмч, ЭМШУИС-ийн багш Д.Сүхээ • Завхан аймгийн мэс заслын зөвлөх, гавьяат эмч У.Оргил • “Талимаа” эмнэлгийн ерөнхий захирал, Нүдний тэргүүлэх зэргийн эмч клинникийн профессор Д.Янжиндулам, • Тархины судас эмнэлгийн ерөнхий захирал, мэдрэлийн мэс засалч, компьютер-МКА болон монголын АУ ба зүү төөнө заслын их эмч , АУ магистр, клинникийн профессор, ШУТИС-ийн докторант Л.Дашцэрэн • Эрдэнэт хотын «Эмаль» шүдний эмнэлгийн ерөнхий захирал АУ магистр, клинникийн профессор Оюунцэцэг • Дотрын эмч, АУ магистр Ц.Оюунхишиг • Чих, хамар хоолойн тэргүүлэх зэргийн эмч, профессор П.Оюунчимэг • Улалмжпалт АУ-ны эмч, АУ магистр А.Нансалмаа • Нэгдүгээр төрөх эмнэлгийн эмэгтэйчүүдийн “ЭХО”-ны эмч Оюунбат нар багтсан.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-10-30 261
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ДОКТОР ПРОФЕССОР НАРАНТАЙЖ ОВГИЙН ДАВААГИЙН ЗОРИГТБААТАР 1968 онд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн. 1994 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Мөн МУИС-ийг 2004 эдийн засагч нягтлан бодогч, Удирдлагын академийг 2007 онд төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн. Д.Зоригтбаатар нь 2008 онд “Салимоны дархлаа эрчимжүүлэх үйлдлийн механизмыг тодруулах асуудалд” сэдвээр Анагаах ухааны магистрын зэрэг , 2011 онд “Отгонтэнгэрийн рашаан эмчилгээний идэвхийн туршилт-эмнэлзүйн судалгаа сэдвээр” Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Монгол Улсад Анагаах ухааны мэргэжлээр 1300 гаруй дипломын болон бакалавр бэлтгэхэд оролцож, долоон магистр, гурван докторын ажлыг удирдаж хамгаалуулсан. Д.Зоригтбаатар эмч эмнэлгийн зурхай (1994), Цагаан тан (1993), Эмийн амт чадал эрдэмийн мөн чанарыг тайлбарлах асуудалд (1995), Өмхий тонголдооны эмчилгээний чанар (1996), Уламжлалт анагаах ухааны эм тангийн номхотголын зарим арга (1997), Эрүүл мэндийн байгууллагуудын хувьчлал (2004), Байгууллагын хөгжлийн стратеги (2007), Отгонтэнгэрийн рашаан эмчилгээний идэвхийг элэг, цөс, бөөр, үений үрэвсэл, ходоод гэдэсний замын зарим эмгэгийн үед судалсан дүн, рашааны антирадикаль, антиоксидант идэвхийг судалсан дүн зэрэг сэдвээр гадаадад найм, дотоодод 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн. Д.Зоригтбаатар эмч ажил хөдөлмөрийн гараагаа 1994 онд ЭМЯ-ны харъяа Ардын эмнэлгийн хүрээлэнд эмч, эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлж, 1995-1999 онд ДЭМБ- ын гэрээгээр Польш улсад эмчээр, 1999-2001 онд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээний тасгийн эрхлэгч, 2001-2004 онд Завхан аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн захирал, 2004-2006 онд Ургамал сумын Засаг даргаар, 2006-2012 онд Завхан аймгийн Отгонтэнгэр рашаан сувилал, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн төвийн захирлаар ажилласан. Улмаар Д.Зоригтбаатар эмч 2012 оноос Дархан Уул аймаг дахь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн захирлаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэн. Д.Зоригтбаатар гавьяатын аав Нарантайж овгийн Халтуузын Даваа нь 1943 онд Завхан аймгийн Ургамал сумын “Бор толгой” гэдэг газар Б.Халтууз Андиагийн том хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, 1951 онд Завхан аймгийн Ургамал сумын бага сургуульд элсэн суралцаж, 1959 онд Улиастай сумын дунд сургуульд элсэн 1961 онд 10 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1961-1965 онд Улаанбаатар хотод одоогийн МУИС-ийн ЭЗДС-д суралцаж эдийн засагч- нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн. 1965-1967 онд Завхан аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, 1967-1969 онд аймгийн ҮЭ-ийн хороонд зохион зааварлагч, хэлтсийн дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байсан тухайн үеийн манай нутгийн өндөр боловсрол, мэргэжилтэй цөөхөн сэхээтний нэг. Д.Зоригтбаатар гавьяатын өвөө аав Нарантайж овгийн Халтууз Андиа 1919 онд Тосгуур багийн “Шавгийн овоо” гэдэг газар төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, 10 настайгаасаа Ургамал сумын «Шавгийн булан»- гийн “ гэр дацанд шавилан суралцаж төвд, уйгаржин монгол бичгийн боловсрол эзэмшин дацандаа човонбо, голч лам зэрэг ажлыг хийж байжээ. 1950 оноос Ургамал сумын Тосгуур багийн дарга, тоо бүртгэгч, “Коммунизмын туяа” нэгдэлд адуучин, хоньчин зэрэг ажлыг нэр төртэй хийж сум нэгдлийн аварга малчнаар удаа дараа шалгарч байв. Халтууз Андиагийн чагтан, хурдан хээр, цагаан нуруут хурдан хул, өндөр хээр зэрэг хурдан хүлгүүд 1940-1980-аад онд аймаг, сумдын наадамд хурдалж 50 орчим айраг, түрүү авч байжээ. Халтууз Андиа хурдан морь шинжлэн таних, уяа сойлгыг нь тааруулахдаа гарамгай алдарт морь шинжээч, уяач хүн байсан бөгөөд миний бие хурдны морь унан Халтууз Андиагийн хурдан хул морины тоосонд олон жил сумын наадамд дарагдаж билээ. Халтууз Андиагийн аав Балган тайж, Балган тайжийн аав 1850-аад онд төрсөн Наран тайжийн хүү Аюушжав тайж байжээ. Наран тайж нь одоогоос 200-аад жилийн өмнө төрсөн, Нарт Буурал Дааган дэл Бүрчигтэй Хүнгүй гол Шавгийн овоо Сарт хайрхан Сайхан Намгийн сайраар нутагтай, Алаг адуутан овгийн отог захирагч тайж хүн байсан тул түүний шууд удмын Н.Аюушжав тайж, А.Балган тайж, Б.Чулуунбаатар тайж нар үе залгамжлан отог бүлэг захирагч, тайж язгууртанууд байсан бөгөөд тэд удмаараа Тосгуурын Шавгийн овоог үе уламжлан тахиж иржээ. Халтууз Андиагийн том ах буюу Балган тайжийн ууган хүү Чулуунбаатар нь 1920-иод оны үед отог бүлгийн захирагч байсан бөгөөд тэрээр хонины бор, хотгор улаан, хурдан хээр, шарваа хээр зэрэг хурдан хүлгүүдтэй байжээ. Наран тайж нь “Наран хээр” хэмээх хошуу даншигт гүйцэгдэггүй хурдан хүлэгтэй байсан гэдэг бөгөөд түүний удмаас аварга тэмээчин Чулуунбаатарын Баасанжав, Мянгат малчин Чулуунбаатарын Ванганжалам, Техникийн ухааны доктор Ванганжаламын Алимаа, санхүү банкны тэргүүний ажилтан Чулуунбаатарын Нүрзэд, Баасанжавын Наран, Баасанжавын Юнжмаа, Ванганжаламын Баяраа, Ванганжаламын Даваажаргал, эмнэг сургалтын спортын мастер, аварга адуучин Д.Сүхбаатар нарын нэр хүндтэй хөдөлмөрч хүмүүс төрөн гарсан. Тухайлбал, адуучин Д.Сүхбаатар ахын хүүхдүүд болох аймаг сумын алдарт уяач Сүхбаатарын Баярмагнай, Сүхбаатарын Батсайхан нар олон жил нутагтаа мал маллан эцэг өвгөдийнхөө ариун голомт, алдар нэрийг өндөрт өргөж яваа бөгөөд Сүхбаатарын Баярмагнай 2023 оны цагаан сараар Монгол Улсын Аварга малчин хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-10-30 235
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ДОКТОР ПРОФЕССОР АЛАГ АДУУН ОВОГТ ХУУШААНЫ БААВГАЙ 1962 онд Завхан аймгийн Ургамал суманд Баян-Улаан багийн нутагт “Дулаан Хар” гэдэг газар малчин ард Хуушааны зургадугаар хүү болон төрсөн. Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрүүлсэн. 1970 онд Ургамал сумын бага сургуульд элсэн орж, 1980 онд Завхан аймгийн Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн нэгдүгээр сургууль, 1984 онд УБДС-ийг төгсч, багш мэргэжлээрээ 40 жил ажиллаж байна. Х.Баавгай багш 1984 оноос Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд бүлгийн удирдагч, арга зүйч, ахлах удирдагч зэрэг ажлыг хийж байгаад 1990 онд Монголын Хүүхдийн байгууллагын төв зөвлөлд зохион байгуулагчаар дэвшин ажилласан. 1991-1996 он хүртэл Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харъяа хүүхдийн “Итгэл” төвд захирлын алба хашиж байсан. 1996-2005 он хүртэл Монголын Скаутын холбоонд Үндэсний нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд удирдагч, Ерөнхий удирдагч, Ерөнхийлөгч зэрэг сонгуульт үүргийг гүйцэтгэж байсан. 2005-2012 онд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг, Хүүхдийн төлөө үндэсний газарт мэргэжилтэн, 2012 оноос тус агентлагийн Хүүхэд, гэр бүлийн хөгжпийн газрын дарга, 2014 оны тавдугаар сараас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хэлтсийн даргаар ажилласан. X. Баавгай багш хүүхдийн байгууллагад ажилласан 30 шахам жилийн туршлага, ажлынхаа үр дүнд үндэслэн “Скаутын боловсролын тогтолцоог боловсронгуй болгох онол, арга зүйн үндсэн асуудал” сэдвээр докторын зэрэг хамгаалж, хүүхдийн байгууллагын төдийгүй Монгол улсын албан бус боловсролын тогтолцооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. X. Баавгай багшийн ажлын амжилт, үр дүнг төр засгаас үнэлж, дараах шагналуудаар шагнасан байна. Үүнд: 1. Монгол Улсын Засгийн газрын хүндэт жуух 2000 он 2. Монгол Улсын Засгийн газрын шагнал “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан” 2005 он 3. Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль 2005 он 4. Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” 2007 он 5. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль 2006 он 6. “Ардын хувьсгал-90” медаль 2011 он 7. Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон 2012 он 8. Монгол Улсын Гавьяат багш 2021 он. X. Баавгай гавьяат багш “Дэмбээнд сайн уу хө”, “Домгийн цомог”, “Скаутын хөдөлгөөн”, “Хөгжлийг хөтлөхүй” зэрэг 20 орчим ном, 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл бичин нийтлүүлж, хүүхдэд зориулсан 10 гаруй дуу шүлэг, дуулалт жүжгийн зохиол туурвисан. Одоо Гавьяат багш Х.Баавгай Хүүхдийн төлөөх Олон улсын байгууллагад зөвлөхөөр ажиллаж байна.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-10-30 232
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН, АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮН, АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР БУНЬЖАВЫН ОРГИЛ ЭМЧ 1944 онд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 1967 онд Анагаахын дээд сургуулийг Сүхбаатарын нэрэмжит цалинтай Улаан дипломтой төгссөн. 1967-1976 онд Улсын нэгдсэн 2-р тусгай эмнэлэгт дотрын эмч, тасгийн эрхлэгч, 1979-1991 онд Улсын нэгдсэн тусгай 2-р эмнэлэгт Улс төрийн товчооны тусгай үйлчилгээний группын ахлагч бөгөөд зөвлөх эмч, ерөнхий эмч, эмнэлгийн дарга, 1991-1998 онуудад Эрүүл мэндийн яаманд Эмнэлгийн тусламжийн бодлогын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн тусламжийн газрын ерөнхий захирал, 1998-2003 онд Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-1 төслийн Өрхийн эмчийн асуудал хариуцсан зөвлөх, 2003-2004 онд Ачтан элит эмнэлгийн ерөнхий эмч, 2004 оноос АЧ Анагаах Ухааны Их Сургуульд багш, Өрхийн анагаах ухаан, менежментийн тэнхимийн эрхлэгч, Боловсрол эрхэлсэн дэд захирлаар ажилласан. 1972 онд 3 сарын хугацаагаар Москвад Кунцево эмнэлэгт 3 сар Дотрын эмчийн дадлага хийсэн. 1976-1979 онд ЗХУ-ын Ленинград хотын Академич И.П.Павловын нэрэмжит Анагаах Ухааны 1-р дээд сургуульд Аспирантурт суралцаж төгссөн ба “Общая протеолитическая активность и содержание антипротеиназ в плазме крови у больных вирусным гепатитом” сэдвээр Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан.1986-1987 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар Эрүүлийг хамгаалахын зохион байгуулагчдын олон улсын дээд курст суралцаж төгссөн ба “К усовершенствованию организации работы Станции скорой медицинской помощи г.Улан-Батора” сэдвээр курсын ажил хийж, Нийгмийн эрүүл мэндийн магистрын зэрэг хамгаалсан. Олон жилийн судалгааны ажлын дүнд тулгуурлан, 2003 онд “Монгол дахь өрхийн анагаах ухааны төлөвшлийн онцлог ба хэтийн төлөв” сэдэвт диссертаци бичиж Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 2-р нэгдсэн тусгай эмнэлэгт ажилласан нийт хугацаандаа давхардсан тоогоор 8000 өвчтөнийг больницын нөхцөлд эмчилсэн ба 40000 гаруй хүнд амбулаторийн үзлэг оношлогоо эмчилгээ хийж зөвлөгөө өгсөн. Эрүүл мэндийн яам ба Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-1 төсөл дээр ажиллах хугацаандаа Нийслэлийн нийт дүүрэг ба 21 аймгийн төв 180 гаруй суманд очиж эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж зөвлөгөө зааварчилгаа өгч байсан ба шинээр 234 өрхийн эмнэлэг байгуулах үйл ажиллагаанд гар биеэр оролцсон. Ач Анагаах ухааны дээд сургуульд ажиллах хугацаандаа “Өрхийн анагаах ухаан”, “Нийгмийн эрүүл мэнд судлал”, “Клиникийн фармакологи” хичээлийг зааж ирсэн ба сургуулийн сургалт эрдэм шинжилгээний болон бусад ажилд тасралтгүй оролцож ирсэн.Үндсэн ажлын зэрэгцээгээр Б.Оргил эмч дараах эрдэм судлалын ажил хийж бүтээлүүдийг олны хүртээл болгосон. Үүнд: 1. Диссертаци, түүний хураангуй, курсын ажил болон судалгааны тайлан – 30 2. Бичиж, хэвлүүлсэн ном товхимол – 50 3. Бичиж, нийтлүүлсэн эрдэм шинжилгээний болон мэргэжлийн холбогдолтой өгүүлэл-150 4. Дотоод, гадаадын эрдэм-шинжилгээий болон бусад хурал, зөвлөлгөөн, семинарт тавьсан илтгэл-130 5. Бусдын судалгааны бүтээлтэй холбогдуулан бичсэн шүүмж, санал, дүгнэлт -40 6. Орчуулгын бүтээл-30 7. Хянан тохиолдуулсан номын жагсаалт-70 8. Анагаахын сургуулийн оюутан, эмч нарт зориулан “Нийгмийн эрүүл мэнд”-29, “Өрхийн анагаах ухаан”-19, “Клиникийн фармакологи”-21, Бусад асуудал-14 буюу 90 сэдвээр нийт 250 гаруй цагийн лекц бэлтгэсэн. 9. Нийтэд зориулсан өгүүлэл, лекц, зөвлөмж ба дурсамж – 80 10. Дангаар болон бусадтай хамтран боловсруулж, Монгол улсын эрүүлийг хамгаалах, анагаахын боловсролын практикт нэвтрүүлсэн зүйл – 70 11. Шинэ бүтээл, оновчтой саналын патент 5 12. Зохиогчийн эрхийн патент 8 13. 20 судалгааны ажлыг удирдаж, хамгаалуулсан ба 15 судалгааны ажилд албан ёсны шүүмжлэгчээр ажилласан. Түүнчлэн орос, англи, испани, болгари хэл дээр Австрали, Болгари, Грузин, Куба, Латви, Оросын Холбооны Улс, Сингапур, Украин, Филиппин, Чехословаки, Энэтхэг, Япони улсад нийтдээ 48 бүтээлээ нийтлүүлсэн ба АНУ, Англи, Бирма, Индонези, Казахстан, Куба, Литва, ОХУ, Таиланди, Украин, Чехословаки, Энэтхэг, Японид болсон олон улсын эрдэм шинжилгээний болон бусад хурал зөвлөлгөөнд биечлэн илтгэл тавьж, хэлэлцүүлсэн. Б.Оргил эмч Эмийн хордлого, Эмийн жорын лавлах, Өрхийн анагаах ухаан, Эмнэлгийн тусламж: өчигдөр, өнөөдөр, маргааш, Эмнэлзүйн эм судлал ба эмэн эмчилгээ, Эмнэлзүйн анагаах ухааны нийтлэг нэр томъёоны латин-англи-орос-монгол товч толь, Нэн чухал эмийн товч лавлах, Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн лавлах, Өрхийн сувилагчийн тусламж, үйлчилгээ, Эрүүл мэндийн анхан шатны тусламж, Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, Нийгмийн эрүүл мэнд судлал, Эрүүл энхийн сувдан сондор, Антибиотикийн зохистой хэрэглээ зэрэг тавь гаруй ном тохимол гарын авлага сурах бичиг зохиож хэвлэн нийтлүүлсэн. Гавьяат эмч Б.Оргилын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 1971 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хорооны “Тэргүүний ажилчин залуу” алтан медаль, 1976 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 1981 онд “Алтан гадас” одон, 1984 онд “Эмнэлгийн сайчуул” цол тэмдэг, 1986 онд “Эрүүлийг хамгааллын хүндэт жуух”, 1990 онд “Засгийн газрын хүндэт жуух”, 2010 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2014 онд “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолоор тус тус шагнасан.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-10-30 186
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ДОНДОВЫН ДЭЛГЭРМАА 1963 онд Завхан аймгийн Ургамал сумын Нуур Зөөхий багийн нутагт төрсөн. Д.Дэлгэрмаа багш боловсролын байгууллагад дөчөөд жил химийн багш, сургалтын менежер, цогцолбор сургуулийн захирлын албанд амжилттай ажиллаж, Ардын боловсролын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан. Д.Дэлгэрмаа багш аймаг, бүс, улсын химийн олимпиадад тогтмол амжилтай оролцохдоо өөрөө болон шавь нар нь олон удаа 1-3-р байр эзлэж байсан бөгөөд Орхон аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургууль “Улсын тэргүүний сургууль”-иар удаа дараа шалгарахад тэрээр нилээдгүй хувь нэмэр оруулсан. Д.Дэлгэрмаа багш Орхон аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн шинэ жилээр “Монгол улсын гавьяат багш” цол хүртсэн. Д.Дэлгэрмаа гавьяат багшийн аав ээж 1956 онд гэр бүл болж, есөн хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд тэд 1959 онд Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдэлд гишүүнээр элсэн, 35 жил нэгдлийн мал маллахдаа сумын хөдөлмөрийн аваргаар 23 удаа, аймгийн аварга, сайн малчнаар гурван удаа шалгарч, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнуулсан манай сумын тэргүүний ахмад малчид юм. Б.Дондов гуайн хүүхдүүд бүгдээрээ аав ээжийнхээ ажилсаг хөдөлмөрч үйлсийг өвлөн, хаана яваа газраа хариуцсан ажилдаа шилдэг нь байсаар байна. Тухайлбал, төрөлх нутагтаа мал маллаж буй Б.Дондов гуайн хүү Д.Батсайхан, Д.Мөнхсүлд нар сумын мянгат малчин, аймгийн аварга малчид, охин Д.Лхам нь сумын гурван удаагийн аварга малчин, хүү Д.Батмөнх нь аймгийн заан цолтой бөгөөд охин Д.Дэлгэрмаа нь ийнхүү Монгол Улсын гавьяат багш боллоо.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-10-30 235
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН НЭВТРҮҮЛЭГЧ ЖАМЪЯНДОРЖИЙН БЯМБАА Ургамал сумын Баян-Улаан багийн нутагт 1956 оны аравдугаар сарын 16-нд төрсөн. 1966 онд эцэг эхийн хамт Улаанбаатар хотод шилжин ирж Нийслэлийн 21 дүгээр дунд сургууль болон ХААДС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1977 оноос Монголын радио телевизийн улсын хороонд нэвтрүүлэгчээр ажиллаж Монголын үндэсний олон нийтийн телевизэд 40-өөд жил нэвтрүүлэгч хийсэн тэрээр 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг хүртсэн. Ж.Бямбаа гавьяат Монголын үндэсний олон нийтийн телевизэд ажиллах хугацаандаа Ардын хувьсгалын ойн баяр наадмын шууд нэвтрүүлгийг жил бүр, “Болор цом” яруу найргийн наадмыг 24 жил, тэмдэглэлт үйл явдлуудын баярын нэвтрүүлэг, алдар, гавьяат хүмүүсийн 90 гаруй хөрөг найрууллыг дагнан уншиж, хөтөлсөн бөгөөд тэдгээрийн 40 хувь нь МҮОНТ-ийн алтан фондод хадгалагдаж байна. Ж.Бямбаа гавьяат 2001- 2003 онд Монголын шилдэг яруу найрагчдын шүлэг, найраглалаас бүрдсэн “Уянгын гурван дуулал” бие даасан уран бүтээл тоглолтыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн үзэгчдэд хүргэсэн бөгөөд “Нэг л дотно” цомог хэвлүүлсэн. Ж.Бямбаа гавьяатын авьяас, хөдөлмөрийг төрөөс өндрөөр үнэлж 1988 онд “Радио телевизийн тэргүүний ажилтан”, “1994 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан, 1997 онд Алтан гадас одонгоор шагнасан.
khural.mn

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-10-30 290
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ДОКТОР ПРОФЕССОР ДОРЛИГЖАВЫН БАТЖАРГАЛ 1963 онд А.Дорлигжав, И.Циенпил нарын отгон хүү болон Ургамал суманд төрсөн. 1987 онд ОХУ-ын Ростовын их сургууль, 1998 онд Нидерландын Маастрихтийн Бизнесийн их сургууль, 2008 онд Киргизстаны эдийн засгийн их сургууль төгсч докторын зэрэг хамгаалсан. 1991-1996 онуудад МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийн Дэд захирал, 1996-1999 онуудад Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн Ерөнхийлөгч, 1999-2000 онуудад Үндэсний татварын ерөнхий газрын Ерөнхий захирал, 2000-2004 онуудад СЭЗДС-ийн захирал, 2001-2007 онуудад Удирдагын хөгжлийн байгууллагуудын консорциумын гүйцэтгэх захирал, 2007 оноос Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн захирал, Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн ТУЗ-ийн дарга, СЭЗИС-ийн Хамтын ажиллагаа, бизнес хөгжлийн хүрээлэнгийн захирал /ХАБХХ/-ийн захирлаар ажиллаж байна. Монгол Улсын Гавьяат багш хэмээх эрхэм хүндэт алдрыг 2012 онд хүртсэн. Гавьяат багш Д.Батжаргал сүүлийн жилүүдэд СЭЗИС-д блокчейнээр баталгаажсан чадамжид суурилсан виртуал сургалтын хөтөлбөрийг Монголд анх удаагаа амжилттай хэрэгжүүлж байна. Д.Батжаргал багш сургалт боловсролын их ажлынхаа хажуугаар 2000 оноос хойш жил бүр төрсөн нутаг Ургамал сумандаа очиж Голын улааны рашаан усаа түшиглэн эко аялал жуулчлалыг бас амжилттай хөгжүүлж байна. Гавьяат багш эдийн засагч доктор профессор Дорлигжавын Батжаргал Монгол Улсын санхүү эдийн засаг мөнгөний бодлогын мэргэжсэн зөвлөх.
khural.mn

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-10-23 274
ЗАВХАН УРГАМАЛ СУМЫН 100 ЖИЛД: МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, ДОКТОР, ПРОФЕССОР МИНЖХҮНГИЙ ОВГИЙН МИНЖҮҮРИЙН ДҮГЭРСҮРЭН 1932 оны 3-р сарын 19-нд Завхан аймгийн Ургамал сумын Баян-Улааны тавдугаар багийн нутагт төрсөн. М.Дүгэрсүрэн багш бич жилтэй, манай Ургамал сумын бага сургуулийн анхны сурагчдын нэг, Завханы Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуулийн 1953 оны анхны төгсөгчдийн нэг. М.Дүгэрсүрэн багш 1957 онд Монгол Улсын Их Сургуулийн тоо-физикийн ангийг тоо-физикийн багш мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуульд тоо-физикийн багшаар хуваарилагдан хоёр жил багшлаад 1959 оны есдүгээр сард МАХН-ын Төв хорооны шийдвэрээр МУИС-д физикийн багшаар томилогджээ. 1963 оноос Их сургуулийн физикийн тэнхимд, 1969 оноос Политехникийн дээд сургууль (одоогийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль) байгуулагдахад физикийн багшаар 1990 он хүртэл ажилласан. М.Дүгэрсүрэн багш ТИС-иас Дарханы салбар сургууль байгуулагдахад шилжин арваад жил тэнд багшлах хугацаандаа туршилт, судалгааны ажлуудаа эрчимтэй үргэлжлүүлж 2000 онд “Инженерийн ангийн оюутны бие даасан үйл ажиллагааг физикийн сургалтын явцад идэвхижүүлэх нь ” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны боловсролын докторын зэрэг хамгаалсан. М.Дүгэрсүрэн багш боловсролын салбар Их дээд сургуульд тасралтгүй 60 гаран жил багшилж, 2011 онд “Монгол Улсын Гавьяат багш” цол хүртсэн ба мөн Ардын хувьсгалын ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль /1981 он/, Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн Одон /2000 он/, Боловсролын байгууллагын 80 жилийн ойн медаль /2001 он/-иар шагнагдсан. М.Дүгэрсүрэн багш 1994 онд ШУТИС-ийн дэд профессор, 1997 онд хүндэт профессор цолоор, 1998 онд ШУТИС-д багшлах 001 ноймрын багшлах тусгай эрхээр өргөмжлөгдсөн. М.Дүгэрсүрэн багш 1961 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын малчин ард Балдангийн Сумидтай ханилан сууж таван хүүхэд төрүүлж өсгөсөн. М.Дүгэрсүрэн багшийн аав Минжүүр гуай 1903 онд Ургамал сумын Баян-Улаан багийн нутагт Дуламжавын 2-р хүү болон төрж, 22 настайдаа нутгийн бүсгүй Бүзхүүтэй ханилан сууж Жүгний, Дүгэрсүрэн, Ролинжав/Дойлоохүү Дойдоогийн гэргий/, Норов, Цэрэндулам нарын таван хүүхэд төрүүлж өсгөжээ. М.Дүгэрсүрэн багшийн аав Минжүүр гуай дуу цөөнтэй, их хөдөлмөрч, сур сайхан элдэж хазаар ногт чөдөр сайхан зангидаж, олом жирэм сайн сүлждэг төдийгүй гэрийн мод сайхан хийдэг, нимгэн төмрөөр зуух яндан сайн хийдэг уран дархан мужаан хүн байжээ. Минжүүр гуай дэлхийн 2-р дайнд Зөвлөлтийн Улаан Армид 235 төгрөг хандивлаж байсан бөгөөд тухайн үед эр хонь 10 төгрөг байсан гэхээр их мөнгө хандивлаж байжээ. Минжүүрийн ууган хүү Жүгний 1930 онд төрсөн хонь жилтэй анх Рэнжин гэдэг нэртэй байсан ч нэрээ сольж хожим нь Жүгний нэртэй болжээ. Жүгний нь 1940 оны Ургамал сумын бага сургуулийн анхны сурагчдын нэг бөгөөд аймгийн төвд 7 жилийн дунд сургуульд сурч байгаад нутагтаа эргэн ирж Ургамалын бага сургуульд хэдэн жил багшилж байгаад цэрэгт мордон албаа дуусгаад Сэлэнгэ аймагт хэсгийн төлөөлөгчөөр томилогдон хоёр жил тэнд ажилласан. 1955 оноос Монголын радио хороонд ажиллаж байгаад Москвагийн их сургуульд суралцаж төгсөн сурвалжлагч мэргэжил эзэмшиж тэтгэвэрт гартлаа мэргэжлээрээ Монголын радиод болон Москвагийн радиод 40 гаран жил ажиллажээ. Минжүүрийн хоёрдахь хүү нь Монгол Улсын Гавьяат багш доктор профессор Дүгэрсүрэн гуай бол Минжүүрийн гуравдахь хүүхэд нь Дойлоохүү Дойдоогийн гэргий Ролинжав эгч бөгөөд тэрээр 1937 онд төрсөн үхэр жилтэй, 1958 онд нэг нутгийн Дойлоохүү Дойдоотой гэр бүл болж Хүрэлбаатар Байгаль Бурмаа Болормаа Баярмаа Ганбаатар Батаа гээд долоон хүүхэд төрүүлж өсгөсөн ба хүүхдүүд нь эдийн засагч, малын эмч, багш зэрэг мэргэжил эзэмшин бүгдээрээ л аав ээжийнхээ нэрийг өндөрт өргөж явна. Ролинжав эгч үйлэнд уран үгэнд цэцэн цайлган цагаан сэтгэлтэй ардын богино дуунуудыг эвлэгхэн дуулчихдаг царайлаг сайхан монгол эмэгтэй байж билээ. Минжүүрийн дөрөвдэхь хүүхэд нь Худалдааны техникум Худалдаа үйлдвэрийн дээд сургуульд тасралтгүй 40 жил ажилласан ахмад багш Норов гуай бөгөөд тэрээр 1939 онд Баян-Улаан багийн нутагт төрсөн, сум аймгийн бага дунд сургууль, УБИС-ийн түүх газарзүйн ангийг ОНЦ төгссөн, Ардын боловсролын болон Худалдааны тэргүүний ажилтан. Минжүүр гуайн тавдахь хүүхэд Цэрэндулам нь 1943 онд төрсөн мич жилтэй, 1964 онд Долгорсүрэнтэй ханилан сууж таван хүүхэд төрүүлж өсгөсөн. Цэрэндулам гуай 1963 оноос Монголын Үйлдвэрчний эвлэлд бичээчээр 32 жил тасралтгүй ажиллаад 1995 онд тэтгэвэртээ гарсан.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах 1 сарын аяны нээлтэнд оролцов

2023-10-17 270
“Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт”-ийг сайжруулах сарын аяны нээлтийг зохион байгууллаа. Завхан аймгийн ИТХ-ын даргын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/49 дүгээр захирамжаар "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих" сарын аяныг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан юм. Тус аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Тус аяны нээлтийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Тамир нээж үг хэллээ. Аяныг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд удирдамж, шалгуур үзүүлэлт, анхаарах асуудал, аяныг үнэлж дүгнэх талаар мэдээлэл өгч ажиллаа. Аяны үйл ажиллагаа 2023.10.16-наас 2023.11.17-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн 2023 оны 1-3 дугаар улирлын шилэн дансны цахим системд хяналт шалгалт хийж ажиллана. Энэ удаагийн аяны үйл ажиллагаанд сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон Оюунлаг таны туслагч ТББ-ын байгууллага Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг хийж байгаагаараа онцлог юм.

Ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлэв

2023-10-06 159
АХМАДЫН БАЯР 2023”арга хэмжээг 2023.10.06 нд зохион байгууллаа.🌺 Ахмадын баярын арга хэмжээнд сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж гавьяаныхаа амралтыг эдэлж буй 80 гаруй ахмадууд оролцлоо. Баярын үйл ажиллагаанд сумын ЗДТГазрын дарга М.Өсөхбаяр ахмадын хорооны дарга Г.Оюунчимэг, Гавьяат эмч У.Оргил, нар ахмадуудад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн аймгийн "Хүндэт Тэмдэг"- ээр Г.Энхтуяа шагнагдлаа Ахмадуудын дунд Хөзөр, Дартс, Караоке, Гар бөмбөг, Даам, Шатар, АХА тэмцээнүүдийг зохион байгууллаа. Шатар: 1-р байр М.Бадамдорж 2-р байр Б.Дунгармаа 3-р байр Д.Батсайхан Даам: 1-р байр Б.Лхагвасүрэн 2-р байр Д.Батсайхан 3-р байр Я.Өлзий Дартс: 1-р байр Д.Эрдэнэцэцэг 2-р байр С.Мөнхцэцэг 3-р байр М.Нармандах АХА: 1-р байр Б.Дунгармаа 2-р байр Я.Борхүү 3-р байр Д.Эрдэнэцэцэг Хөзөр: 1-р байр Я.Өлзий ахлагчтай баг 2-р байр Г.Энхтуяа ахлагчтай баг 3-р байр Ц.Бадмаа ахлагчтай баг Гар бөмбөг : 1-р байр Л.Оюунцэцэг ахлагчтай баг 2-р байр Ш.Бааст ахлагчтай баг 3-р байр Б.Жаргал ахлагчтай баг Караоке: 1-р байр В.Одончимэг ахлагчтай баг 2-р байр Ш.Гаадмаа ахлагчтай баг 3-байр М.Хоролсүрэн ахлагчтай баг

Хульж багийн ИНХурал болов

2023-09-25 172
Хульж багийн ИНХ-д сумын ИТХ,Засаг дарга, Татварын байцаагч, МЭҮТасаг, Эрүүл мэндийн төв мэдээлэл хийв аймгийн 100 жилийн ойн медалиар зарим хүмүүсийг шагнаж урамшуулав

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 67
2 / 3%
3 / 4%
38 / 57%
1 / 1%
23 / 34%