Төв аймгийн ИТХ-аас энэ оныг “Ажилтай орлоготой иргэн” урианы жил болгон зарласан. Тус ажлын хүрээнд “Хөдөлмөр амьдралын үндэс” сарын аяныг 3 сарын 20-оос 4 сарын 20-ны хугацаанд зохион байгуулж байна. Энэхүү сарын аяны нээлтийн арга хэмжээг Аймгийн ЗДТГазар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУБ Төв Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамт олон хамтран байгууллаа. “Хөдөлмөр амьдралын үндэс” сарын аяныг нээж аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар урианы жилийн ажлын явц, хэрэгжилтийн талаар танилцууллаа. Мөн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг “Хөдөлмөр амьдралын үндэс” сарын аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг иргэдэд танилцууллаа.
Сарын аяны нээлтийн арга хэмжээний хүрээнд 3 багц арга хэмжээ зохион байгуулж, 268 иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэр, мэргэжил сонголт, хувь хүний хөгжлийн асуудлууд зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, тэдний хөдөлмөрт хандах хандлага, ойлголтыг дээшлүүллээ.
- Зуунмод сумын ажил хайгч иргэдэд ХЭДСангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх 6 хөтөлбөрийн танилцуулга, ХЗЗБМНСанд ажил олгогчоос ирүүлсэн 475 нээлттэй ажлын байрны захиалгыг танилцуулах, Хувь хүний хөгжлийн хөрөнгө ТББ-ын лектор Д.Мягмардорж “Хөдөлмөрийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангасан.
- ЕБСургуулийн 9-11 ангийн хүүхдүүдэд мэргэжлийг чиг баримжаа олгох сургалт, МСҮТөвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ.
- МСҮТөвийн сурагчдад Миний мэргэжил үнэ цэнэтэй лекц, Хувь хүний хөгжлийн хөрөнгө ТББ-ын лектор Д.Мягмардорж “Хувь хүний хөгжил, сэдвээр лекц, хөдөлмөр эрхлэлтийн хэлтсээс ХЭДСангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг танилцууллаа.