ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Су Нюунт У Төв аймагт
ажиллах үеэр Аймгийн удирдлагууд хүлээн авч санал бодлоо солилцон, хүндэтгэл
үзүүлээ.
Уулзалтад суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд,
ХӨСҮТ-ийн захирал Нямхүүгээр ахлуулсан ажлын хэсэг, ЭМЯ-ны холбогдох
мэргэжилтнүүд болон аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга
Ч.Сарангэрэл, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа мөн ЭМГ-ын
хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрийн салбар
дундын ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Энэ удаагийн уулзалтаар Төв аймаг болон ДЭМБ хоорондын
хамтын ажиллагаа, 2016 онд Төв аймагт ДЭМБ-ын 50 мянган долларын санхүүжилтээр хийгдсэн
Сум баг бүрт хүрч үйлчилье төсөл болон Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд
хөтөлбөрийн талаар танилцуулга хийж, санал солилцлоо.
Мөн Борнуур сумын эрүүл мэндийн төвд ДЭМБ-аас хүлээлгэн
өгсөн зөөврийн Таблет бүхий эхо, ЭКГ, даралтын аппаратын ашиглалтын талаар
мэдээллийг танилцууллаа.
Уулзалтын үеэр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч
Доктор Су Нюунт У-д хүндэтгэл үзүүлж, ЭМГ-ын хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдэл
үлдээн, Аймгийн Засаг даргын Хүндэт тэмдгээр шагналаа.
Цаашид ДЭМБ болон Төв аймаг хооронд хэрхэн хамтан ажиллах
талаар Доктор Су Нюунт У танилцуулж, ДЭМБ-аас Донор байгууллагууд руу бичиж буй
Эрүүл мэндийн байгууллагуудыг зөөврийн оношилгооны аппаратыг сайжруулах болон
техник аргазүйн дэмжлэг үзүүлэх төслүүдэд Төв аймгийн сумдын Эрүүл мэндийн
төвүүдийг үе шаттайгаар хамруулах талаар мэдэгдсэн.