ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Ажлын албаны 1-р сарын мэдээ

2017-02-08

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД, АЖЛЫН АЛБАНААС

2017 ОНЫ 01-Р САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

                                                        АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

 

2017.01.30.                                                                                                                        Зуунмод.

 

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2017 оны 01 дүгээр  сард зохион байгуулалтын дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2 удаа зохион байгуулж хуралдууллаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн I, II-р хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 12, 26-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын хуралдааны “Соёмбо” танхимд хуралдаж 16 асуудал хэлэлцэж 15 тогтоол гаргав.

Үүнд:

1. Аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2017 онд хэлэлцэх асуудлын болон үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

2. “Аймгийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар     2012-2015 онд хийсэн ажлын үр дүнд бий болсон үйлдвэр, цех, барилга байгууламж, бусад хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэж авсан байдал”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангийн тухай асуудлыг хэлэлцээд Аудитын тайланг үндэслэн шаардлагатай асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж төсөвт учруулсан хохирлыг барагдуулах, шинээр бий болсон хөрөнгийг бүртгэлд бүрэн хамруулах талаар тодорхой арга хэмжээ авах, цаашид тухайн жилийн хөрөнгө оруулалтын арга хэмжээний төлөвлөгөөнд зураг төсөл нь бэлэн болсон ажлыг тусгаж байх, хөрөнгө оруулалтын ажил, ялангуяа  барилга, байгууламж барих, засварлах ажлын явцад тавих хяналтыг тогтмолжуулж ажиллахыг аймгийн Засаг даргад даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

3. Аймгийн Газрын нэгдмэл сангийн тайланд дүгнэлт өгөх тухай асуудлыг хэлэлцээд аймгийн газрын нэгдмэл санг 7404237 га, үүнээс, хөдөө аж ахуйн газар 5579150.503  га, Хот, тосгон, бусад суурины газар 75684.2224  га, Зам шугам сүлжээний газар 44694.417 га, Ойн сангийн газар 573123.23 га, Усан сан бүхий газар 14285 га, Улсын тусгай хэрэгцээний газар 1117298.63 га-гаар тус тус батламжлав.

4. Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны 2016 оны тайлан, 2017 оны төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны  2016 оны төлөвлөгөө 82.8 хувьтай хэрэгжсэн тул “Хангалттай” гэж дүгнэлээ.

5. “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”,  Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2017-2020  оны төлөвлөгөө, Орон нутгийн өмчит аж ахуй нэгж байгуулах тухай, Төрийн дээд одон медалиар шагнуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэж батлав.

            Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн II хуралдаанаар:

            1.Хуралдааны тов тогтоож,  хэлэлцэх асуудал батлах тухай асуудлыг хэлэлцээд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Дөрөвдүгээр хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хуралдуулахаар тов тогтов.

            2.Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, Хороодын үйл ажиллагааг дүгнэх журам батлах тухай асуудлыг хэлэлцээд “Журам батлах тухай” 12 дугаар тогтоолыг батлав.

3.Аймгийн Хөдөлмөрч манлай ахмад шалгаруулсан дүнгийн тухай асуудлыг хэлэлцээд 13 дугаар тогтоолыг батлан гаргаж аймгийн хөдөлмөрч манлай ахмадаар Эрдэнэ сумын өндөр настан Миш овогтой Лхамжав, Зуунмод сумын 1-р багийн өндөр настан Манал овогтой Самдан, Дэлгэрхаан сумын өндөр настан Дашдорж овогтой Давга нарыг шалгаруулж аймгийн хөдөлмөрч манлай ахмадаар шалгарсан өөрийн сумын харьяат ахмадуудыг олон нийтэд сурталчлан алдаршуулж, хүндэтгэл үзүүлэхийг Эрдэнэ, Зууунмод, Дэлгэрхаан сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зөвлөж, Засаг дарга нарт даалгав.

4.Архидалтын эсрэг- Төв аймаг хөтөлбөрийн хэрэгжилт, Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх, зөвшөөрөл олгох, хяналт тавих журамд өөрчлөлт оруулах тухай, Төрийн дээд одон медальд уламжлах тухай, аймгийн ИТХ-ын шагналаар шагнуулах тухай, Комисс байгуулах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж батлав.

2017 оны 01 дүгээр сарын 15-16 ны өдрүүдэд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, нарийн бичгийн дарга нарт сургалт семинар зохион байгуулж Ажлын албанаас сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт Мэдүүлгийг бүртгэж, хянах, хадгалах, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, мэдүүлгийн тайлан, мэдээ гаргах ХАСХОМ, ХАСУМ-ийг мэдүүлэх тухай эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал, Мэдүүлгийн цахим системийн өөрчлөлт, шинэчлэл Төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдлыг хангах нь болон сумдын Хурлуудын дотоод ажлыг сайжруулах тухай, Khural.mn цахим хуудасны системийн хөгжил, мэдээ мэдээллийн баяжилт, интрактив чиг хандлагын талаар сургалт хийв.

            01 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат сумдын ИТХ-ын дарга нарт 2017 онд хийж ажлын талаар чиглэл зөвлөмж өгч ажиллав.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас батлагдсан аймгийн ИТХ, Тэргүүлэгчдийн 2017 оны  хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөг тогтоолын хамт нэг хувийг аймгийн Засаг даргад, төлөвлөгөөнүүдийг  бүрэн эхээр нь олшруулан гарын авлага бэлтгэн Хурлын Тэргүүлэгчид Ажлын албаны ажилтнуудад, сумдын ИТХ-дад цахим хаягаар тус тус хүргүүлэн ажиллаа.

Ажлын албанаас Тэргүүлэгчдийн хуралдаанаас эцэслэн батлагдсан 15 тогтоол, 1 хуралдааны тэмдэглэлийг албажуулан зохиогчдод хүргэсэн байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрүүд, тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэлийг khural.mn сайт болон иргэний танхим, мэдээлэлийн самбаруудад байршуулан иргэдэд мэдээлж ажиллав.

Энэ сард Төрийн төв болон орон нутгийн байгууллагуудаас 72 бичиг хүлээн авч  47 бичиг гаргав. Үүнээс хариу өгч шийдвэрлэх 3 бичиг бүртгэгдснээс 1 бичигт  хариу өгч шийдвэрлэн, холбогдох хэлтэст 1 –ыг шилжүүлж, хугацаагүй болоогүй 1 бичиг байна.

Мөн аймгийн ИТХ-ын даргын нэр дээр болон ажлын албанд хандсан өргөдөл ирээгүй байна.

- 2017 оны 1 сарын 05-ны өдөр Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн Мэдүүлгийн бүрдүүлэлтийн тухай албан бичгийн дагуу нэрсийн жагсаалтыг үйлдэн тус газрын Хяналт шинжилгээ дүн шинжилгээний албанд гаргаж хүргүүлээ.

2017 оны 1 дүгээр сараас эхлэн сумдын ИТХ-уудын ажлын тайлангаа сар бүрийн 25-ны дотор ирүүлж байх ажлын чиглэлийн дагуу Эрдэнэ, Лүн, Эрдэнэсант, Архуст сумдууд ирүүлсэн байна.

Эрдэнэ сумын Тэргүүлэгчдийн хуралдааныг 1 удаа хуралдуулсан байна. Мөн сумын ИТХ –ын Дөрөвдүгээр хуралдаан 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн 5 асуудлын дотор хилийн цэсийн болон газрын асуудлыг судлуулах холбогдох баримт бичгийг бүрдүүлж аймгийн ИТХ-д өгөх 2 ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар байгуулан ажиллуулсан байна.

Лүн сумын ИТХ Тэргүүлэгчдийн хуралдаанаа 01 дүгээр сард 2 удаа зохион байгуулж хуралдуулсан байна. сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Байгальмаа ИТХ-ын дарга С.Ганбаатартай үр дүнгийн гэрээгээ байгуулан ажилласан байна мөн тус сумын ИТХ үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Үндлсэн хуулийн талаар сургалт болон АХА тэмцээнийг зохион байгуулж ажилласан байна.

Эрдэнэсант сумын ИТХ –ын Тэргүүлэгчдийн  хуралдааныг 2 удаа, ИТХ-ын Дөрөвдүгээр хуралдааныг 1 сарын 09-ны өдөр хуралдуулж сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөө, сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай болон бэлчээрийн газрын талаар авах арга хэмжээний тухай асуудлуудыг авч хэлэлцэн зохих шийдвэрүүдийг гаргасан байна. тус сумын ИТХ шинэ үндсэн хууль батлагдсаны 285 жилийн ойг тохиолдуулан сургалт семинар болон АХА тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж явуулсан байна.

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат 01 дүгээр сарын 30-31-ний өдрүүдэд Мөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ сумдад “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Монгол Улсад Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 13 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр батлан сум байгууллагуудад хүргүүлж  хэрэгжилтийг тооцон ажилалаа.

Төв аймгаас сонгогдон Шинэ Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутат 24 хүнийг хүлээн авч  хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Улаанбаатар хотод 01 дүгээр сарын 14-ний өдөр Их тэнгэр цогцолборын “Маршал харш”-д зохион байгуулж аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал нар хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг дурсгалын зүйл гардуулав.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав.   Аймгийн аварга шалгаруулах тэмцээний анхан шатны тэмцээнд 23 сумын 361 тамирчин, шигшээ тэмцээнд 42, нийт 403 тамирчин оролцсон байна.

Төрийн байгууллагуудад Үндсэн хуулийн талаар сургалт хийж асуулт хариултын “АХА” тэмцэн зохион байгуулах талаар аймгийн ИТХ-ын Ажлын албанаас  ажлын чиглэл өгсний дагуу байгууллагууд дотооддоо “АХА”  тэмцээн зохион байгуулж явууллаа.

Байгууллагуудын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн албан хаагчдын дунд 2-р шатны тэмцээнийг зохион байгуулж, 34 албан хаагч оролцсоноос 1-р байранд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Янжинсүрэн, 2-р байранд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Д.Оюунболд, Прокурорын газрын туслах ажилтан Г.Намжил нар шалгарч,  “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнуулав.  Аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтан Б.Баярмагнай  “Монгол улсын Үндсэн хуулиуд ба шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал” сэдвээр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Зуунмод сумын ЗДТГ,  Цагдаагийн газар, Төрийн банк, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Газрын харилцаа , барилга хот байгуулалтын газрын албан хаагч нарт сургалт зохион байгуулж нийт 110-н Төрийн албан хаагчид хамрагдав.

Үндсэн Хууль батлалцсан Ардын Их Хурлын депутат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баяраагийн материалыг  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж  “Малын гавьяат” эмч,  Ардын Их Хурлын депутат С.Пүрэвсүрэнг “Гавъяат эдийн засагч” цолд уламжилав.

Мөн Ардын Их Хурлын депутат П.Энхсайхан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  “Хөдөлмөрийн  гавъяаны улаан тугийн одон”-оор шагнуулав.

Зуунмод сумын ИТХ-ын ажлын алба Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан аймгийн Бөхийн холбоотой хамтран 4 дэх жилдээ Нийтийн Монгол бөхийн барилдааныг зохион байгуулж явуулсан. Энэ удаагийн тэмцээнд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Төв Чандмань ДЭХГ, Шинэ Нисэх онгоцны буудал төслийн газар, Зэвсэгт хүчний 016-р анги, Номт, Ланс, Баянхошуу, Зүүндэлгэр, Нацагдорж, Баруун Зуунмод багийн бөхчүүд гээд нийт 29 бөхчүүд оролцсон байна.

Мөн ойн ажлын хүрээнд Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгчид, сумын ЗДТГ, Хот тохижуулах газрын хамт олон нийт 130 гаруй ажилтан, албан хаагчдын дунд Шилжин явах цом бүхий ИТХ-ын нэрэмжит 5 төрөлт тэмцээнийг зохион байгуулж явууллаа. Тэмцээнд ИТХ-ын 3 баг, ЗДТГ-ын 3 баг, Хот тохижуулах газрын 2 баг оролцож авахаалж самбаагаа сорьлоо. Сумын ИТХ-ын даргын удирдамжаар зохион байгуулсан уг тэмцээнийг Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон.

Баянцагаан сумын ИТХ  нь 2017 оны 01-р сарын 13-ны өдөр Шинэ Үндсэн хуулийн ойн өдөрт зориулж “Хүндэтгэлийн хуралдаан ” зохион байгуулав.

 Хуралдаанд сумын ИТХ-ын Төлөөлөгчид, ахмад ИТХ-ын төлөөлөгчид, нутгийн удирдлагын байгууллагад ажиллаж байсан ахмад төрийн албан хаагчдыг урьж оролцууллаа. Хуралдааныг сумын Соёлын төвд нээлттэй зохион байгуулж, хуралдаанд ИТХ-ын 13 төлөөлөгч, урилгаар 31 зочид төлөөлөгчид, Төрийн албан хаагчид 12 хүн оролцлоо. Шинэ үндсэн хуулийг батлахад оролцсон АИХ-ын депутат, ИТХ-ын дарга, Засаг даргаар ажиллаж байсан Ю.Дашпунцаг агсны ажил үйлс, амьдралыг харуулсан видео бичлэг бэлтгэн танилцуулж гэр бүлд нь хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулсан. Нутгийн удирдлагын байгууллагад 20-оос дээш жил ажилласан болон ИТХ-д удаа дараа сонгогдож байсан Г.Пүрэвдоржийг ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр, Л.Баярсайхан Ё.Мөнхбаяр нарыг ИТХ-ын “Хүндэт Жуух Бичиг”—ээр шагнуулсан.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан цолгүй бөхчүүдийн барилдаан зохион байгуулж тус бөхийн барилдаанд 28 бөх бүртгүүлж тойргийн журмаар барилдуулан байр эзлүүлэн түрүүлж үзүүрлэсэн болон шөвгийн 4-т үлдсэн бөхийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.

Байгууллага, албан хаагчдын дунд Үндсэн хууль, монголын соёл уламжлал сэдэвт “Дөрвөн бэрх” цэнгээнт уралдаант арга хэмжээг зохион байгуулж,  4-н байгууллагын 24 албан хаагч оролцлоо.  Уг арга хэмжээг сумын хурлын төлөөлөгчид, урилгаар оролцсон зочид төлөөлөгчид, иргэд нийт 120 гаруй үзэгч үзсэн байна.

Тус ажлын хүрээнд  хийгдсэн ажлын тайланг Улсын Их Хурлын Тамгын Газрын  ерөнхий нарийн бичгийн дарга, комиссын нарийн бичгийн дарга Ц.Цолмонд хүргүүлж ажилалаа.

 

 

МЭДЭЭ БЭЛТГЭСЭН:

АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТАН                                 Д.ОЮУНСАЙХАН

ХЯНАСАН:

НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН  ГҮЙЦЭТГЭГЧ                                            Э.ДОРЖСҮРЭН

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%