ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Манлайллын хомсдолоос гаръя гэвэл шинэ үедээ итгэ

2016-11-21

Та бүхэнд polit.mn цахим хуудсанд нийтлэгдсэн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч С.Эрдэнэболдын ярилцлагыг хүргэж байна.

     Бид салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, МонголУлсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэндхүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор хуульч С.Эрдэнэболдыг урьж ярилцлаа. /Сэтгүүч Х.МОНГОЛХАТАН/

-Та саяхан Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуулийг дүүргээд ирсэн. Ер нь “Манлайлал” ба “Хөгжил”гэсэн ойлголтуудын тухай Харвард юу заадаг вэ?

     Дэлхий дахин байнга л асуудал бэрхшээлийн нарийн зангилааг тайлах чадвартай манлайллын эрэлттэй байдаг. Манлайлал гэдэг нь шууд утгаараа манлайлагч гэсэн үг биш, хүмүүсийн итгэл үнэмшлийг тээж, үнэт зүйлдээ үнэнч байж, хөгжил дэвшлийг түүчээлж чадах тийм хэмжээний манлайлагчдыг хүлээж авах хөрс, нийгмийн сэтгэл зүй, хүлээлт гээд тэр бүхэн нийлж манлайллын шинэ үе, өөрчлөлтийн орчинг бүтээнэ.

     Харвардад “Манлайлагч түүхийг бүтээдэг үү, эсвэл түүх манлайлагчаа төрүүлдэг үү” гэсэн асуултанд хичээлүүдээрээ хариулах гэж оролддог. Тэгээд хамгийн бодит, одоогийн түвшиндээ санал нэгдээд байгаа манлайллын төрхийг “Authentic leader” буюу “Жинхэнэ манлайлагч” гэсэн ойлголтоор төсөөлж байгаа. Өнөөдөр Монголд яг тийм манлайлагчдыг хүлээн авах хөрс бүрдсэн байна.

-Шинэ үеийн залуусыг хүлээж авах орчин уу?

     -Шууд утгаараа залуус гэж явцуурч болохгүй. Шинэ дэг журам, шинэ хандлагатай үе, шинэ хүсэл тэмүүлэл, эрмэлзлэлтэй, гашуунд дэвтэж, чихэрт бялуураагүй цоо шинэ манлайллыг хэрэгжүүлэх чадвартай “хүн чанартай” үеийг зөвхөн улс төр гэлтгүй нийгмийн бүх салбар алгаа тосон авахад бэлэн болсон харагдаж байна.

     Тэд нэгт, эх орончид байдаг. Энэ нь уламжлалт эх орончийн тухай ойлголт биш. Жинхэнэ эх орончид цээжээ дэлдэж бусдыг турхирдаггүй. Харин хөгжлийн төлөө ямар ч эрсдлээс үл шантран бодлогоо, ажлаа танилцуулдаг, үзэл санааны тодорхой зарчимтай тууштай хүмүүс. Хоёрт, эрх ашгийн эрэмбээ мэддэг, явцуу сонирхолдоо хүлэгдээгүй хүмүүсийг, шинэ үеийг дэг журам тогтоогчид гэж харж байгаа.

     Аливаа улс хөгжин босоход нөлөөлсөн олон түүхүүдийг харж байхад хувь хүний манлайллын үүрэг нөлөө их тодоор харагддаг. Түүний зэрэгцээ, тийм лидерийг хүлээж авах нийгмийн сэтгэл зүй, эдийн засаг, эрх зүйн орчин, асуудал бэрхшээлийн овоорол, бухимдал шинэ манлайллын дэг журам бүтээх хөрсийг бүтээж байдаг.

     Хүний мөн чанарыг дээдэлдэг, эрх чөлөөт нийгмийн үзэл санаанд тууштай, явцуу эрх ашгийн төлөө богино зайны улс төр хийдэггүй олон түмний итгэл даасан шуналгүй хүмүүсийн нийгэмд жин дарах оролцоо хэрэгтэй байна.

     -Та ер нь Монголын хөгжлийг хэрхэн харж байна. Хөгжлийн ямар гарц гаргалаа байх ёстой вэ?

     -Хүн бүрт эх орныхоо хөгжлийн төлөө сэтгэл зовох үе бий. Бас өөрийн мэргэжил, туршлага, хүсэл тэмүүллээрээ үгээ хэлэх, үйлдэл хийх, магадгүй тэмцэх ч хэрэг гарч болно. Эхлээд бид өөрсдөдөө онош тавих ёстой. Хэрэв Монголд байгаа том хэмжээний асуудал бүрийн шалтгааныг судлаад үзвэл яван явсаар цөөн хэдэн алдаан дээрээс үүдсэн байдаг.

     -Хамгийн гол алдаа нь юу байдаг гэж?

     -Ихэнх хүмүүс улс төрөөс алдааг хайдаг. Гэхдээ хамгийн язгуур зүйл нь бид эрүүл, бодлоготой, алсын хараатай, хүнлэг манлайллын хомсдолд орсон байна. Эдийн засгийн тооцоогүй, алдаа завхралыг ярихад цаана нь хүний оролцооны хүчин зүйлс байж байна. Авлига, хээл хахуулийн асуудал байлаа гэхэд мөн л хүний ёс зүй, хариуцлагын тухай хөндөгдөнө. Эрүүл мэнд, боловсролын тогтолцоо гээд ер нь ямар ч салбар ярьсан хүний л оролцоо, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний манлайллын асуудал тавигдана.

     Тэгэхээр бид цаг үеийн хурдыг дааж чадах манлайллын хомсдолд орсон. Тэр манлайлал гээч нь зарчим, ёс суртахууны доройтол, хариуцлага хүлээх чадвар, мэдлэг дутмаг байдал, хийсвэр аархал зэрэг олон хам өвчинд нэрвэгдсэн байна.

     Шинэ манлайллын зарчим бол эдгээрийг орвонгоор нь өөрчлөх ёстой.

-Яаж?

-Нэгт, монгол хүний, монгол үндэстний “national identity” буюу язгуураараа нэгдмэл онцлог чанар юу вэ.

Бидний ямар ч үед хуваагдашгүй нийтлэг үнэт зүйлсийн тухай асуулт байна.

Бид ер нь хэн бэ? Бид ямар нийгмийг бүтээх гээд байгаа юм бэ? Бидний түүх, одоогийн онцлог, ирээдүйн зураглал юу болох вэ? гэх зэрэг асуултад хариулах ёстой. Үндсэндээ Монголыг хөгжүүлэх тухай ярина гэдэг нь монгол хүнийг хэрхэн хөгжүүлэхээс шангаа татаж эхлэх учиртай. Монгол хүний онцлог, зан араншингийн өвөрмөц чанар, давуу сул тал бол Монголын л онцлог байхгүй юу. Бид эхлээд монгол хүнийхээ  сэтгэлгээ, дотоод эрч хүч ба итгэл үнэмшлийг тодорхойлж байж энэ үндэстэн хэрхэн хүчтэй босох томъёог гаргана.

Өнөөдөр улс төрийн нам эвслүүд ээлжлэн төрж барьж байна. Нэг нам нь гарахаараа сонгуулийн үеэр хальт мулт хийсэн хөтөлбөрөө судалгаатай, судалгаагүй шахна. Үндсэндээ хариуцлага гэж байхгүй. Өмнөх засгийн хийсэн авторыг маргаашийн засаг нь улайран сүйтгэнэ. Урт хугацааны бодлого, хөгжлийн бодитой төлөвлөгөө, үндэстэний амбиц маш бүдэг. Найман настай балчраас наян насыг зооглосон буурал хүртэл бүгдийг зоригжуулах мессеж, амьдралын зорилго, дундаж мөрөөдлийг гаргахгүйгээр асуудал цэгцрэхгүй. Би дахин хэлье. Шуналгүй гэдэг үг коммунист сонсогдож байж магад. Мэдээж хувь хүн бүрийн амбиц улс орны хөгжлийн амбицын суурь болоод ирэхээр олон асуудал шийдэгдэнэ. Харин улс орны залуур дээр сууж бодлого ярьж, шийдэл гаргаж байгаа хүмүүс шунал гэдэг өвчингүй байж нийгмээрээ урагшилна.

-Монголоо яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр та тодорхой хариулсангүй?

-Сая хэлсэн зүйл бол эхлээд бид өөрсдөдөө онош тавиад ямар эмгэг туссанаа мэдсэн цагт цааш яаж илааршуулах тухай, хэрхэн улс орноо хүч тамиртай болгох тухай ярилаа. Дотуур бэртэл авчихаад гадна нь юм түрхээд яваад байгаатай адил юм одоогийн Монгол Улсад харагдаад байна. Би Монгол Улсын Ерөнхий сайдаас цоо шинэ эрч хүчтэй, алсын хараатай манлайлал хүсч байна. Аль намын, хэний дэмжлэгээр төрийн өндөр албан тушаалд гарсан нь хамаа алга. Зүгээр л Монголын Ерөнхий сайд юм бол хүчтэй манлайллын соронзон долгион бий болгож, хүмүүсийн итгэлийг олж ажиллах шаардлагатай байна.

Мэдээж хөгжил ярихын тулд дэлхийд бид хэн бэ, одоогийн эдийн засгийн байдал, эрсдэл ба бодит байдал гээд тооцох зөндөө юм байна л даа. Гол анхаарал бол мөнгө олох, уул уурхайгаа яах вэ, том зээлүүдээ, төслүүдээ яах вэ, өвөлжилт энэ тэр гээд нэн яаралтай шийдэл хүлээсэн сэдвүүд байна. Гэвч үүний зэрэгцээ Монголын ирээдүйг тэжээн тэтгэх оюуны, шинэ санааны зах зээлд бид хүч үзэх амбицаа эхлүүлэх хэрэгтэй. Тэр бол залуусдаа итгэж, тэдний оюуны итгэлцүүрт найдаж хөрөнгө оруулалт хийх юм. Технологийн салбарт монголчууд амжилт гаргана, тэр салбарт тэрбум тэрбумаар нь хөрөнгө оруулалт хийж үр шимийг нь хэд нугалж хүртэнэ гэдэгт би бат итгэдэг. 

Ер нь би Монголыг Израйл маягаар, скандинавын зарим орнуудын жишгээр, бас зарим талаар Сингапур маягаар алтернатив орцтой өөрийн орны онцлогт суурилсан хөгжлийн зураглалаар хардаг.

-Үүний тулд бидэнд ямар боломж байна вэ?

-Хэзээ ч дутуу үнэлж болохгүй гурван хүч байдгийг алхам тутамдаа ухаарч байна.

Нэгт, олны хүч юм. Хамтарч, эвлэж, нэгдэж, хоршиж, баг болж сэтгэл гарган нэгэн зорилго, итгэл үнэмшлийн төлөөх үйл хэрэг гайхамшигт хүчийг агуулж байдаг. Сайны төлөө, зөвийн зүгт харилцан буулт хийж, хатуу зарчим дор алсыг харж сэтгэж, гар нийлж ажиллах нь хүч чадлын сурвалж. Монголчуудын сэргэн мандалтын түүхүүд ч ийм суурин дээр өндийж байсан.

Хоёрт, бусдын хүч юм. Алив хүний гадаад байдал, төрх шинж нь тус хүнийхээ уул хандлагыг бага сага илэрхийлэх ч бүрэн төлөөлөх аргагүй. Тиймээс бусдын хүчийг, хэн хүний хийж бүтээх эрмэлзлэлийг зохих ёсоор үнэлж, урамшуулж, хөгжүүлвэл сайн. Өнөөдөр тэр мэдэхгүй, чадахгүй байж болох ч тэр хүний дотор таны ч төсөөлөөгүй авъяас билэг, чин сэтгэл, хөдөлмөрч дайчин чанар, эсвэл гоц суу билэг нуугдаж байж болзошгүй. 

Гуравт, өөрийн хүч юм. Хүн бүр өөрийн дотоод хүчиндээ тэр бүр итгэлтэй байдаггүй. Өөрийн төсөөлөшгүй чадварыг гаргах бодит бололцоо нь хөдөлмөр, авъяас, аз гурваас бүрдэх ч дийлэнх хувь нь цуцашгүй зүтгэл, уйгагүй оролдлогоор дүүрнэ.

Олны хүч, бусдын хүч, өөрийн хүчийг дутуу үнэлэх, бас хэтийдүүлэн юуг ч эс үйлдэн залхуурч найдах хэрэггүй. Болж өгвөл бодитой, зөв үнэлж сурах нь чухал. Өөрийн хүчийг мөрөөдлийн гал, зүтгэлээр өрдөж, бусдын хүчийг хүндэтгэл, хоршихын дээдээр бэхжүүлж, олны хүчийг эвийн учиг, сайны өнгөөр тордож чадваас бидний цөөхөн монголчууд цахиур хагална.

-Зөв шийдэл гарцыг олж харахад юу чухал вэ?

-Монгол бол нүүдэлчин соёлын өлгий. Хурдыг эзэм­шиж дэлхийн гүрэн төвхнүүлсэн үндэстэн. Монгол хүн аливаад дасан зохицомтгой, дээр нь уйдамхай. Бидний түүх туйлбартай, нэгдмэл цагтаа өндийн босч, туялзуур хуваагдмал үедээ бутарч байсан.

Шинэ зууны Монгол. Энэ бол чөлөөт нийгмийн үзэл санааг тээгч бие хүмүүсийн нийгэмд дасан зохицох гэсэн нүүдэлчийн эрмэлзэл буцалсан үе, бас сорилт. Монгол хүний, бас манай улсын, энэ нийгмийн маань хамгийн чухаг үнэт зүйл юу юм бэ гэдэг асуултын хариулт чухал.

Юу юунаас чухал нь бидний үндэстний эрх ашиг, нэгдмэл байдал. Хоёр том хөрш, хурдтай хувьсан өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл, эдийн засгийн либералчлал, сэтгэлгээний задгайрлын шуурганд “БИД өөрсдөө хэн байх вэ?” гэдэг асуулт амин чухал.

Бидний хэн байж ирсэн, хэн байхыг хүсэж байгаа бас хэн байж байгаа царай маань бидний нийтлэг үнэт зүйлийг тодорхойлно. Монголд асуудлууд бий. Гэхдээ ихэнх нь шийдэж болох асуудлууд. Хуулийн засаглал, хөрөнгө оруулалт ярихаас давын өмнө бид сэтгэлгээний өөрчлөлт хийх цаг болсон. Монгол хүн монголоо хүндэлдэг, элгэмсүү, бие биеэ дэмждэг үзэл санаа ус агаар мэт үнэ цэнэтэй юм.

Биднийг хуваадаг олон нэгжээс салах цаг болсон. Намаар, аймаг сумаар, хэт явцуу ашиг сонирхлын бүлгүүдээр бид өөрсдийгөө нэг л мэдэхэд хэт хатингар болгожээ. Монгол хүний үнэт зүйл аливаа намын эрх ашгаас дээгүүр байж, монгол хүний нэр төр эх орондоо эзний ёсоор үнэлэгдэж, монгол хүний бүтээмж, хүсэл тэмүүлэл, хөдөлмөр зүтгэл хүн ёсоор хэмжигдэх ёстой.

Би Монголын үнэт зүйлийн төлөө, Монгол хүний бүгдийнх нь тавилан нэг мөрөөдлийн төлөө хүн бүрийг хамтдаа алхаасай гэж боддог. Үүний төлөө хамтарч, хоршиж, нэгдэж чадна. Үүний эсрэг сөрөг мууг шүүмжилж, тэмцэж чадна. Энэ бол миний итгэл үнэмшил. Урсгал ус урсаж байхдаа тунгалаг байдаг. Цаг нь болоход бид өөрсдөө ч урсах ёстой. Түүнээс өмнө одоогийн тогтонги ялзмагийг зад түрэн урсмаар байна.

 Блиц:

 БОЛОВСРОЛ:

 ♦Харвардын их сургууль, Төрийн удирдлагын сургууль 2016 он

♦Индианагийн их сургууль, Хуулийн сургууль 2008 он

♦МУИС-ийн Хууль зүйн сургууль 2006 он

 АЖЛЫН ТУРШЛАГА:

 ♦Нээлттэй Ардчилсан Нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний Ерөнхйи зохицуулгч 2016 оны 7 сараас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

♦АН-ын газрын дарга 2015 он

♦Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч 2012-2015

♦ЕТГ-ын албаны дарга 2009-2012

♦ХЗДХЯ-ны харъяа Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гадаад харилцаа, хүний нөөцийн ажилтан 2009

♦Нээлттэй мэтгэлцээний холбоонд багш 2003-2006

♦МҮОНРТ-ийн Хүүхэд сургалт танин мэдэхүйн ерөнхий редакц, хөтлөгч 2001-2003

♦Жак Уэтерфорд сангийн үүсгэн байгуулагч, тэргүүн бөгөөд 10 гаруй ном эрхлэн хэвлүүлжээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%