Энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа. Тиймдээ ч аймаг сумдын хэмжээнд бэлтгэл ажлыг эртнээс базаасан гэхэд болно. Гэхдээ ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч цас ихтэй байсан нь зам даваа, гүвээ боогдох, малын идэш тэжээл хомсдох эрсдэлийг дагуулаад байна. Тиймээс аймгийн засаг дарга С.Насанбат сумдын засаг дарга нартай хүндрээд байгаа нөхцөл байдлыг сайжруулах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг нэмж хангах хүрээнд зарим асуудлуудыг шийдвэрлэсэн юм. Сумдуудын тухайд зам даваа боогдсон учраас малчдад хүрэх зам гаргах, хадлан тэжээл нэмж бэлтгэх, алслагдмал суурьшсан малчин өрхүүдэд анхан шатны эрүүл мэндийн явуулын үйлчилгээг үзүүлэх, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан махны нөөц ихсэх хандлагатай учраас борлуулалтын тал дээрх анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг танилцуулсан юм. Дээрх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүднээс дараах үүрэг даалгаврыг аймгийн Засаг дарга холбогдох удирдлагуудад өглөө. Мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүдийг багтаасан шуурхай ажлын хэсгүүдийг байгуулж өвөлжилт хүндэрч болзошгүй газруудтай газар дээр нь танилцаж арга хэмжээ авах, Шарын гол, Орхон сумдын алслагдсан малчдад явуулын эмнэлгийн тусламжийн үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо. Түүнчлэн өвөлжилт хүндэрч магадгүй учраас малчдаас ирсэн махыг ченжийн гар дамжуулалгүйгээр иргэдэд шууд худалдаалах арга хэмжээг авахаар болжээ.