Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан /2016.10.08/ аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн бодлогын асуудал хариуцсан орлогч Т.Ганболд нарын тэргүүтэй НААҮГ, БОАЖГ, Улаанзагалмай зэрэг байгууллагууд Морин хуур цогцолборын зүүн тал, Бурхан багшийн сэргэг дүрийн хажууд орших “Гэр бүлийн төгөл”-д мод тарилаа. Энэ удаагийн мод тарих нийтийн арга хэмжээнд Улаан загалмайн хороо, Иргэний танхимын хамтарсан хэлэлцүүлгээс гарсан санаачлагын дагуу сайн дурын идэвхтнүүд өөрсдийн хүсэлтээр нэгдэнМорин хуур цогцолборын зүүн талд эхний ээлжид 150 гаруй ширхэг бургасыг тарьж ийнхүү “Дархан-55” төглийг байгуулж байгаа юм. Тус төглийг гурван жил түүнээс цааш томоохон төгөл болтол нь дээрх байгууллагууд хариуцан арчилгаа тордолгоо хамгаалалтыг хийх ажээ. Мөн өдөр Бурхан багшийн сэргэг дүрийн хажууд орших “Гэр бүлийн төгөл”-1, 2-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас аймгийн НААҮГ-т хүлээлгэн өглөө. Дээрх төглүүдийг 2015 оны 5 дугаар сард “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөний хүрээнд байгуулж байжээ. Энэ удаад агч, голт бор, нарс, хайлаас төрлийн 50 гаруй модыг нэмж тарьсан юм. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Мод нь тухайн хотын уушиг нь байдаг гэдгийг онцлоод иргэд, ААНБ-иудыг мод тарьж, түүнийхээ арчлал хамгаалалтад анхаарч ажиллахыг уриаллаа. Хавар, намар хоёр мод тарьдаг өдөртэй болгон зарласнаас хойш буюу 2010-2016 оны хооронд Дархан-Уул аймгийн хэмжээнд есөн цэцэрлэгт хүрээлэн байгуулж 6260 гаруй иргэн, 238 ААНБ нийт 60400 мод, 44020 бут сөөг тарьж уг ажилд 65.2 сая төгрөг зарцуулсан байна. МУ-ын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Бүх нийтээр Мод тарих үндэсний өдрийн хүрээнд манай аймаг 2013 онд “Байгаль орчин бидний ирээдүй” байгаль хамгаалах сарын аянд амжилттай оролцож Шилдэг аймгаар, 2015 онд “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөнд улсад гуравдугаар байрыг эзэлсэн амжилттай байна.