АНУ-ын Элчин сайдын яам санаачилан "Америкийн кино өдөрлөг 2016"-г Дархан хотноо энэ сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн гол зорилго нь Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан зохиогчийн кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх мөн Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй кино найруулагч, продюсерийг урин, кино уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт явуулж, тэдний чадавхийг дээшлүүлэхэд оршино.Өдөрлөгийн хүрээнд олон улсын дөрвөн кино наадмын шагналыг хүртсэн “Цаглашгүй Үр” киноны найруулагч Сайнди Мклеод Дархан хотод айлчилж, өөрийн уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй ярилцлагыг хийнэ. Мөн аймгийн дунд сургуулиуд болон их дээд сургуулиудын хүүхэд залуус, иргэний нийгэм, газар тариалангийн салбарынхантай уулзалт хийхээр төлөвлөжээ. Кино зохиогч, найруулагч Сайнди Мклеод нь кино бүтээх ажлын томоохон хэсгүүдийн ихэнх дээр ажиллаж байсан арвин туршлагатай, Америкийн Кино Академийн шагналд нэр дэвшигч, бие даасан кино уран бүтээлч юм. “Цаглашгүй үр” кино нь түүний анхны бүрэн хэмжээний баримтат кино юм байна.Тус кинонд хүмүүс бидний хоол хүнсний ирээдүйг хамгаалахын төлөө цаг хугацааг сөрөн уралдаж байгаа Кайри Фаулер гэх газар тариалан эрхлэгч нэгэн хүний түүхийг өгүүлнэ. Дэлхий даяарх үрийн банкууд сүйрч, үр тариа хомсдсноос өлсгөлөн газар авч, уур амьсгалын өөрчлөлтийг эрчимтэй нөлөө газар тариалан эрхлэгчдийг хаа сайгүй нэрвэж байгаа үед энэхүү кино нь дэлхий дахинд тулгарч буй асуудлын талаар олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, хамтын арга хэмжээ авахыг уриалан дуудаж байгаа юм.Дархан-Уул аймаг нь Монгол Улсын газар тариалангийн бүс нутгийн төв хэсэгт оршдог, мөн улс орны газар тариалангийн хөгжилд арвин баялаг нөөцийг үйлдвэрлэгч аймгийн хувьд “Цаглашгүй үр” киног үзүүлж, энэхүү киноны найруулагч, түүний арга туршлагыг аймгийн газар тариалангийн салбарын мэргэжилтнүүд, сонирхогч хүмүүстэй холбон өгч, газар тариаланд тулгарч буй асуудлуудын талаар олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх нь манай хоёр орны ард түмний хоорондын цаашдын хамтын ажиллагаанд илүү их бололцоог бий болгох юм гэж АНУ-ын элчин сайдын яамныхан үзэж байгаа аж. Америкийн кино өдөрлөг хөтөлбөрийг Өмнөд Калифорний Их Сургуулийн Кино Урлагийн Дээд Сургууль болон Америкийн Засгийн Газар хамтран хэрэгжүүлдэг бөгөөд нийгэмд тулгарч байгаа асуудлын тухай кино урлагаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зоридог байна."Америкийн кино өдөрлөг 2016"-г зохион байгуулахад аймгийн ЗДТГ-аас дэмжиж, АНУ-ын элчин сайдын Олон нийттэй харилцах албатай хамтран бэлтгэл ажлыг хангуулж байна.