Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн болон хувийн ерөнхий боловсролын сургуурлийн сурагчдыг гэмт хэрэг, ялангуяа зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд "School police" буюу "Сургуулийн цагдаа" хөтөлбөрийг есөн сарын хугацаанд Дархандаа хэрэгжүүлэхээр аймгийн ЦГ-аас бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус хөтөлбөрт аймгийн ИТХ, ГХУСАЗЗ, Хууль зүйн хэлтэс, БСГ зэрэг холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж.Энэхүү ажлыг илүү үр дүнд хүргэхийн тулд албан ёсны эрх зүйн акт буюу ИТХ-ын журам батлуулах, сургуулийн удирдлагууд, багш, эцэг эхчүүдийг дунд сургалт зөвлөгөөнийг зохион байгуулах ажлыг эн тэргүүнд хийж байна.Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2016.08.22/ Монголын сурагчдын холбоо болон School police төвөөс сургалт зохион байгууллаа. Сургалтаар уг хөтөлбөрийг өнгөрсөн хоёр жилд Улаанбаатар хотод хэрэгжүүлэхэд гарч байсан ач холбогдол, алдаа дутагдал, анхаарах зүйл нь зэрэг зөвлөмжийг холбогдох мэргэжилтнүүд болон сургуулийн удирдлагууд, нийгмийн ажилтнуудад өгсөн юм.Энэ үеэр хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн ЦГ болон чиг үүрэг бүхий байгууллагууд хийх биш эцэг эхийн оролцоонд тулгуурлан дээрх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь чухал гэдгийг холбогдох албаныхан онцолж байв. Хөтөлбөрийн хүрээнд эцэг эхчүүд тал өдрөөр сургуулийн орчинд хуваарийн дагуу ажиллана. Ингэхдээ тухайн эцэг, эх ажилласанаар тооцуулж өөрийн ажилладаг албан байгууллагаас цалингаа авах ёстой юм байна. Манай аймгийн хэмжээнд 32 ЕБС байдаг бөгөөд нэг өдөрт 124 эцэг эх сургуулийн цагдаагаар ажиллана."School police" буюу "Сургуулийн цагдаа" хөтөлбөр нь манай аймагт хэрэгжиж буй цоо шинэ ажил биш юм. Тус хөтөлбөрийг эцэг эхчүүд зөвхөн зам тээврийн аюулгүй байдалтай холбож ойлгодог. Гэтэл тус хөтөлбөрт сургуулийн орчны аюулгүй байдал, тухайн хүүхэд сургалтандаа анхаарлаа хандуулж чадаж байгаа эсэх, жолооч нарын хариуцлагатай байдал зэрэг багтсан гэдгийг аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга, Цагдаагийн ахмад П.Ганхуяг хэлж байлаа.