Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын нэрэмжит “Миний өв соёл-Монгол бичиг мину” аяныг дүүргийн 49 дүгээр дунд сургууль багш, сурагч, эцэг эхчүүдийнхээ дунд өрнүүлээд байсан юм.
Аяны хаалт өнөөдөр болж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, 13 дугаар хорооны Засаг дарга Г.Бадамгарав, 49 дүгээр сургуулийн захирал н.Баярмаа, 15 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан Д.Эрдэнэбат нарын албаны хүмүүсээс гадна тус сургуулийн багш, сурагчид оролцов.
Аяны хүрээнд монгол бичгээр хэн сайн унших вэ, цэвэр болон хичээнгүй бичигтэн шалгаруулах уралдаан зарласнаас гадна багш нарын дунд цахим монгол бичиг болон бийрээр бичих сургалт зохион байгуулж, монгол бичгийн үүсэл хөгжлийн түүхээр хичээл заажээ. Мөн анги танхимуудын хаягийг монгол бичгээр шинэчлэн бичсэн байна.
Тус сургуулийн багш сурагчид аяны хүрээнд бүгдээрээ монгол бичгээр бүтээл туурвижээ. Монгол улсынхаа Төрийн дуулал болон сургуулийнхаа сүлд дууг монгол бичгээр хөрвүүлэх, зүйр цэцэн үгсийг монгол бичгээр бичиж сургуульдаа байршуулан, монгол бичгийн түүхэн дурсгал, бичиг үсгийн хөгжлийг харуулсан самбар байгуулж, монгол бичгийн орчин бий болгожээ.
49 дүгээр сургуулийнхан уран бүтээлийн дээжсээ хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд сонирхуулсны зэрэгцээ монгол бичгээр нэрийг нь бичин дурсгасан юм.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдийн монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн бол дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Үндэсний соёлоо дээдлэх бодлого зорилт тавьсны хүрээнд монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх санаачилга Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн бүх л сургуульд хэрэгжиж буйд талархаж байна. Ялангуяа 49 дүгээр сургуулийн хамт олон ажил хэрэгчээр хүлээн авч, бүтээлчээр хэрэгжүүлж байгаад баярласнаа илэрхийлье. Үндэсний соёлоо дээдлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг Чингэлтэй дүүрэг манлайлж байгаа юм шүү. Эхлүүлсэн сайн үйлсээ цааш улам дэлгэрүүлж, илүү олон хүнд хүргээрэй. Үүний тулд бүгдээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе” хэмээн уриалж, дүүргийн зүгээс шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгийг тодотгосон юм.
Мөн үеэр дүүргийн удирдлагууд болон ирсэн зочид төлөөлөгчид “Бийрээр хэн сайн бичих вэ?” “Хэн хурдан унших вэ?”, цэвэр бичигтэн шалгаруулах, цахимаар монгол бичгээр бичих уралдаанд оролцож, тэргүүлсэн хүмүүсийг өргөмжлөлөөр шагналаа.