ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Орхонд дахин алт олборлож эхэллээ

2015-11-27

Цэнхэр сумын Орхон багийн нутаг Өлийн гол, Харгуйт, Яст, Шийрт, Улаанчулуутын алтны шороон ордуудад Монгол газар ХХК-тай 24 аж ахуйн нэгж, байгууллага ажил туслан гүйцэтгэх гэрээ байгуулан алт олборлох үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус аж ахуйн нэгжүүдэд бүрэн бус байдлаар 600 гаруй хүн, 100 шахам техник хэрэгсэл, 1 драг /алт угаах төхөөрөмж/ ажиллаж байна.

Монгол улсын “шийдлийн” Засгийн газрын 289, 302 дүгээр тогтоол гарч Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан  “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийн солбилцол болон “Ойн сан бүхий газрын хилийн зааг”-ийн солбилцолд өөрчлөлт оруулжээ. Уг өөрчлөлт ёсоор усны урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газраас чөлөөлөгдсөн тул “Алтан дорнод монгол”, “Монгол газар”, “Эм Жи Эйч” ХХК-иуд нь газрын хэвлийн нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхтэй аж ахуйн нэгжүүдтэй “Ажил туслан гүйцэтгүүлэх” гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна.

Аймгийн Засаг дарга Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хяналт шалгалт хийх захирамжийг гаргаж, Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг Цэнхэр суманд ажилласан байна.

Ажлын хэсгийнхэн Ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, Ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Байгаль орчны багц хууль тогтоомжийн хүрээнд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Хяналт шалгалтын үеэр илэрсэн зөрчил дутагдлын талаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан холбогдох газрын дарга нараас дараах мэдээллийг авлаа.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Ч.ОЮУНСАЙХАН:

Лац хөндсөн аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авсан

Шалгалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 35.3 дахь заалтын дагуу бичиг баримтыг бүрэн бүрдүүлээгүй, туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд нь бичиг баримтын бүрдэл хангагдааүй байхад үйл ажиллагаа явуулж эхэлсэн зөрчил илэрснийг арилгуулахаар улсын байцаагчаас хугацаатай албан шаардлага өгч, гэрээт аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэл зогсоох арга хэмжээг авч ирлээ. Улсын байцаагчийн тавьсан лацыг хөндөж, үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүдэд 38400,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, зөвшөөрөлгүйгээр эрүүл газар ухаж эхэлсэн нэг аж ахуйн нэгжийг Цагдаагийн байгууллагад шилжүүлж, биологийн нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэн өгсөн талбайд  орсон хоёр аж ахуйн нэгжийг талбайгаас гаргах зэрэг арга хэмжээнүүдийг аваад байна.

Аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах төлөөлөгч, хошууч Х.ДАГВАСҮМБЭРЭЛ:

Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд тодорхой ажил, арга хэмжээг авна

Хяналт шалгалтын ажлын хэсэгт Цагдаагийн газрын даргаар ахлуулсан дөрвөн алба хаагч оролцож ажиллалаа. Энэхүү ажлын хүрээнд Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам, холбогдох хууль тогтоомж зөрчиж хүний эрүүл мэнд, мал амьтан, байгаль орчинд хохирол учруулахгүй байх, компаний ажилчид гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох болон холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14 тоот албан мэдэгдлийг ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа 26 аж ахуй нэгж, компаниудад өгч, баталгаа авсан. Сүүлийн саруудад Цэнхэр сумын Орхон багийн гэмт хэрэг, зөрчлийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ямар нэгэн дуудлага, мэдээлэл ирээгүй, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал харьцангуй тайван байна. Цаашид дээрх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, компаниудын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, орон нутгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд тухай бүрт нь тодорхой ажил, арга хэмжээг авч ажиллана.

Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга С.САРАНТУЯА:

Голын усыг бохирдуулахгүй,  эрүүл газар хөндөхгүй байх шаардлага тавьсан

Хяналт шалгалтын ажлын хүрээнд Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол газар ХХК, Алтан дорнод монгол ХХК-ийн Засгийн газрын 289, 302 дугаар тогтоолуудын хавсралтаар Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хил зааг, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбилцлоос хасагдсан 2426 тоот тусгай зөвшөөрөл бүхий Өлийн гол, 005529, 009258, 002427, 007207 тоот тусгай зөвшөөрөл бүхий Харгуйт, Яст, Шийрт, Улаан чулуутын алтны шороон ордуудын ерөнхий байдалтай  танилцлаа.

Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж тус бүрийн Монгол газар ХХК-тай байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, нөхөн сэргээлт хийх эрх бүхий аж ахуй нэгжийн байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ бусад баримт бичгийн бүрдлийг шалгаж, тус бүрийн байршлыг координатаар тогтоон, ажиллах хүч, техник тоног төхөөрөмжийн судалгааг тойм байдлаар гаргаж үйл ажиллагаа хууль бусаар явуулахгүй байх, голын усыг бохирдуулахгүй байх,  эрүүл газар үйл ажиллагаа явуулж хөндөхгүй байх зэрэг шаардлагыг тавилаа.

009258 тоот тусгай зөвшөөрөл бүхий Харгуйтын амны эх болон Ястын амны биологийн нөхөн сэргээлт хийж эрүүлжсэн талбайд алт олборлох, угаах үйл ажиллагаа явуулахаар байрласан Голд Седар ХХК, ЭДОЦ ХХК-иудад талбайг чөлөөлөх мэдэгдэл өгч тус нөхөн сэргээлт хийсэн талбайд ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллага оруулж үйл ажиллагаа явуулахгүй байхыг Монгол газар ХХК-ий холбогдох дарга нарт анхаарууллаа.

Өлийн голын 2426 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд Монгол газар ХХК-тай ажил туслан гүйцэтгэх гэрээ байгуулан драгаар алт угаах үйл ажиллагаа явуулж байсан Масагейт ХХК-н үйл ажиллагааг зогсоож талбайг чөлөөлөхийг шаардав. Драг нь нуурын усыг их хэмжээгээр бохирдуулж, даланг сайн барихгүй бол их хэмжээний бохир ус алдагдах эрсдлийг үүсгэдэг.

Харгуйт, Яст, Улаанчулуут, Шийртийн ордод туслан гүйцэтгэгч аж ахуй нэгж байгууллага тус бүр далан байгуулж, шар усыг голын голдиролд оруулахгүй байх, усыг цэвэр байлгах, бүх даланг үнэлгээний дагуу хийж шүүлтүүр тавин усыг стандартын түвшинд хүргэж голд нийлүүлэх арга хэмжээ авахыг Монгол газар ХХК болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд даалган гүйцэтгүүллээ.

4780 тоот тусгай зөвшөөрөлтэй Бодонтын амны талбайд Алтан дорнод ХХК голын голдирлыг өөрчлөн усыг цэврээр урсгах технологийн шар усны далан байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Алтан дорнод монгол ХХК-н туслан гүйцэтгэгчээр Бодонтын аманд Улз гол ХХК шинээр ирж байрласан тул шаардагдах бичиг баримтыг шалгаж үйл ажиллагаа явуулахгүй байх шаардлага тавилаа. Алтан дорнод ХХК-г уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ батлагдах, усны дүгнэлт гаргуулах, орон нутагтай гэрээ байгуулах хүртэл голын усыг цэвэршүүлэхээс бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардан үйл ажиллагааг зогсоогоод байна.

Орхон-Чулуут голын сав газрын захиргааны дарга Н.МӨНХБАЯР: 

Аж ахуйн нэгжүүд ус ашиглуулах дүгнэлт байхгүй байсан

Цэнхэр сумын Орхон багийн нутаг дахь Харгуйт, Шийрт, Яст, Өлт, Өлзийт Тээлийн алтны шороон орд бүхий газарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд манайхаас комиссын бүрэлдэхүүнд багтсан.

“Монгол газар“ ХХК-ний тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр бага агуулга бүхий шороог дахин угааж нөхөн сэргээлт хийхээр тус компанитай гэрээ байгуулсан 22 аж ахуйн нэгжийн 16 усан буу, 1 драг /алт угаах төхөөрөмж/ байгаа бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 05-ны байдлаар ус ашиглуулах дүгнэлт байхгүй байсан. Холбогдох хүмүүс нь дүгнэлт гарсан, хуулийн зөвлөх авчирч байгаа гэсэн тайлбар өгсөн.

Мэргэжлийн байгууллагуудын зүгээс байгаль орчныг хамгаалах, цэвэр усны нөөцийг хэмнэх, усыг хуримтлуулж цэвэршүүлэн ашиглах , далан хамгаалалтыг технологийн дагуу хийж бохирдсон ус /шар ус/ алдагдуулахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өглөө.Уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн технологийн усыг тунаах  нуур , усан сан, далан хамгаалалтыг сайжруулах, яаралтай барьж байгуулан далангаар ус шүүрэлтийг багасгахад онцгой анхаарах, холбогдох байгууллагаар ус ашиглах дүгнэлт гаргуулах, зөвшөөрөл авах, гэрээ байгуулах ажлыг Усны тухай хуулийн дагуу гүйцэтгэхийг “Монгол газар“ ХХК-д үүрэг болгосон.

Аймгийн Засаг даргын хувьд “Манай аймаг ногоон хөгжлийн загвар аймаг болон хөгжиж байгаа. Тиймээс алт олборлох, газар ухах тал дээр ямагт эсрэг байр суурьтай байсан, тэр хэвээрээ л байгаа. Бид энэ байдлыг зөвшөөрөхгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Биднээс шалтгаалахгүй дээрээ бүх асуудал шийдэгдээд байна. Цэнхэрийн алтны уурхайд нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн үндэслэлээр экологи эдийн засгийн үнэлгээг гарган Монгол газар ХХК-аас 59 тэрбум төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

Цэнхэр сумын нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахтай холбоотой дараах шийдвэрүүд орон нутгаас гарсан байна.Үүнд :

-Цэнхэр сумын Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 230 тоот албан бичиг / “Монгол газар”, “Эм Жи Эйч” ХХК-уудыг нөхөн сэргээлт явуулахыг дэмжсэн тухай /

-“Нөхөн сэргээлт , олборлолт явуулах тухай” Цэнхэр сумын ИТХ-ын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаар тогтоол /Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.1 дэх заалт, Засгийн газрын 2015 оны 289, 302 дугаар тогтоолуудыг үндэслэсэн/

-“Нөхөн сэргээлт , олборлолт явуулах тухай” Цэнхэр сумын Орхон багийн ИНХ-ын 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоол.

Үйл ажиллагаа явуулж буй компаниудтай сумын Засаг дарга таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан ба явуулж буй үйл ажиллагааг харгалзан гэрээг жил бүр сунгах юм байна. Гэрээний загварыг мэргэжлийн байгууллагуудаар хянуулж, харилцан зөвлөлдөж байж хийх байсан ч сумын дарга энэ талын зөвлөгөөг авч ажиллаагүй гэнэ. Компаниудтай байгуулсан гэрээ болоод үүссэн нөхцөл байдлын талаар Цэнхэр сумын Засаг даргаас тайлбар авах гэсэн боловч ээлжийн амралттай байгаа шалтгаанаар холбогдож чадсангүй. Энэ талаар бид эргэн мэдээлнэ.

Дээрх мэдээллийн эх сурвалжуудаас үзэхэд ямартай ч Ногоон хөгжлийн тодотголтой аймгийн удирдлагуудын “амлалт”, бодлогыг “дээрээс” мундагдсан шийдвэр ийнхүү орвонгоор нь эргүүлж, амаа жимийн суухад хүргэснийг харуулж байна.

Орхон голыг олон жил бохирдуулсан, нутгийн иргэд алтныхны мөргөлдөөн дээрээ тулж байсан өнөөх Цэнхэрийн алтны ажил дахин сэргэжээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%