ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Татвар төлөгчийн мөнгийг тааваараа урсгасаар байх уу

2015-11-27

Архангай аймаг 2013 онд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ойн жилд бүтээн байгуулалтын ажилд 32 тэрбум хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд ойтой жилийг залгаад 2014 онд аймагт 80 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэх тоо бий. Чухамдаа л энэ хоёр жилд аймгийнхаа хөгжлийг зөв голдиролд нь оруулж, сүүлийн 10 жилд хийгдээгүй их бүтээн байгуулалт хийлээ хэмээн аймгийн даргаасаа эхлээд л ам амандаа ярьцгаасан.

Цэцэрлэг хотынхоо өнгө үзэмжинд ч хүч тавин анхаарч, аймгуудаас анх удаа “Гудамж” төсөл хэрэгжсэн. “Архангайд зам заавал хэрэгтэй байгаа юмуу” хэмээсэн нийслэлийн даргын үг хүртэл Архангайд хэрэгжсэн энэ төслийг олны анхаарлын төвд байсныг гэрчилнэ. Хэдэн төгрөгөөр хийгдэж байгаа нь “нууц” байсан энэ төсөл эцэстээ 10,3 тэрбум төгрөгөөр хийгдсэн гэж дуулдсан. Мод зүлэг нэмж тарина, тайрсан модоо нөхөн тарьж арчилгаа усалгааг нь хариуцна хэмээн ганцхан жилийн өмнө амлаж байсан хүмүүс одоо болтол аниргүй.

Цэцэрлэг хотод энэ мэт томоохон гэх тодотгосон цогцолборууд, зам талбай, гэрэлтүүлэг, хайс хашаа, мод цэцэг гээд хийгдсэн зүйл их ч хоёрхон жилийн дотор “тар нь танигдаж” зураг цаасан дээр түүх болон үлдэхэд хүрчээ. Татвар төлөгчдийн мөнгөөр хийгдсэн нурж унасан хайс, овон товон зам, ховхорч хагарсан хавтан, эрэмдэг болсон гэрэлтүүлэг энд тэндгүй хөглөрч байна. Эдгээрийн зах зухаас л дурьдахад: 2013 онд Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Эрдэнэбулган суманд нийт 574.428.512 төгрөгийн барилга, тохижилтын ажил хийгджээ. Эдгээрээс Бөхбилэгтийн садны тохижилтыг 259.800.000 төгрөгөөр Цогт-Өнжүүл ХХК хийж гүйцэтгэсэн байдаг. Харамсалтай нь өнөөдөр 259 сая байтугай 259 мянган төгрөгөөр үнэлчих бүтэн юм тэнд алга. Энэ садны тохижилтын тухай баримт сөхвөл:

Анх Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 02-р сарын 1-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор 176,262,078 төгрөгөөр хийгдэх байснаа гуравхан сарын дараа буюу Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 05-р сарын 06-ны 23 дугаартай тогтоолоор энэ мөнгө нэмэгдэж 268 сая төгрөг болсон байдаг.

Үүгээр ч зогсохгүй манаач авч жил гаран ажиллуулжээ. 300 мянган төгрөгөөр цалинжуулсан гэж бодоход татвар төлөгчийн гурван сая төгрөгөөр “бүтээн байгуулалт”-ыг “балгас” болтол нь манасан болохнээ.

Өнгөрсөн онд Бөхбилэгтийн садны тохижилтын ажлыг аймгийн Аудитын газраас шалгасан байдаг.

Аудитын газрын дүгнэлтэд “Зураг төсөв, техникийн тодорхойлолтод заасны дагуу хийгдэх ажлууд дутуу, ажлыг гэрээт хугацаанд хийж гүйцэтгээгүй, 2013 оны 07 сарын 21-ний өдөр ашиглалтанд оруулахаар байтал өнөөдрийг хүртэл засвар, тохижилтын ажил дуусаагүй дутуу байхад комисс хүлээж авч  актан дээр гарын үсэг зурсан ч дутуу ажил гүйцэтгэх гэрээг дахин байгуулсан байна гээд дутуу хийсэн ажлуудыг дурьджээ. Үүнд: 30-40 хүүхэд тоглох зориулалттай хүүхдийн тоглоомыг суурилуулаагүй, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбайг техникийн тодорхойлолт, зураг төсвийн дагуу резинэн хавтангаар хийгээгүй сагсан бөмбөгийн талбайг цемент цутгаж өнгөлсөн бөгөөд сагсан бөмбөгийн талбайн гадна талын хайсыг зураг төсвийн дагуу хийгээгүй байна. 12 жилийн хөшөөг техникийн тодорхойлолт, зураг төсөвт заасны дагуу боржингийн цутгуураар хийгээгүй, манаачийн байр, нийтийн бие засах газрын гадна дулаалгыг стандартын дагуу хийгээгүй, садны дөрвөн буланд зураг төсөвт заасны дагуу прожуктор байрлуулаагүй байна. Усан оргилуурын дотор талыг шинээр цутгасан бетон дээр хар, цагаан өнгөт чулуу наах зэрэг ажлууд хийгдээгүй бөгөөд бөх цогцолборын талбайг овон, товон ихтэй чанарын шаардлага хангахааргүй хийсэн зэрэг ажлууд одоог хүртэл дутуу байна. Гүйцэтгэгч компаний зүгээс ажлыг хүлээлгэн өгсөн боловч гадны нөлөөний улмаас хийсэн зарим ажлууд эвдэрсэн хэдий ч өөрийн хөрөнгөөр засварлаж дахин хүлээлгэж өгнө гэсэн тайлбарыг ирүүлээд байна” гэжээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудад хийсэн шалгалтын ерөнхий дүгнэлтэнд “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр аймаг болон  сумдад хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд нь гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа хэдий ч гэрээнд үүрэг хариуцлагын тогтолцоог тодорхой тусгаагүй, биелэлтэнд тавих хяналт хангалтгүй, ажлын гүйцэтгэлийн гэрээ дүгнээгүй зэргээс тухайн гүйцэтгэж байгаа ажил чанаргүй, дутуу хийгдэх зэрэг нийтлэг зөрчил илэрч байна. Мөн ажил хүлээж авахдаа төсөл, арга хэмжээ бүр дээр хүлээж авах комисс томилоогүй, нэг комисс бүх ажлыг хүлээж авсан байдал нийтлэг байсан” гэсэн үг, өгүүлбэр байгаа нь ч нэгийг бодогдуулмаар.

2013 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цэцэрлэг хотын өнгө үзэмжийг өөд татахад чиглэгдсэн ажлууд цөөнгүй хийгдсэн ба эдгээрт баяр наадмын талбайд хурдан морьдын уралдаан үзүүлэх LED дэлгэц, телевизийн төхөөрөмж, төв гудамжинд LED урсдаг самбар угсарч нийлүүлэх-101.970.000 төгрөг /Эл И Ди ХХК/, аймгийн төвд Хүндэтгэлийн дурсгалын цогцолбор байгуулах-409.852 төгрөг /Монгол уран цутгуур ХХК/ гэсэн ажлууд багтсан байдаг.

Бидний ярьж нэршсэнээр Өндөрлөг гэж байсныг засварлаж Зая цогцолбор гэх болсон. Дээр дурдсанчлан 409 сая төгрөгөөр бүтсэн уг цогцолборт ч бүтэн юм ховор үлджээ. Хотын төв талбайд байх LED  дэлгэц гуайн ч “бие муудаж” ажиллахаа больжээ.

Чанар байдал нь жил хүрэхгүй хугацааны дараагаас л танигдсан замууд ч чанаргүй бүтээн байгуулалтын жагсаалтанд нэмэгдэнэ. Эдгээр замуудын заримыг нь ашиглалтад хүлээж авахгүй гэдгийг тухайн үед аймгийн удирдлагууд мэдэгдэж байсан. Эрчим хороолол руу тавигдсан хатуу хучилттай замыг гүйцэтгэгч компани нь 2014 оны 6-р сарын 1 гэхэд өөрсдийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэх нөхцөлтэйгөөр хүлээгдэж байгаа тухай яриа “домог мэт” яригдаж хоёр жилийг үдлээ.  

Хийж бүтээснийг эвдэж сүйтгэж байна гэхээсээ илүү чанаргүй ажлын гор гэж үзэх нь ч байна. Хийсэн ажлуудын чанар тараа таниулж эхэлсэн жишээ үүгээр дуусахгүй ээ. Хашаа хайс, мод зүлэг тарьсан жишээ шилээ дараад жагсаалтыг үргэлжлүүлнэ.

Наран төвөөс урагш 24 айлын орон сууц хүртэл хийгдсэн хайс төмрийн хог болсон харагдана. 45 сая төгрөгөөр төсөвлөгдөж хийгдсэн гэх энэ хашаа 21 сая төгрөгөөр үнэлэгдэж одоо Хот тохижилт үйлчилгээний газрын өмчид байдаг. Хотын төвд байх хашааг навсайлгаад байхгүй нь мэдээж бөгөөд засварын ажлыг дахиад л татвар төлөгчдийн халааснаас хумсалж хийх үү гэдэг асуудал ч хөндөгдөнө. Хашааг засварлахад 15 сая төгрөг төсөвлөж байгаа сурагтай. Өчнөөн сайд, даргын нүүр үзэж буух эзэн, буцах хаяггүй үлдсэн ойн зурвас, мод зүлгийн мөнгөн дүн ч тоогоо алдсан.

Урьдын юм ул болж хожмын юм зул болдгийн жишээ манай аймагт олон байна. Хандивын мөнгөөр хийгдсэн 68 сая төгрөгийн өртөг бүхий усан оргилуур одоо зураг түүх болон үлджээ. Хот тохижилт үйлчилгээний  газрын мэдэлд байдаг уг байгууламжийн холболт нь яаж хийгдсэн нь мэдэгдэхгүй далд бөгөөд техник тоног төхөөрөмж нь бүгд хятад хэл дээр бичигдсэн байгаа тул яаж ч чадахгүй хараад сууж байгаа гэнэ.

Хөдөлмөрчдийн нэрэмжит болгон тохижуулсан сад буюу гандангийн арын садыг ч мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хамт олон 1,7 сая төгрөгөөр засаж тохижуулсан ба одоо мөн л ундуй сундуйгийн тоог нэгээр нэмжээ.

Дарга нарын сайных ч биш, угтаа татвар төлөгчдийн мөнгөөр гулгилдуулсан бүтээн байгуулалтуудын муугийн жагсаалт урт үргэлжилнэ. Хэнд хариуцлага тооцож, хэн мэдэх вэ гэх тэргүүтэй асуултууд хариултаа хүлээж, бас нэгэн урт жагсаалт болон үлдэнэ...

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%