Монголчууд номыг торгоор баринтаглан хоймроо залж ирсэн нандин сайхан уламжлалтай. Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний үүдийг нээх нээлтийн ёслолд зохиолч, яруу найрагчид олноор хүрэлцэн ирсэн юм.
Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бааст, Монгол улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Д.Цоодол, шинжлэх ухааны доктор, профессор, эрдэмтэн зохиолч С.Дулам, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ж.Саруулбуян, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Дашзэвэг, эрдэмтэн зохиолч Г.Ловор, Нацагдоржийн шагналт хүүхдийн уран зохиол судлаач, профессор Д.Оюунбадрах нарын зохиолч, уран бүтээлчид ёслолд оролцсон билээ.
Ёслолыг хөтөлсөн Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй, Чингэлтэй хайрхны эзэн савдаг нь баруун гартаа ном бариад, зүүн гартаа бадамлянхуа цэцгийг энхрийлэн тэвэрсэн байдаг. Чингэлтэй дүүрэг саяхан Хүүхдийн амбулатори нээсэн, одоо Хүүхдийн номын өргөөтэй боллоо. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Хүүхэд багачуудаа эрүүл энх байлгах эмнэлэг байгуулсныхаа дараа саруул ухааныг нь тэтгэх сайхан номын ордон нээсэн ийм хамт олон, дүүрэгтээ эзэн савдаг нь баярлан бахархаж байгаа байх гэсэн юм.
Хүрэлцэн ирсэн эрдэмтэн, зохиолчид оюун соёлд төдий л хүч анхаарал тавихгүй байгаа өнөө цагт Чингэлтэй дүүрэгт номын сан, тэр тусмаа хүүхэд зориулсан номын өргөө байгуулсныг ихэд талархан дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн Монгол улсдаа анхдагч гэж хэлж болох Номын өргөөтэй цаашид хэрхэн хамтарч ажиллаж болох талаар олон сайхан санал санаачилга гаргасан юм.
Эрдэмтэн зохиолч С.Дулам, “Бидний хэдэн эрдэмтэн зохиолчид Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлд ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Хайрхныхаа савдгаас болдог юмуу, эсвэл эсвэл удирдаж буй даргынхаа ухаан самбаанаас болдог уу, ном соёлд их анхаарал тавьдаг дүүрэг байгаа юм” хэмээн хошигноод, уул хайрхны тахилга тайлгын ёс, бүтээн байгуулалттай холбоотой олон зүйл дээр эрдэмтэн, зохиолчдынхоо санал зөвлөмжийг сонсож, ажил үйлстээ тусгадагт талархаж явдгаа илэрхийлэв.
Тэрээр, “Чингэлтэй дүүргийн ажил үйлс эрдэм номоор үргэлж гийн цацарч байдгийн тодорхой нэг жишээ нь Хүүхдийн номын их өргөөний нээлт юм. Ийм олон талтай, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудаа анхаарсан сайхан газар улс оронд минь улам олон болоосой. Улаанбаатарт нэрийг нь хэлэхээс ч ичмээр “Б”-ээр эхэлсэн олон газрын оронд “Но”-гоор эхэлсэн газар олон болоосой гэж хүсч мөрөөдөж явдаг зүйлийнхээ эхлэлийг харлаа. Чингэлтэй дүүрэг энэ мэтчилэнгээр Монголынхоо соёл уламжлал, зан заншлыг эрхэмлэн дээдэлдэгт их баяртай байна. Энэ сайхан уламжлалаа цагийн цагт хадгалж яваасай, номын гэгээ гэрлийг цагийн цагт цацруулж байгаасай” хэмээн ерөөв.
Нээлтийн ёслолын үеэр зохиолчид хүүхэд насаа дурсаж, шүлэг зохиолоосоо уншиж, ном бүтээлээсээ дээжлэн барилаа.