Чингэлтэй дүүрэг 2015 оныг “Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж байгаа билээ. Жилийн зорилтот ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар гэрийн хорооллын гудамжуудад байгалийн чулуун хучилттай авто зам, явган хүний зам тавих ажлууд хийгдэж, эхнээсээ ашиглалтад ороод байгаа юм. Өнгөрсөн зун дүүргийн 12, 13, 16 дугаар хороонд байгалийн чулуун хучилттай жишиг авто замуудыг ашиглалтад оруулсан бол өнөөдөр 15, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Чингэлтэй-Хайлаастыг холбосон байгалийн чулуун хучилттай авто замыг нээх ёслол боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Лхагвасүрэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Б.Батхуяг, Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат болон албаны бусад хүмүүс оролцов.
Чингэлтэй-Хайлаастыг холбосон хатуу хучилттай авто зам нь олон улсын стандартад нийцсэн төдийгүй байгалийн чулуугаар хийснээрээ онцлог юм. Асфальтан хучилттай зам нь өвлийн улиралд халтиргаа гулгаа ихтэй тул авто замын барилгын стандарт, шаардлагад төдийлэн нийцдэггүй байна. Чулуун замыг халтиргаа гулгаа үүсгэхгүйгээс гадна зуун жилийн настай гэж ярьдаг. Олон жилийн настай, хүйтний улирлын шалгуурыг даах чанартай зам тавигдсанд иргэд сэтгэл дүүрэн байлаа.
Дүүргийн Засаг дарга Д.Ганболд хэлсэн үгэндээ, хүсч мөрөөдөж байсан “хүслийн зам”-аа ашиглалтад оруулсандаа ихээхэн баяртай байгаагаа онцолсон юм. Тэрээр “Чингэлтэй дүүргийн 15, 18 дугаар хороо буюу Хайлааст-Чингэлтэйг холбосон байгалийн чулуун хучилттай авто замын ажлыг хүлээлгэн өгч буйдаа баяртай байна. Иргэд маань энэ замаа эзний ёсоор арчилж хамгаалж, анхаарал тавьж байгаасай гэж хүсч байна” гэсэн юм.
Хүслийн зам хэмээхийн учир нь дүүргийн Засаг дарга Д.Ганболд нийслэлийн Төрийн сангийн дарга, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нийслэлийн Авто замын газрын даргаар ажиллаж байх үедээ нийслэл хотдоо зуун жилийн настай хэмээгддэг байгалийн чулуун хучилттай авто зам тавихсан хэмээн ярилцаж байсан нь өдгөө ийнхүү биеллээ олжээ. Тухайн үед төв замын ачааллыг бууруулах, гэрийн хорооллуудыг авто замаар холбох, гэрийн хорооллууд дундах шороон замуудыг авто зам болгох бүтээн байгуулалтын ажлын эхлэл болсон замуудын зургийг хийж, төсвийг гаргаж байсан түүхтэй. Ингэснээр Чингэлтэй хайрхны өвөрт даваа гүвээг сэтлэн зам байгуулах ажлын эхлэл тавигдаж байжээ.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн төсөв хомсхон энэ цаг үед Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад жишиг болохуйц, улмаар авто замын салбарынхан үлгэр жишээ болгохуйц сайхан зам тавигдсаныг баригдсаныг онцолсон юм.
Авто замын ажил 9 дүгээр сард эхэлсэн бөгөөд дүүргийн урсгал зардлын хөрөнгөөр “Эко тогтол” ХХК гүйцэтгэсэн юм. Энэхүү ажлын хүрээнд 3556м2 авто замын хажуу талын налуу эко хавтан, 1014у/м L хашлага, 254 у/м ус зайлуулах лотки нийт 6598 м2 талбай бүхий 508 у/м авто замыг дүүргийн урсгал төсвийн 716,3 сая төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна.