220 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээнд санал авах тухай
Монгол улсын эрчим хүчний хэрэглээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа
бөгөөд ялангуяа Улаанбаатар, Төв аймгийн цахилгааны хэрэглээ огцом
нэмэгдэж байгаагийн зэрэгцээ одоогийн эрчим хүчний үүсвэрүүдийн насжилт
нэмэгдэж үр ашиг буурсаар байна. Иймээс Монгол улсын Засгийн газар
Улаанбаатар хотын зүүн зүгт Багануур дүүргийн зам (A0501-р зам) дагуу 16
км-т шинэ дулааны цахилгаан станц /5 дугаар цахилгаан станц/-ыг шинээр
байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Монгол улсын Засгийн газар шинээр баригдах 5 дугаар цахилгаан станцаас
Сонгино дэд станц хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамыг Азийн
хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилтээр гүйцэтгэхээр төлөвлөж байна. Энэхүү
цахилгаан дамжуулах агаарын шугамын нийт урт 90 км бөгөөд Төв аймгийн
Алтанбулаг, Зуунмод, Сэргэлэн сумдын нутаг дэвсгэрт баригдах юм. Шугамын
хамгийн ойр цэг нь Зуунмод хотоос хойд зүгт 2 км-т байрлана. Төслийн
үндсэн хэрэгжүүлэгч нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК (ЦДҮС
ТӨХК) бөгөөд төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан
үнэлгээ (БОНБНҮ)-ний судалгааг гүйцэтгэлээ.
220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулсанаар
Улаанбаатар хот, Төв аймгийн цахилгаан хангамжийн найдвар эх үүсвэрийг
бий болгох юм.
Цахилгаан дамжуулах шугам барьж байгуулах явцад богино хугацааны/түр
зуурын сөрөг нөлөөлөл үүсч болзошгүй. Үүнд: тоосжилт, дуу шуугиан
ихсэнэ. Эдгээр нөлөөллийг бууруулах чиглэлээр дараах ажлуудыг
гүйцэтгэхээр БОНБНҮ-ний тайланд тусгасан байна. Үүнд:
- Газар эзэмшил, байгаль орчны асуудлыг аль болох бага байлгах зорилгоор
цахилгаан дамжуулах шугамын трассыг оновчтой сонгосон.
- Барилгын ажлын явцад тоосжилтыг бууруулах шаардлагатай бүх арга
хэмжээг авах (тээврийн хэрэгслийн хурдыг хязгаарлах, зориулалтын түр зам
байгуулах, усалгаа хийх гэх мэт).
- Барилгын ажлыг зөвхөн өдрийн цагаар явуулах, хэрэв цахилгаан дамжуулах
цамхаг суурьшлын бүс, эмнэлэг, сургууль гэх мэт байгууламжтай хэт
ойрхон бол чимээ сааруулагч ашиглах.
- Цахилгаан дамжуулах шугам замтай огтлолцож байгаа хэсгийн замыг хянах,
аюулгүй ажиллагааны арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Бид 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам төслийн байгаль орчны
нөлөөллийн талаарх таны саналыг хүлээн авахад бэлэн байна. Төслийн Төлөв
байдлын үнэлгээний тайланг боловсруулж Байгаль орчин, ногоон хөгжил,
аялал жуулчлалын яам хүлээн авсан. Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн
үнэлгээний тайлан удахгүй бэлэн болно. Байгаль орчинд нөлөөлөх
нөлөөллийн үнэлгээний үр дүн, бууруулах арга хэмжээ, Байгаль орчны
менежментийн төлөвлөгөө АХБ-ын цахим хуудас (www.adb.org)-д тавигдах
болно.
Хэрэв та төслийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсч байвал доорх утсаар
холбогдоно уу.
ЦДҮС ТӨХК-ийн холбогдох мэргэжилтэн, утасны дугаар, и-мейл хаяг
Д.Чинбат 70044299
Эко Трейд ХХК-ийн холбогдох мэргэжилтэн, утасны дугаар, и-мейл хаяг
Б.Наран-Мандах 94060024 Naranmandakh@ecotrade.mn
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК