Монгол Улс Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжээд нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн[1] 17 ба 19 дүгээр зүйлд заасан төр нь ард түмэндээ үйлчилж, ард түмэн нь төрөө дээдлэн, хуулиа чандлан сахих үүрэг нь төр, иргэдийн хоорондын харилцааны тулгуур зарчим болж байна. Мөн Монгол Улсын төрийн албаны тухай хуульд “Төрийн албаны мөн чанар бол ард түмэндээ үйлчлэх явдал мөн” хэмээн заасан нь дээрх зарчмыг улам тодотгож өгсөн юм. Сүүлийн үед “Сайн удирдлага”-ын тухайд түүнийг ардчиллын чанарыг үнэлэх нэг хэмжүүр болгон ихэд ярьж, бичих болсны дээр төрийн байгууллагууд ч энэ талаар тодорхой зүйл хийхийг чармайж байна. “Сайн удирдлага”-тай холбоотой чухлаас чухал нэг асуудал бол төрөөс ард түмэндээ үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, чирэгдэл багатай, авилгал, хээл хахуулиас ангид байлгах явдал юм. Энэ ажлыг боловсронгуй болгох, зохион байгуулах нэг чухал суваг бол “Нэг цэгийн үйлчилгээ” юм.
“Нэг цэгийн үйлчилгээ”-г үр дүнтэй зохион байгуулахад юуны өмнө түүний хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгож, улмаар “Сайн удирдлага”-ыг бүх талаар төлөвшүүлэх явдал чухал. Төрөөс ард түмэнд үзүүлдэг үйлчилгээ олон төрөл бөгөөд зориулалт, чиг үүрэг нь ч өөр өөр. Жишээлбэл, төрөөс үзүүлэх үйлчилгээний нэг чиглэл нь төрийн аль нэг байгууллагад хувь хүн, хуулийн этгээдийг хүлээн авч уулзах, тэдний санал хүсэлтийг сонсох, өргөдөл гомдлыг нь барагдуулах, зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох явдал байдаг. Зах зээлийн харилцааны өнөөгийн нөхцөлд төрөөс ард түмэндээ үзүүлэх үйлчилгээний цар хүрээ өргөжиж, төрөл зүйл нь олшрон, олон чиглэлийн асуудлаар төрдөө хандах ард түмний хэрэгцээ, шаардлага ч өсөн нэмэгдэж байна. Төрөөс ард түмэнд үзүүлэх үйлчилгээ нь хууль, эрхзүйн цэгцтэй цогцолбор орчинг шаарддаг. Тэгвэл ийм шаардлага хангасан хууль, эрхзүйн орчин манайд хараахан бүрдэж чадаагүй байна. Тухайлбал, төрөөс ард түмэнд үзүүлэх үйлчилгээний нэг төрөл болох зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хууль, эрхзүйн зохицуулалт цэгцрээгүйгээс энэхүү үйлчилгээ доголдож, олон түмнийг чирэгдүүлж, бухимдуулсаар байгаа нь нууц биш юм. Өнөөгийн байдлаар Монгол Улсад 360 гаруй хууль үйлчилж байгаа мэдээ бий. Эдгээр хуулиас 260 гаруйг нь сонгон авч судалгаа хийхэд 94 хуулинд зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн асуудал тусгагдсан байна. Эдгээр 90 гаруй хууль нь чухамдаа төрөөс ард түмэнд үзүүлэх үйлчилгээг зохион байгуулах хууль, эрх зүйн үндэс болж өгч байгаа юм. “Нэг цэгийн үйлчилгээ”-ний зарчмыг хэрэгжүүлэх хууль тогтоомжуудын тоонд юуны өмнө · Монгол Улсын Засгийн газрын тухай хууль (1993); · Төрийн албаны тухай хууль (2002); · Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль (1995); · Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001); · Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль (1996); · Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (1992); · Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль (2002); · Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль (2004); · Засгийн газрын агентлагийн тухай хууль (2004) мөн үүнээс гадна зөвшөөрөл, гэрчилгээ, тусгай зөвшөөрөл олгох тухай заалт бүхий салбарын шинжтэй хуулиудыг оруулан дурдаж болно. Төрөөс ард түмэнд үзүүлэх үйлчилгээ өөрөө өргөн хүрээтэй, бүхэл бүтэн цогц үйл ажиллагаа бөгөөд түүний дотроос “Нэг цэгийн үйлчилгээ” нь материаллаг болон процессийн шинжтэй олон хуулинд тулгуурлах ёстой.[2] Төрөөс үзүүлэх үйлчилгээний талаарх хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж үзэхэд эдгээр хууль тогтоомжид оноосон нэр томьёоноос эхлээд бүрхэг, давхардсан шинжтэй заалт олон байгаа юм. Тухайлбал, тусгай зөвшөөрөл олгох нэг л асуудлаар гэхэд олон хуулинд “тусгай зөвшөөрөл,” “зөвшөөрөл”, “лиценз”, “гэрчилгээ”, “эрхийн бичиг” хэмээх янз бүрийн нэр томьёо хэрэглэсэн нь хууль зүйн хувьд зөвшөөрлийн тухай нэг л асуудлыг янз янзаар ойлгоход хүргэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 57-67 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулинд орон нутаг, түүний дотор аймаг, нийслэлийн засаг дарга нарын эрх мэдлийг өргөтгөж, чиглэлийн шинжтэй бүх газар, хэлтсийг тэдний шууд удирдлагад өгч, тэдгээр газар хэлтсийн ажлыг Засаг даргын Тамгын газар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган, үйл ажиллагааг нь зохицуулж, төрийн үйлчилгээг нэг цэг, нэг дороос үзүүлж байхаар зохицуулсан юм. Гэтэл Үндсэн хуулийн энэхүү үзэл баримтлал зөрчигдөж, чиглэлийн яам, агентлагууд өөрсдийн шууд харьяа газар, хэлтсүүдийг орон нутагт байгуулсны улмаас босоо удирдлагын газар хэлтэс олноор бий болж, түүгээр ч үл барам төрийн ажилтны тоо олширсон нь нэг талаар төрийн гүйцэтгэх байгууллагын хэвтээ удирдлагыг үгүйсгэж, нөгөө талаар босоо удирдлагын гаж тогтолцоог бий болгон, эцсийн эцэст удирдлагын төвлөрлийг төв, орон нутаг, яам агентлагийн түвшинд бий болгож эхэлсэн байна. 2002 онд Улсын Их Хурал Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль батлан гаргасан нь босоо удирдлагын гаж тогтолцоог улам дэврээв. Энэхүү хууль батлагдсанаар удирдлагын босоо тогтолцоо улам батжиж, бүх хөрөнгө мөнгийг төрийн санд төвлөрүүлж, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд гэхчилэнгийн орон нутгийн төсөвт байгууллагууд салбарынхаа яамны шууд удирдлагаар ажиллах болсон. Салбарын яамд төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх гол чиг үүргээсээ хальж орон нутагт түвэггүй шийдвэрлэж болох олон асуудлыг төсвийн багцад ороогүй гэдэг нэрийдлээр шат дамжуулан шийдвэрлэх болсноос төрийн үйлчилгээ саармагжиж, хариуцлагыг бие биедээ тохон, төрийн бодлогыг алдагдуулахад хүргэж байна. Эл байдлаас гарах арга зам бол орон нутагт удирдлагын босоо тогтолцоо, хоёрдмол удирдлагыг халж, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны дагуу орон нутагт хэвтээ удирдлагыг хөгжүүлэн, Засаг дарга нарын эрх мэдлийг өргөтгөж, төвлөрлийг сааруулан, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, өргөн хүрээтэй болгох явдал юм. Энэ үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, бүр 1980-аад оны эхэнд Их Британи, АНУ, Шинэ Зеланд, Австрали зэрэг оронд туршаад тодорхой амжилтад хүрээгүй “улсын салбарын шинэ удирдлага” хэмээх онолд үндэслэсэн “захиргааны үйл ажиллагааг үйлдвэрийн эдийн засгийн онолын үүднээс тайлбарласан захиргааны бодлогын шинжтэй багц нэгдэл” хэмээгддэг хоцрогдмол, хуучинсаг санааг орхиж, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болгож болох юм. Монгол Улсын Их Хурал 2001 онд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль баталж, түүгээрээ чиглэлийн 90 гаруй асуудлаар тусгай зөвшөөрлийг яам, агентлаг, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын түвшинд олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэхүү хуулийн гол зорилго нь төрөөс ард түмэнд үзүүлэх үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай, чирэгдэлгүй болгож, хүнд суртал, авилгалыг багасгахад тус дэм үзүүлэх явдал юм. Монгол Улсын Засгийн газар энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд 2002 онд тусгай тогтоол гаргаж, “Нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлэх талаар чармайлт тавьсан хэдий ч энэ ажил жинхэнэ утгаараа хэрэгжиж чадахгүй байна. Энэ нь дээрх хуулийг хэрэгжүүлэх болон “Нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлэх тогтолцоо, оновчтой механизмыг бүрдүүлж чадаагүйтэй холбоотой. Энэ бүхнээс үүдэн юуны өмнө Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг эргэн нягтлаж, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг болж өгвөл нэг мөр болгон цэгцэлж, тусдаа хууль боловсруулан гаргаж болох юм. Үүнтэй холбогдуулан салбарын чиглэлийн олон хуулинд буй зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох талын заалтуудад дүн шинжилгээ хийж, зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг ямар түвшинд олгож байх тухай асуудлыг нэг мөр болгон цэгцэлж, зарим хэсгийг нь багц хуульд оруулах, үлдсэн хэсгийг нь ямар ямар түвшинд шийдвэрлэж байж болохыг хуульчлан зааж өгөх шаардлагатай байгаа юм. Эцэст нь хэлэхэд, төрөөс ард түмэнд үзүүлэх үйлчилгээ бол өргөн хүрээнд олон асуудлыг хамарсан, ардчилсан төрийн чанарыг илтгэх нэг чухал үзүүлэлт учраас төрөөс үзүүлэх үйлчилгээний талаар бие даасан тусгай хууль боловсруулж гаргах шаардлага байгааг үгүйсгэх аргагүй.
|
[1] Монгол улсын үндсэн хууль, Улаанбаатар хот, 1992 он
[2] Дашцэдэн Д., “Нэг цэгийн үйлчилгээ,” түүнийг зохион байгуулах хууль, эрх зүйн, орчин, үзсэн 2014.04.23 http://www.forum.mn/p_pdf.php?obj_id=4425