Өнөөдөр эх орны дөрвөн зүг, найман зовхист шинэ хичээлийн жилийн анхны
хонх яруу сайхнаар цангинан байна. Эрдмийн өргөөндөө яарсан хүүхэд
багачууд ч хөөр баяраар дүүрэн байна.Чингэлтэй
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хичээлийн
шинэ жилийн анхны өдөр дүүргийнхээ ерөнхий боловсролын тэргүүний 72
дугаар сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд уригдан
оролцлоо. Нээлтэд мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
Ц.Баатархүү, 72 дугаар сургуулийн захирал Ц.Өлзийжаргал болон багш,
ажилтнууд, сурагчид, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.
Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийнхээ хүүхэд багачууд,
багш сурган хүмүүжүүлэгчдэд хандаж хэлсэн үгэндээ, ”2015-2016 хичээлийн
жилд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, сурагчид амьд сайхан хэлхээ холбоотой
байгаасай, түүний үрээр сурах эрмэлзэл, тэмүүллээр жигүүрлэн,
сургуулийнхаа нэр хүндтэй сурагч, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд
болоорой” гэсэн ерөөлийг өргөлөө.
Мөн,
дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас
дүүргийнхээ сургууль, цэцэрлэгүүдийн тоог нэмэгдүүлэх, сурах орчин
нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар олон ажлыг
хийж хэрэгжүүллээ. 2012-2015 оны хичээлийн жилүүдэд Улс, Нийслэл,
дүүргийн төсвөөс 17,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зөвхөн
сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн. Тэр дундаа Дүүргийн орон нутгийн төсвөөс
3,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ерөнхий боловсролын
сургуулиудад хийсэн гэдгийг онцлоод, цаашид дүүргийнхээ орон нутгийн
төсвөөс 72 дугаар сургуулийн “Урлаг” танхимыг үлгэр жишээ тохижуулж өгөх
болно гэдгийг тодотгож хэлэв.
Дараа
нь нээлтийн ёслолд оролцогчид нэгдүгээр ангид анхлан орж байгаа бяцхан
сурагчдад хичээлийн хэрэгсэл гардуулан өгсөн юм. 72 дугаар сургуулийн
авьяаслаг сурагчид уригдан ирсэн зочид, багш, ажилтнууд, үеийн нөхөд,
аав, ээж, дүү нартаа зориулан ая дууны дээжээ өргөн барилаа.