БНАСАУ болон Монгол улсын Засгийн газар хоорондын байгуулсан “Худалдаа далайн тээврийн салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн дагуу тус улсын боомтоор дамжуулан Монгол улсаас нүүрс гуравдагч зах зээлд борлуулах ажилд “Шарын Гол” ХК хамтран ажиллаж байгаа билээ.
“Шарын Гол” ХК нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх, хэрэглэгч нарын хэрэгцээ, шаардлагад нийцсэн нүүрсийг борлуулах бизнес хөгжлийн зорилтын хүрээнд Нүүрс баяжуулах үйлдвэр 2014 онд худалдан авсан билээ. Уг үйлдвэрийн угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд үйлдвэрийн туршилтын ажил явагдаж эхэллээ.
БНАСАУ-ын Газар, далайн тээврийн яамны сайд ноён Кан Жон Ван 2015 оны 3-р сарын 13-нд бусад холбогдох зочид, төлөөлөгчидийн хамтаар Шарын Гол ХК-д зочилж Нүүрс Баяжуулах үйлдвэртэй танилцлаа. “Шарын Гол” ХК-ийн талаас Гүйцэтгэх захирал Б.Батбаатар, Ерөнхий Инженер Ж.Эрдэнэбат, УҮХэлтсийн менежер Т.Шофёр болон НБҮ-ийн төслийн менежер Э.Мөнх-Оргил нар компанийн үйл ажиллагаа болон НБҮ болон цаашдын төлөвлөгөөг танилцуулсан юм.
Ноён Кан Жон Ван айчлалын үеэр “Шарын Гол” ХК”-тай хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж цаашид тус үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч, экспортын чанартай нүүрсийг амжилттай гадаад зах зээлд гаргана гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийлсэн юм.
“Шарын Гол” ХК нь НБҮ-ийн нээлтийг 6-р сарын 17-нд хийхээр төлөвлөөд байгаа ба уг үйлдвэр нь дотоодын хэрэглэгч нарын шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн гаргахаас гадна экспортын борлуулалтын боломжийг нээн өгч байгаа чухал бүтээн байгуулалт юм.