2015.04.29. Зуунмод.
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2015 оны 04 дүгээр сард зохион байгуулалтын дараахь асуудлуудыг авч хэрэгжүүлж шийдвэрлэлээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит VI-р хуралдааныг 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн ЗДТГ-ын 116 тоот өрөөнд хуралдууллаа.
Хуралдаанаар доорхи асуудлуудыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргасан байна.
Үүнд:
1. Сумдын ИТХ-ын 2014 оны хуралдааны материалд хяналт үнэлгээ хийсэн дүнгийн тухай Хурлын Ажлын мэдээлэлийг хэлэлцээд сумдын хуралдаануудын ажил хэрэгч чанар төдийлэн сайжрахгүй, Хурлын Тэргүүлэгчид болон Хороод хэлэлцэж буй асуудлаар дүгнэлт гаргаж хуралдаандаа мэдээлдэггүй, нэр хэмээх төдий ажилладаг, дүгнэлт санал боловсруулсан ч гаргасан дүгнэлт, дэвшүүлсэн саналаа хуралдаанаас гарах шийдвэрийн төсөлд тусгуулах талаар идэвхи санаачилгагүй ханддаг, хуралдааны баримт бичгийг Архив, бичиг хэргийн стандартад нийцүүлэн бүрдүүлэх талаар гаргадаг нийтлэг дутагдлаа арилгах талаар хойрго ханддаг, шаардсан тайлан, мэдээ, хугацаатай үүргүүдийг хугацаа хоцроох, ирүүлэхгүй байх зэрэг дутагдлууд гаргасаар ирснийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс онцлон тэмдэглээд, дараах ажлуудыг нэн даруй хэрэгжүүлж үр дүнд хүргэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллахыг зөвлөж, Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан мэдээллийг хавсарган хүргүүлэхээр шийдвэрлэн хуралдааны 11 заалт бүхий тэмдэглэлээр сумдыг ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдэд үүрэг өгөв.
2.Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын тухай асуудлыг хэлэлцээд аймгийн “ Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажил эрчимтэй хийгдэж зохих үр дүнд хүрч сүүлийн жилүүдэд тариалсан талбай, хураан авсан ургацын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж 2014 онд 1 га-аас хураан авсан ургацаараа улсдаа тэргүүлсэн амжилт гаргасан байна. 2015 онд үр тариа 69850 га-д тариалж, 106778 тонн ургац хураан авч, 70450 га-д уринш боловсруулахаар дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө аймгийн нийт тариаланчид, нутгийн захиргааны байгууллага эрчимтэй ажиллаж байгаа ба энэ хаврын тариалалтын бэлтгэл ажил технологит хугацаандаа эхэлж хэвийн явж байгаа боловч зарим иргэн, аж ахуй нэгж өнгөрсөн онд гурлын үйлдвэрт тушаасан будааныхаа үнийг одоо болтол авч чадахгүй байгаагаас санхүүгийн бэрхшээлтэй учирч ажил удаарширч газар тариалангийн үйлдвэрлэлийн ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг тэмдэглээд тогтоолийн хавсралтаар заагдсан 76 аж ахуй нэгж, иргэдийн, 7 гурилын үйлдвэрт тушаасан будааны үнэ 7456.4 сая төгрөгийг ойрын хугацаанд олгуулах талаар туслалцаа үзүүлэх хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт уламжлан энэхүү хүсэлтийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хүргэж шийдвэрлүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргад даалган 37 тоот тогтоолийг хавсралтийн хамт батлан гаргав. Мөн аймгийн Засаг даргад 4 заалт бүхий хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
3. Аймгийн орон нутгийн өмчит “ Зуунмод махны үйлдвэр” зэрэг зарим нэг ОНӨҮГ-ыг хувьчлах асуудлыг судалж санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг томилох тухай асуудлыг хэлэлцээд 38 тоот тогтоолоор ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилж тус асуудлын холбогдох тооцоо судалгааг нарийвчлан хийж санал дүгнэлт боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд танилцуулахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч ажлын хэсгийн ахлагч Ж.Цэндсүрэнд даалгасан байна.
4. Төв аймагт “ Инновацын тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцээд Төв аймагт Инновацийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд холбогдох хэлтэс, газар сумд, байгууллагуудын үйл ажиллагааг нягт уялдуулан зохион байгуулж шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт тавьж, биелэлтийн байдалд мониторинг үнэлгээ хийж жил бүр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд тайлагнаж байх. Төлөвлөгөөнд тусгагдсан шинжлэх ухааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх асуудлуудын талаар Засгийн Газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу шинжлэх ухааны байгууллагад захиалга өгөх, шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг хянах, үр дүнг хүлээн авах ажлыг аймгийн эрдэмтэдийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх, төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудаас тухайн жилд хийгдэх ажил, түүнд шаардагдах хөрөнгийг аймгийн жил жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгуулан батлуулахыг аймгийн Засаг даргад даалган Хуралдааны 39 тоот тогтоолыг батлан гаргав.
Мөн тус төлөвлөгөөг өөрийн сумандаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсөн байна.
5. Зуунмод суманд 10 МВ-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах төслийг дэмжих тухай аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Зуунмод сумын Засаг дарга Ж.Цэндсүрэнгийн мэдээлэлийг хэлэлцээд Зуунмод хотын өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг, байгалтд ээлтэй сэргээгдэх эх үүсвэрээр хангаж тус хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан “ Эко” хот болох зорилтыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж улмаар хотын цаашдын хөгжлийг хангах, иргэдийн хэрэглээний зардлыг бууруулахад чиглэсэн технологи нэвтрүүлэх орон нутгийн төсвийн орлого нэмэгдүүлэхэд ач холбогдол бүхий Нарны эрчим хүчний цахилгаан станцыг өөрийн бодит хөрөнгө оруулалтаар байгуулах санал ирүүлсэн гадаадын хөрөнгө оруулалттай “Люкстюм” ХХК-ны төслийн саналыг дэмжиж Зуунмод, Сэргэлэн сумын нутгийг хамруулан 24 га талбайг гадаадын хөрөнгө оруулалттай “Люкстюм” ХХК –д ашиглуулах асуудлыг Газрын тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх, аймгийн эдийн засгийн хөгжилд бодит түлхэц болох төсөо хөтөлбөрүүдэд тухайлбал байгаль орчинд ээлтэй хог боловсруулах үйлдвэр байгуулах, Манзуширын аялал, жуулчлалын бүсийг хөгжүүлэх, Зуунмодны голын ай савыг тохижуулах, оршуулгын зан үйлийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох зэрэгт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, уг бүтээн байгуулалтын ажлыг хийхэд шаардагдах газрын асуудлыг холбогдох Сэргэлэн, Зуунмод сумдаар шийдвэрлүүлэх талаар хийх ажлыг эрчимжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалган 40 тоот тогтоолийг батлан гаргав.
2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Майдар хотын төслийн баг, аймгийн ИТХ-тай хамтран Майдар хотын талаар нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд зохион байгуулж явууллаа.
Тус хэлэлцүүлэгт Засгийн Газрын ажлын хэсгийг төлөөлж Барилга хот байгуулалтын дэд сайд н.Байгальмаа, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Майдар хотын ерөнхий архитектур RSAA компаны захирал Штефеи Шмит, Ажлын хэсгийн гишүүн н.Баяртуул, Их Майдар сангийн гүйцэтгэх захирал Б.Цогтбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ариунаа нар оролцож мэдээлэл танилцуулгыг хийлээ.
Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “ Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн сургалт ”-ыг энэ сарын 28-30-ны өдрүүдэд 7 аймгуудын ИТХ, ГХУСАЗАЗ, аймгуудын ЗДТГ-ын ХЗХ, ҮХААГ-ын удирдах бүрэлдэхүүнийг оролцуулсан нэгдсэн сургалт семинарыг Баянхонгор аймгийн төвд зохион байгуулахаар албан бичиг ирүүлсний дагуу тус сургалтанд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗАЗ-ийн дарга Ц.Мэндсайхан бүрэлдэхүүний хамт оролцлоо.
2015 оны 04 дүгээр сард аймгийн ИТХ-ын даргын нэр дээр болон Ажлын албанд өргөдөл гомдол ирээгүй байна.
Төр засгийн дээд байгууллага, орон нутгийн байгууллагуудаас нийт 45 бичиг ирүүлсэн бол хариу өгөх шаардлагатай 10 бичигт хугацаанд нь хариуг өгч шийдвэрлэн ажилласан байна.
Мэдээ бэлтгэсэн:
Ажлын албаны ажилтан Д.Оюунсайхан