Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас төрийн захиргааны ажилтан, албан хаагчдын дунд сагс, гар бөмбөг, шатар, билиярд, ширээний теннис зэрэг спортын таван төрөлтийн нөхөрсөг тэмцээн өндөрлөж дүнгээ гаргав. Тэмцээнд Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумын болон аймгийн ЗДТГ-ын албан хаагчид оролцлоо.
Тэмцээний гол зорилго нь албан хаагчдын хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжиж амралт чөлөөт цаг, бие бялдрыг нь чийрэгжүүлж эвсэг хамт олныг бүрдүүлэхэд чиглэсэн байна. Аймгийн Төрийн байгууллагын албан хаагчдын дунд жил бүр зохион явагддаг уг тэмцээний шатрын эрэгтэй төрөлд Хонгор сумын н.Ариунболд, эмэгтэй төрөлд Орхон сумын н.Хулан, ширээний теннисний эрэгтэй төрөлд Шарын гол сумын н.Наранбаатар, эмэгтэй төрөлд Хонгор сумын н.Энхсаруул нар тэргүүн байр эзлэв. Мөн сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрөлд Шарын гол сумын баг тамирчид эхний байранд шалгарчээ. Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд Хонгор сумын баг, эмэгтэй төрөлд аймгийн ЗДТГ-ын баг түрүүллээ. Багийн нийт дүнгээр Шарын гол сумын баг тамирчид тэргүүлж шилжин явах цомын эзэн болов. Аймгийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулагдсан уг тэмцээн ирэх жил Шарын гол суманд болох аж.