2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр |
Улаанбаатар хот |
Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссыг үйл ажиллагаа явуулах байраар хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг аймаг, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж, иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгосугай.
4. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасанд үүрэг болгосугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 304 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын сайд С.ЭРДЭНЭ
Засгийн газрын 2015 оны 11 дүгээр
тогтоолын хавсралт
ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ
КОМИССЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс (цаашид "комисс" гэх)-ын
зорилго нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого,
мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас иргэн хөдөлмөрийн чадвараа бүрэн
буюу хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь
хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг
өөрчлөх, ажлын цагийг богиносгох асуудлыг магадлан шийдвэрлэхэд оршино.
1.2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс (цаашид “төв комисс” гэх), аймаг (дүүрэг)-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс (цаашид "орон нутгийн комисс” гэх) тус тус ажиллана. Төв комиссын дэргэд Сэтгэцийн болон Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс (цаашид "салбар комисс" гэх)-ыг байгуулж ажиллуулна.
1.3. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаанд дор дурдсан байгууллагын төлөөлөл оролцоно:
1.3.1. тухайн орон нутгийн нийгмийн даатгал, нийгмийн халамж болон эрүүл мэндийн байгууллага;
1.3.2. аймаг (дүүрэг)-ийн нутгийн захиргааны байгууллага;
1.3.3. ажил олгогч;
1.3.4. хөгжлийн бэрхшээлтэй иргэн, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах байгууллага.
1.4. Иргэний хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас гэж ангилна.
1.5. Иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг дор дурдсанаар ангилна:
1.5.1. бүрэн алдсан буюу 70-аас дээш хувиар алдсан;
1.5.2. хагас (хэсэгчлэн) алдсан буюу 50-69 хувиар алдсан.
1.6. Комисс нь үйл ажиллагаандаа Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон энэхүү дүрэм, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эрх зүйн актыг тус тус мөрдөнө.
1.7. Төв комисс нь энэ дүрмийн 1.1-д заасан зорилгын хүрээнд эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах, орон нутгийн болон салбар комиссыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих, эмнэлэг хөдөлмөрийн магадлалын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
1.8. Комисс нь тогтоосон журмын дагуу хийсэн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.
1.9. Төв, орон нутгийн болон салбар комисс нь эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь акт, албан шаардлага, дүгнэлт, зөвлөмжийн хэлбэртэй байна.
1.10. Комиссын үйл ажиллагааны зардлыг нийгмийн даатгалын сангийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
Хоёр. Комиссын бүрэлдэхүүн
2.1. Төв комисс нь 15 хүний бүрэлдэхүүнтэй байна. Төв комиссын бүрэлдэхүүнд дарга, нарийн бичгийн дарга, нийгмийн даатгалын байгууллагын магадлагч эмч 6, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч эмч 5, даатгуулагч, ажил олгогчийн төлөөлөл тус бүр 1 хүн орно. Төв комиссын дарга, нарийн бичгийн дарга, магадлагч эмч нь орон тооны байна.
2.2. Төв комиссын орон тооны бус гишүүнийг энэ дүрмийн 3.2-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн, орон тооны гишүүнийг нийгмийн даатгалын төв байгууллагын саналыг үндэслэн нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус томилж, чөлөөлнө.
2.3. Орон нутгийн комисс болон салбар комисс нь 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Комиссын бүрэлдэхүүнд нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, магадлагч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмч, нийгмийн халамжийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл орно. Салбар комиссын орлогч даргын үүргийг Төв комиссын магадлагч эмч гүйцэтгэнэ. Орон нутгийн комиссын магадлагч эмч нь орон тооны байна.
2.4. Орон нутгийн комиссын бүрэлдэхүүнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга энэ дүрмийн 3.3-т заасан сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн аймаг (дүүрэг)-ийн Засаг дарга болон Төв комиссын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.
2.5. Салбар комиссын бүрэлдэхүүнийг энэ дүрмийн 3.4-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Төв комиссын даргатай зөвшилцөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга томилж, чөлөөлнө.
2.6. Төв комиссын дарга нь салбар комиссын даргатай, орон нутгийн болон салбар комиссын дарга нь тус тусын комиссын гишүүдтэй үр дүнгийн гэрээ байгуулан, ажлын үр дүнг тооцож ажиллана.
Гурав. Комиссын гишүүдэд тавих шаардлага
3.1. Төв комиссын (орон тооны бус) шинжээч эмч, орон нутгийн болон салбар комиссын (орон тооны бус) төрөлжсөн мэргэжлийн эмч нарыг дараах шаардлагыг хангасан эмч нараас нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгаруулж, 3 жилийн хугацаагаар томилно:
3.1.1. мэргэжил (мэргэшил)-ээрээ 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй их эмч;
3.1.2. ял шийтгүүлж байгаагүй;
3.1.3. мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй;
3.1.4. багаар ажиллах чадвартай;
3.1.5. нийтийн эрх ашиг, шударга журмыг дээдэлдэг байх.
3.2. Нийгмийн даатгалын төв байгууллага нь Төв комиссын (орон тооны бус) шинжээч эмч нарын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, дүнг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.
3.3. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь тухайн шатны Засаг даргатай хамтран орон нутгийн комиссын төрөлжсөн мэргэжлийн (орон тооны бус) эмч нарын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, дүнг нийгмийн даатгалын төв байгууллагад хүргүүлнэ.
3.4. Салбар комиссын төрөлжсөн мэргэжлийн (орон тооны бус) эмч нарын сонгон шалгаруулалтыг нийгмийн даатгалын төв байгууллага зохион байгуулна.
3.5. Шинжээч эмч болон төрөлжсөн мэргэжлийн эмчийн ажлын үр дүнг харгалзан комиссын гишүүнээр ажиллах хугацааг 1 удаа сунгаж болно.
Дөрөв. Комиссын үйл ажиллагаанд оролцогч талуудын
нийтлэг эрх, үүрэг
4.1. Комиссын үйл ажиллагаанд оролцогч талууд дараах нийтлэг эрхтэй:
4.1.1. нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн санг эрсдэлээс хамгаалах, аливаа алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан ажилтныг урамшуулах;
4.1.2. эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагаанд алдаа, дутагдал гаргасан, төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн комиссын дарга, гишүүн, албан хаагчдад хариуцлага хүлээлгэх талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлж шийдвэрлүүлэх;
4.1.3. комиссын үйл ажиллагаанд төрөлжсөн мэргэжлийн эмч, мэргэжилтнийг татан оролцуулах.
4.2. Комиссын үйл ажиллагаанд оролцогч талууд дараах нийтлэг үүрэгтэй:
4.2.1. эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;
4.2.2. иргэн хөдөлмөрийн чадвараа бүрэн болон хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгох асуудлаар шийдвэр гаргах;
4.2.3. иргэн хөдөлмөрийн чадвар алдахаас урьдчилан сэргийлэх, сэргээн засах үйл ажиллагааг дэмжих, энэ чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах, хөдөлмөрийн чадвар алдалтын байдалд судалгаа, шинжилгээ хийж, харилцан туршлага солилцох;
4.2.4. эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагааг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах;
4.2.5. төрийн албаны болон нийгмийн даатгалын байгууллагын ажилтны, түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж ажиллах;
4.2.6. эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагааг боловсронгуй болгох, тусламж, үйлчилгээг сайжруулах талаар арга хэмжээ авах, санал боловсруулж шийдвэрлүүлэх;
4.3. Комиссын гишүүд нь мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлагаа харилцан солилцож, хамтарч ажиллана.
4.4. Комиссын гишүүн нь авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж иргэнд шуурхай үйлчлэх, тэдгээрийг үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй.
4.5. Комиссын гишүүн 30 хоногоос дээш хугацаагаар чөлөө авах тохиолдолд энэ тухай 1 сарын өмнө комиссын даргад урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авна.
Тав. Төв комиссын чиг үүрэг
5.1. Төв комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1. нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан бөгөөд эрүүл
мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, магадлан
итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын үзлэг, оношилгоо, шинжилгээний
дүнг үндэслэн эмнэлэг хөдөлмөрийн магадлал хийх;
5.1.2. эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой маргааныг Төв комиссын
хурлаар шийдвэрлэхдээ шинжээч эмч болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлийн
дүгнэлтийг үндэслэх;
5.1.3. хөдөлмөрийн чадвараа хугацаагүйгээр алдсан нь тогтоогдсон иргэний эрүүл мэндийн байдал, түүнд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний талаарх судалгааг орон нутгийн комиссын магадлагч эмч харьяалагдах өрх болон сумын эмчээс хагас, бүтэн жилээр авч, хяналт тавьж ажиллах;
5.1.4. мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, санхүүжилт, төсвийн зарцуулалтын байдалд хяналт тавих;
5.1.5. эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагаа болон түүнд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн зардлын төсвийн төслийг нарийвчилсан хуваарийн саналын хамт хуульд заасан хугацаанд боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлэх;
5.1.6. орон нутгийн болон салбар комиссын эмч, мэргэжилтнийг мэргэжил,
арга зүйн удирдлагаар хангах, давтан сургах асуудлаар санал боловсруулж,
холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэх;
5.1.7. комиссын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, дэвшилтэт
техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төсвийн төлөвлөлтийг
сайжруулах, хөдөлмөрийн чадвар алдалтын талаар тооцоо, судалгаа хийх,
мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх;
5.1.8. энэ дүрмийн 6.1.8,6.1.9-д заасны дагуу ирүүлсэн тайлан, мэдээг улсын хэмжээнд хагас, бүтэн жилээр нэгтгэн дүгнэж, нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
5.1.9. орон нутгийн болон салбар комиссын гаргасан шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй бол түүнийг өөрчлөх буюу хүчингүй болгох;
5.1.10. орон нутгийн болон салбар комиссын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, хяналт шалгалт хийх, явцын болон бүрдмэл магадлал, ижил мэргэжилтний үзлэг хийх, тайлбар мэдээлэл авах, үүрэг, даалгавар өгөх, мэргэжлийн ур чадварыг сайжруулж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн болон салбар комиссын гишүүдийг сэлгүүлэн ажиллуулах санал гаргаж шийдвэрлүүлэх;
5.1.11. эрүүл мэндийн байгууллагын байрыг, шаардлагатай тохиолдолд харилцан тохиролцсоны үндсэн дээр эрүүл мэндийн байгууллагын багаж хэрэгсэл, лаборатори, эм урвалжийг оношилгоо, магадлагаа хийх зорилгоор үнэ төлбөргүй ашиглах.
Зургаа. Орон нутгийн болон салбар комиссын чиг үүрэг
6.1. Орон нутгийн болон салбар комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
6.1.1. иргэний хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгаан, түүний хувь хэмжээг тогтоох, хугацааг сунгах, цуцлах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх, ажлын цагийг богиносгох асуудлыг эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн тогтоох;
6.1.2. хөдөлмөрийн нөхцөл нь биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж,
өвчин эмгэг нь даамжран, цаашид хүндрэх төлөвтэй иргэний хөдөлмөрийн
нөхцөлийг эхний удаа 6 сар хүртэл хугацаагаар өөрчлөх, шаардлагатай
тохиолдолд хөдөлмөрийн нөхцөлийг бүрмөсөн өөрчлөх шийдвэр гаргах;
6.1.3. биеийн эрүүл мэндийн байдлын улмаас хөдөлмөрийн чадварын бууралт нь цаашид даамжрах төлөвтэй, тогтоосон хөдөлмөрийн цагт ажлаа бүрэн хийх боломжгүй иргэний ажлын цагийг богиносгох шийдвэр гаргах;
6.1.4. тухайн орон нутгийн хөдөлмөрийн чадвараа алдсан иргэний мэдээллийн цахим санг бүрдүүлж, тухай бүр шинэчлэх, хөдөлмөрийн чадвар алдалтын байдалд судалгаа хийх, дүгнэлт гаргах, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах;
6.1.5. Төв комиссоос өгсөн үүрэг, даалгаврыг шуурхай биелүүлэх;
6.1.6. орон нутгийн иргэний бүртгэлийн байгууллагатай хамтран хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн шилжилт хөдөлгөөн, нас баралтын мэдээллийг жил бүр тулган нягтлах;
6.1.7. комиссын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах;
6.1.8. комиссын үйл ажиллагааны хагас жилийн тайлан, мэдээг жил бүрийн 7 дугаар сарын 15-ны дотор, жилийн эцсийн тайлан, мэдээг дараа жилийн 1 дүгээр сард багтаан Төв комисст цахим хэлбэрээр хүргүүлэх, тайлан, мэдээний үнэн зөвийг хариуцах;
6.1.9. комиссын үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтын төсвийг хуульд заасан хугацаанд боловсруулан Төв комисст хүргүүлэх;
6.1.10. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд оролцоогүй, комиссын болон эмчлэгч эмчийн эмчилгээ, үйлчилгээний зөвлөмж, зааврыг удаа дараа биелүүлээгүй, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаагүй, эмнэлгийн хяналтад ороогүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгахаас татгалзах, цуцлах шийдвэр гаргах;
Тайлбар: Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт тухайн иргэн гадаад, дотоодод эмчлүүлж, сувилуулж байгаа, өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй эсхүл байнга хэвтэрт байдгийн улмаас биечлэн ирж чадахгүй болсныг ойлгоно.
6.2. Комиссын бүрэлдэхүүнд орсон нийгмийн халамжийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл нь хөдөлмөрийн чадвараа алдсан иргэний эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавьж, тэднийг шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй.
Долоо. Аймаг (дүүрэг)-ийн Засаг даргын чиг үүрэг
7.1. Аймаг (дүүрэг)-ийн Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.1.1. иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой үйл ажиллагааг дэмжиж, холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
7.1.2. комиссыг үйл ажиллагаа явуулах байраар хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, комиссын гишүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах талаар шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
7.1.3. эрүүл мэндийн байгууллагын менежерийн үр дүнгийн гэрээний шалгуур үзүүлэлтэд хөдөлмөрийн чадвар алдсан иргэнийг өрхийн болон төрөлжсөн мэргэжлийн эмчийн идэвхтэй хяналтад оруулах, эмчилгээний үр дүнг тооцох, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг бууруулах, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх үйл ажиллагааг оруулах;
7.1.4. комиссын тайланг жил бүр хэлэлцэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байх.
Найм. Эрүүл мэндийн байгууллагын чиг үүрэг
8.1. Эрүүл мэндийн байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1.1. эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисс болон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
8.1.2. эмчийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтэд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон иргэний эдгэрэлтийн байдалд хяналт тавих үүргийг оруулах;
8.1.3. комиссын магадлагч эмчийг эмчилгээ, оношилгооны удирдамжаар хангаж, холбогдох сургалтад хамруулах, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллах;
8.1.4. хурал зохион байгуулах байр болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, бусад нөхцөл, боломжоор комиссыг хангах;
8.1.5. хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацаа тогтоолгож байгаа иргэдэд үйлчлэх тав тухтай орчин, нөхцөлийг бүрдүүлэх;
8.1.6. тухайн нутаг дэвсгэрийн хүн амын хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, нөхцөлийг судлах, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих;
8.1.7. эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын үйл ажиллагааны тайланг улирал тутам орон нутгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хүргүүлэх.
Ес. Урамшуулал
9.1. Төв комиссын болон орон нутгийн комисс, салбар комиссын дарга, гишүүнд ажилласан цагаар нь тооцож сар бүр урамшуулал олгоно. Урамшууллын хэмжээг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил бүр тогтооно.
9.2. Комисс нь хөдөлмөрийн чадварыг сэргээн засах тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлж, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн тоог бууруулахад идэвх санаачлага гаргаж ажилласан, гарч болзошгүй ноцтой алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажилласан аймаг (дүүрэг)-ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн, магадлагч эмч нарт шагнал, урамшуулал олгох тухай саналыг холбогдох байгууллагуудад уламжилж шийдвэрлүүлнэ.
9.3. Төв комисс, орон нутгийн комисс болон салбар комиссын бүрэлдэхүүнд гурваас дээш жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан магадлагч эмчид 3 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний 1 удаагийн мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно.
9.4. Төв комисс болон орон нутгийн комисс, салбар комиссын бүрэлдэхүүнд тогтвортой ажиллаж байгаа магадлагч эмчийг үндсэн мэргэжлээр нь мэргэжил дээшлүүлэх сургалтад нийгмийн даатгалын байгууллагын зардлаар 3 жил тутамд хамруулж болно.
9.5. Энэ дүрмийн 9.3, 9.4-т заасан үйл ажиллагаанд шаардагдах зардлыг харьяа нийгмийн даатгалын байгууллагын төсөвт тусгана.
Арав. Бусад
10.1. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах үйл ажиллагаанд алдаа, зөрчил гаргасны улмаас иргэний хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ болон хугацааг үндэслэлгүйгээр тогтоосон бол албан хаагчид хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
------ o0o ------