ТӨВ АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
2012 оны 03 сарын 06-ны өдөр Дугаар 33 Зуунмод хот
“Хүнсний аюулгүй байдал” дэд
хөтөлбөр батлаж хэрэгжүүлэх
тухай
Аймгийн Засаг дарга Ц.Энхбатын өргөн мэдүүлсэн “Хүнсний аюулгүй байдал дэд хөтөлбөр” боловсруулсан тухай мэдээллийг хэлэлцээд Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
1.“Хүнсний аюулгүй байдал” дэд хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, тухайн жилд хийх ажлыг аймаг, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгуулан, хэрэгжүүлэх ажлыг удирдлага зохицуулалтаар ханган, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Ц.Энхбат/-д даалгасугай.
3.Энэ тогтолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ш.Цэрэндоо/-д үүрэг болгосугай.
ДАРГА Ж.БАТЖАРГАЛ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн 2012 оны 03 дугаар
06-ны 33 дугаар тогтоолын
хавсралт
“ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ”
ДЭД ХӨТӨЛБӨР
Нэг. Хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал
1.Хүнсний үйлдвэрлэл, хангамж: Аймгийн хүн амын мах, сүү, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа боловч улирлын хамаарал, тал хээрийн болон газар тариалан бүхий сумдад хэрэглээний зөрүү их байна.
Тухайлбал суурин газрын иргэд өвлийн улиралд сүү цагаан идээний хомсдолд орж 1.8 дахин бага сүү, өндөр үнэтэй мах хэрэглэж байхад газар тариалан, эрчимжсэн аж ахуй бүхий сумдын иргэд хэрэгцээнээсээ төмс 11.1-101 дахин их, хүнсний ногоо 1.8-16 дахин ихийг тариалж, сүү 9.6-10.3 дахин ихийг бэлтгэн зах зээлд нийлүүлж байхад та хээрийн сумдад /Баянцагаан, Баян-Өнжүүл, Баян, Бүрэн, Дэлгэрхаан/ төмсний хангамж 5.9-30.5 хувь, хүнсний ногооны хангамж 1.5-11.8 хувьтай байна.
2.Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал: 2011 оны байдлаар хүнсэнд хэрэглэж байгаа махны зөвхөн 0.8 хувь, сүүний 9.6 хувийг үйлдвэр, цехэд боловсруулсан, бусад нь мал эмнэлэг ариун цэврийн хяналтаас гадуур бэлтгэсэн бүтээгдэхүүн байна.
Зах зээл дээр худалдаалж байгаа хүнсний түүхий эд бүтээгдэхүүн гарал үүслийн хувьд тодорхойгүй, чанар, эрүүл ахуйн шинжилгээнд бүрэн хамрагдаж баталгаажаагүй байгаагаас Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалт, дүгнэлтээр импортын хүнс, түүхий эдэд химийн хорт бодисын үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрэх, хортон шавьж, эмгэг төрөгч бичил биетэн илрэх тохиолдол цөөнгүй байна.
Аймгийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүнд микробиологи, нян судлалын шинжилгээ хийх итгэмжлэгдсэн лаборатори байхгүй байна.
Хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа мах, сүү, төмс, хүнсний ногоог савлах, хадгалах, тээвэрлэх, худалдаалах үе шат бүхэнд технологийн горим, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага зөрчигдөх явдал түгээмэл байна.
3.Хүнсний шимт чанар: Хүн амын хэрэглээнд мах, гурилан бүтээгдэхүүн зонхилж эрдэс аминдэмийн гол эх үүсвэр болох төмс, хүнсний ногооны хангамж сумдад харилцан адилгүй таримал жимс, жимсгэнийн хангамж 1.3 хувьтай байна.
Хүнсний шимт чанар, хооллолтын гол үзүүлэлт болох хүүхэд бага жинтэй төрөх, 5 хүртэлх насны хүүхдийн өсөлт хоцрох явдал гарсаар байна. Тураал, рахит, цус багадалтанд НЭМХ-ээс улсын хэмжээнд хийсэн 4 удаагийн судалгаагаар цус багадалтын тархалт 32 хувь буюу өндөр түвшинд ойрхон, жирэмсэн эмэгтэйчүүдийн 15.3 хувь цус багадалттай, бага насны хүүхдийн уураг илчлэгийн дутал өндөр, тураал 10.8 хувь, туранхай 3.2 хувь, өсөлт хоцролт 29.9 хувь, рахитын тархалт 52.2 хувьтай бөгөөд 0-6 сар хүртэлх хүүхдийн дунд өндөр байгаа нь жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд уураг илчлэгийн дутагдал их байгаагийн илрэл гэсэн дүгнэлт гарсан байна.
Хүн амын хүнсний хэрэглээ, зохистой хооллолтын мэдлэг, дадал, хангалтгүй худалдан авах чадварын ялгавартай байдлаас шалтгаалан аймгийн хэмжээнд хүн амын дунд хоол хүнснээс шалтгаалах өвчин эмгэгийн тохиолдол 2009 онд 1369.24, 2010 онд 1532.28, 2011 онд 1414.87 болж тууштай буурахгүй байна.
Эрүүл мэндийн газраас 2011 онд аймгийн хүн амын дунд “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл” сэдвээр НЭМХүрээлэнтэй хамтарч хийсэн судалгаагаар хүн амын 23.6 хувь нь өдөр бүр тогтмол тамхи татдаг, 96.8 хувь нь хоногт 5-аас бага нэгж, жимс хүнсний ногоо хэрэглэдэг, 3.7 хувь нь хөдөлгөөний хомсдолттой, 29.8 хувь нь артерийн даралт ихсэлттэй гарсан байна.
Мөн 15-64 насны хүн амын 50.6 хувь /31.6 хувь/ нь илүүдэл жин таргалалттай байгаа нь улсын дунджаас 2.4 дахин их, үүний дотор эмэгтэйчүүдийн таргалалт эрэгтэйчүүдээс бараг 2 дахин өндөр байна. Ийнхүү аймгийн хүн амын дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлс болсон тамхи таталт, архины хэрэглээ, жингийн илүүдэл зэргийн тархалт улсын дунджаас дээгүүр түвшинд байгаа нь ойрын 5-10 жилд халдаврт бус өвчин, тэр дундаа таргалалт, зүрх судас, чихрийн шижин өвчний тархалт нэмэгдэх хандлагатайг илэрхийлж байна.
Мөн “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн тандан илрүүлэх үзлэгт аймгийн 25211 хүн хамрагдсанаас халдварт бус өвчний сэжигтэй тохиолдол 20969 буюу 83.2 хувийг эзэлж байжээ.
Түүнчлэн жирэмсэн эмэгтэй болон хөхүүл эхчүүдийн хоолны хүртээмж, шимт чанар хангалтгүй, нийгмийн эмзэг хэсэг болох асран хамгаалах хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, ядуу өрхийн хүн амд хүнсний хомсдол илүү их байгаа зэрэг нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.
Хоёр. Хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах үндэслэл, шаардлага
Дээр дурдсан аймгийн хүн амын дунд байгаа хоол хүнснээс шалтгаалах өвчин, эмгэгийн байдалд дүгнэлт хийж, аймгийн Засаг даргын 2009 оны 502 дугаар захирамжаар батлагдан хэрэгжиж буй “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, Дэлхийн Хүнсний дээд хэмжээний уулзалтын зөвлөмж, Засгийн газрын 2011 оны 114 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт орж шинэчлэн батлагдсан “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн зорилтуудтай нийцүүлэн, хүн амыг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангах, эрүүл аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү дэд хөтөлбөрийг боловсруулав.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Энэхүү хөтөлбөр нь 2012-2016 онд хэрэгжинэ.
Дөрөв. Хөтөлбөрийн зорилго, тэргүүлэх чиглэл, зорилт
4.1.Хөтөлбөрийн зорилго нь иргэн, иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн байгууллагын зохистой оролцоог хангах замаар хүн амыг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангаж, эрүүл аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийн брэндийг зах зээлд өрсөлдөхүйц, органик хүнсийг бий болгож эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд оршино.
4.2.Хөтөлбөрийн энэхүү зорилгыг хангахын тулд дараахь 3 тэргүүлэх чиглэлийн зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлнэ.
4.2.1.Хүн амыг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр хүртээмжтэй, тогтвортой хангаж, хэрэглээн дэх үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний хувийн жинг нэмэгдүүлэх
4.2.2.Хүнсний бүтээгдэхүүн, ундны усны эрүүл ахуйн баталгааг хангах, хяналт, мэдээллийн сүлжээг боловсронгуй болгох
4.2.3.Хүнсний тэжээллэг чанарыг сайжруулж, зохистой хооллолтыг дэмжих, хоол тэжээлийн дутлыг бууруулах, зонхилох халдварт бус өвчнөөс сэргийлэх
Тав. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ.
5.1.“Хүн амыг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр хүртээмжтэй, тогтвортой хангаж хэрэглээн дэх үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний хувийн жинг нэмэгдүүлэх“ зорилтын хүрээнд дор дурьдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ.
5.1.1.Хүнсний боловсруулах үйлдвэр, цехүүдийн технологийг сайжруулан, хүчин чадлыг бүрэн ашиглах замаар үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ.
5.1.2.Тал хээрийн болон махны чиглэлийн эрчимжсэн аж ахуй бүхий сумдын мах боловсруулах үйлдвэр цехүүдийг мах хөргөлтийн цех, махны зоорь, стандартын агуулахтай болоход дэмжлэг үзүүлэн, мах бэлтгэл, махны хангамжийг нэмэгдүүлж, үнийн хэлбэлзлийг бууруулна.
5.1.3.“Зуунмод мах боловсруулах үйлдвэр”-ийг хүчин чадлаар нь бүрэн ажиллуулж суурин газрын хүн амыг үйлдвэрийн аргаар бэлтгэж боловсруулсан эрүүл ахуйн баталгаатай мах, махан бүтээгдэхүүнээр хангана.
5.1.4.Алтанбулаг, Аргалант, Баянцагаан, Баяндэлгэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Мөнгөнморьт, Лүн, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэсант зэрэг сумдын махны чиглэлийн аж ахуйн үйл ажиллагааг өргөжүүлэн, бусад сумдад шинээр байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
5.1.5.Гахай, шувуу, зөгийн аж ахуйн тоог нэмэгдүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн хэмжээг жил бүр өсгөнө.
5.1.6.Бүх сумдад хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, анхан шатны боловсруулалт хийх, хадгалах, тээвэрлэх, борлуулах нэгдсэн сүлжээг бий болгоно.
5.1.7.Эмзэг бүлгийн хүн ам өндөр настан, бага насны хүүхдэд хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэхэд төсөл, хөтөлбөр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана.
5.1.8.Аймаг, сумын түвшинд гамшгийн үед хэрэглэх хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ, тооцоо судалгааг гаргаж эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлнэ.
5.1.9.Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн хоршсон цогцолбор бий болгох эх үүсвэрийг тавьж цогцолбор байгуулсан тохиолдолд зээл санхүү, түрээсийн болон хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлнэ.
5.1.10.Сум, суурин газруудын хэрэгцээнд тохирсон бага, дунд хүчин чадал бүхий мах, сүү, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамлын тос боловсруулах жижиг үйлдвэр цех байгуулах аж ахуйн нэгж, иргэнийг хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжиж ажиллана.
5.1.11.Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хүлэмжийн аж ахуй, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж, технологийн сургалт зохион байгуулан мэргэжил арга зүйгээр хангана.
5.1.12.Үр тарианы хураан авах ургацын хэмжээг 100000 тн, төмсний хураан авах ургацын хэмжээг 57684 тн, хүнсний ногооны хураан авах ургацын хэмжээг 19664 тн, тосны ургамлын хураан авах ургацын хэмжээг 1500 тн, жимс, жимсгэний хураан авах ургацын хэмжээг 3226 тн-д тус тус хүргэснээр 2009 оныхоос үр тариа 32483 тн буюу 48 хувиар, төмс 17511 тн буюу 43.5 хувиар, хүнсний ногоо 10640 тн буюу 2.1 дахин, тосны ургамал 1391 тн буюу 13 дахин, жимс, жимсгэнэ 3194 тн буюу 9.8 дахин тус тус нэмэгдүүлнэ.
5.1.13.Чиргүүл дүүжин машиныг 70, өөрөө явагч тенхикийн 50 хувийг шинэчилж усалгаатай талбайн хэмжээг 3900 га, бордсон талбайн хэмжээг 6700 га, хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийн талбайн хэмжээг 70960 м2-д хүргэж, стандартад тэнцсэн үрээр тариалалт хийнэ.
5.1.14.Хүнсний тарималын нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор хөх тариа, тосны ургамал, шар буурцаг, мөөг зэрэг тарималыг шинээр тариалсан иргэн, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлнэ.
5.1.15.Тариалангийн талбайг хашиж хамгаалах, олон наст болон буурцагт ургамлыг үр тарианы сэлгээнд оруулах, талбайд сүрлийг хэрчин цацаж хучлага бий болгох, зурваслан тариалах, ойн зурвас байгуулах, ногоон бордуурт болон химийн уринш, цомхотгосон технологи, тэг элдэншүүлэлтийг нэвтрүүлэх, орон нутгийн бордоогоор хөрсийг бордох замаар хөрсний үржил шимийг сайжруулна.
5.1.16.Төмсний эрт ургацын болон сортын үр үржүүлэх 4 аж ахуйн нэгжийг шинээр сонгон шалгаруулж, үр үржүүлгийн аж ахуйн нэгжүүдэд элит болон супер элит үрийг Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс олгуулах, сортын үрээр аж ахуйн нэгж, иргэдийг 100 хувь хангах ажлыг зохион байгуулна.
5.1.17.Малын тэжээлийн таримал ургамлын нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор тэжээлийн шимт чанар сайтай нэг ба олон наст, буурцагт ургамлыг тарих талбайн хэмжээг 2558 га-д хүргэж, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлнэ.
5.1.18.Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний өрхийн тариалан эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор тариалан эрхлэгчдийг шинэ дэвшилтэт техник, технологи, мэдээллээр хангаж, сургалт зохион байгуулна.
5.2.“Хүнсний бүтээгдэхүүн, ундны усны эрүүл ахуйн баталгааг хангах, хяналт, мэдээллийн сүлжээг боловсронгуй болгох“ зорилтын хүрээнд дор дурьдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ.
5.2.1.Хүнсний боловсруулах үйлдвэрүүдэд аюулын дүн шинжилгээ болон эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо /НАССР/, Хүнсний аюулгүй байдлын чанарын удирдлагын тогтолцоо, хүнсний хэлхээний хяналтын тогтолцоог нэвтрүүлнэ.
5.2.2.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд дотоодын хяналтын журам тогтоон мөрдүүлж, дотоодын хяналтын үр дүнг сайжруулахад зөвлөгөө дэмжлэг үзүүлнэ.
5.2.3.Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний нэгжүүдийн үйл ажиллагаанд эрсдлийн үнэлгээ хийх, эрсдэл өндөртэй байгууллагуудын үйл ажиллагаанд хийх хяналтын үр нөлөөг сайжруулах замаар нийт үйлдвэрлэл, үйлчилгээний нэгжүүдэд өндөр эрсдэлтэй нэгжийн тоог бууруулах арга хэмжээ авна.
5.2.4.Хүнсний эрүүл ахуйн шинжилгээний лабораториудыг магадлан итгэмжлэлд хамруулна.
5.2.5.Нийтийн хоолны үйлчилгээ, хүнсний худалдаа эрхлэгчид, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээл бэлтгэн нийлүүлэгчдийг эрүүл ахуйн зохистой дадал мөрдүүлэх сургалтанд шат дараатайгаар хамруулна.
5.2.6.Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг гарал үүсэл, эрүүл ахуйн баталгаа, хаяг, шошготойгоор зах зээлд нийлүүлдэг болгох ажил зохион байгуулна.
5.2.7.Мал нядалгааны газар, сүү хүлээн авах цэгүүдийг эрүүл ахуй стандартын шаардлага хангасан байр, нөхцөлөөр ханган байнгын ажиллагаатай болгож, дотоодын хяналтын лабораториор хяналт тавьдаг болно.
5.2.8.“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, малаас хүнд халддаг халдварт өвчинтэй малд тандалт шинжилгээ хийж, өвчтэй гарсан малыг заазлан ялгах арга хэмжээ авах ба зайлшгүй шаардлагаар нядалсан тохиолдолд Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дагуу нөхөн олговор олгох асуудлыг орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэж байна.
5.2.9.Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд дэх малын эм, бэлдмэл, ургамал хамгааллын бодис, пестицид, бусад химийн бодисын үлдэгдэл, хүнд металл, цацраг үүсгүүр болон өвчин үүсгэгч нянгийн бохирдлыг тодорхойлох, хяналт тавих зорилгоор дээж авч төв лабораторид шинжлүүлэн, шинжилгээний дүнг үндэслэн хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ.
5.2.10.Холбогдох хууль, тогтоомжийн дагуу аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаа худалдаалдаг дэлгүүр, түүгээр үйлчилгээ үзүүлдэг бар, зоогийн газар зэрэг бүх нэгж цэгүүдийг аттестатчилж, тогтоогдсон нормативт нийцүүлэн тоог бууруулах бодлого барьж ажиллана.
5.2.11.“Орчны эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ундны усны хяналт, мэдээллийг тогтмолжуулна.
5.2.12.Эрүүл мэндийн газрын ус, хөрс, хүнсний бүтээгдэхүүн шинжлэх лабораторийг итгэмжлэлд хамруулан лабораторийн шинжилгээний аргаар хяналт тавина.
5.2.13.Сумдын ундны усны эх үүсвэрүүдээс сар бүр дээж авч шинжлэн шинжилгээний дүнг үндэслэн хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ.
5.2.14.Усаар дамжин халдварлах өвчний танадалт хийж, судалгаа мэдээллийг сайжруулна.
5.2.15.Хүн амын унд, ахуйн усан хангамжийн эх булгуудад хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоолт, түгээх шугам сүлжээ, тоног төхөөрөмж, байгууламжийн ашиглалт, хамгаалалтанд тавих хяналтыг сайжруулна.
5.2.17.Бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хэрэглэгчийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангахад стандартчилал, хэмжилзүй, чанарын сорилт шинжилгээгээр дэмжлэг үзүүлэх ажлыг сайжруулж, аймгийн нэгдсэн лабаротори байгуулж ажиллуулна.
5.2.18.Стандартын шаардлага хангасан ХАА-н гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлнэ.
5.3.”Хүнсний тэжээллэг чанарыг сайжруулж, зохистой хооллолтыг дэмжих, хоол тэжээлийн дутлыг бууруулах, зонхилох халдварт бус өвчнөөс сэргийлэх” зорилтын хүрээнд дор дурьдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ.
5.3.1.Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах тухай аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.
5.3.2.“Эх хүүхдийн эрүүл мэнд” стратегийн бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллана.
5.3.3.Бага насны хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан амин дэм, бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээнд болон тэдгээрийг тараах, түгээх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.
5.3.4.Монгол хүний зохистой хооллолтын зөвлөмжийн дагуу, хүн амын хоол тэжээлийн талаарх боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.
5.3.5.Аж ахуйн нэгж, иргэдийн хүнсний бүтээгдэхүүнийг “А”, “Д”, “E” амин дэм, эрдэс бодисоор баяжуулах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болгоход чиглэгдсэн үйл ажиллагааг зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжинэ.
5.3.6.Баяжуулсан болон зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх талаар иргэдэд хандсан сургалт, сурталчилгааг өргөжүүлнэ.
5.3.7.Эрүүл мэндийн газрын зохистой хооллолтын кабинетыг тогтмол ажиллуулж жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, асран хамгаалагч, иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг тогтмолжуулна.
5.3.8.Уламжлалт бус аж ахуй эрхлэж байгаа иргэд, аж ахуйн нэгжид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд сумын мал эмнэлэг, үржлийн тасаг, нэгжүүдээс тавих хяналтыг сайжруулна.
Зургаа. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
6.1.Үр тарианы ургамлын тариалалтад шаардагдах нийт үрийн 60-80 хувийг стандартын 1, 2-р ангийн үрээр тариалдаг болно.
6.2.“Сүү” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж /2010-2016/ сүү цагаан идээ боловсруулалтын түвшинг дээшлүүлэн нийт бэлтгэсэн сүүний 20 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулдаг болно.
6.3.Нийт бэлтгэсэн махны 30 хувийг үйлдвэр, цехын аргаар боловсруулж, жилдээ 150-200 тн мах бэлтгэж нөөцөлдөг болно.
6.4.Мах, сүүний болон төмс, хүнсний ногоо, жимс жисмгэний гарал үүсэл, эрүүл ахуй, ариун цэврийн байдалд тавих хяналт сайжирна.
6.5.Хүнсний түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн хүртэлх технологийн бүх шат дамжлагад хяналтын нэгдсэн тогтолцоотой болсон байна.
6.6.Фермерийн аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 20-иос доошгүй хувь нь хөдөө аж ахуй, үйлдвэр, эрүүл ахуйн зохистой дадлуудыг эзэмшсэн байна.
6.7.Бага насны хүүхдийн болон жирэмсэн эмэгтэйчүүдийн цус багадалтыг тус тус 1.5 дахин бууруулна.
6.8.“Д” аминдэмийн дутлыг 25 хувь, “А” аминдэмийн дутал буюу өсөлт хоцролтыг 6 хувиар тус тус бууруулна.
6.9.Хоногт 5 нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэж байгаа хүн амын тоо 2012 оноос 50 хувь буурсан байна.
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалт
7.1.Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг дор дурдсан Салбар зөвлөл аймгийн хэмжээнд зохион байгуулж, салбар хоорондын зохицуулалтыг хангаж, хяналт тавьж ажиллана.
7.2.Салбар зөвлөл нь дараахь бүрэлдэхүүнтэй байна.
Салбар зөвлөлийн дарга -Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
Нарийн бичгийн дарга -Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын
хэлтсийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ
хариуцсан мэргэжилтэн
Гишүүд: -ХХААЖДҮГ-ын дарга
- Мэргэжлийн хяналтын газрын дарга
- Эрүүл мэндийн газрын дарга
-Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн дарга
-Хүүхдийн сувилгаа чийрэгжүүлэлтийн төвийн дарга
-ХХААЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын албаны дарга
-ХХААЖДҮГ-ын Мал үржлийн албаны дарга
-ХХААЖДҮГ-ын Мал эмнэлгийн албаны дарга
-ХААЖДҮГ-ын хүнс, худалдаа, нийтийн хоол хариуцсан
мэргэжилтэн
-Сумдын Засаг дарга нар
-ТББайгууллагын төлөөлөл
Найм. Хөтөлбөрийн санхүүжилт
8.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь хөрөнгийн эх үүсвэр ашиглана.
8.1.1.Аж ахуйн нэгж, иргэдийн хөрөнгө
8.1.2.Улсын төсвийн хөрөнгө
8.1.3.Орон нутгийн төсвийн хөрөнгө
8.1.4.ЖДҮ, сум хөгжүүлэх сангийн хөрөнгө
8.1.5.Гадаадын төсөл, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, зээл
8.1.6.Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зориулалттай хөрөнгө, тоног төхөөрөмжийн дэмжлэг
8.1.7.Харилцаат мужийн хөрөнгө оруулалт, тусламж, зээл
8.1.8.Бусад эх үүсвэр
Ес. “Хүнсний аюулгүй байдал” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх газар тариалангийн салбарын шалгуур үзүүлэлт
№ |
Үзүүлэлт |
Хэмжих нэгж |
2009 оны түвшин |
Хүрэх түвшин |
||||||
2012 он |
2013 он |
2014 он |
2015 он |
2016 он |
||||||
1
|
Тариалах талбайн хэмжээ |
мян.га |
50614.1 |
70300 |
74886 |
78930 |
83327 |
87688 |
||
Тарих талбай |
Үр тариа |
Га |
44246 |
60700 |
63797 |
66894 |
69991 |
73088 |
||
Төмс |
га |
3587.3 |
4000 |
4201 |
4402 |
4606 |
4807 |
|||
Хүнсний ногоо |
га |
949.9 |
1100 |
1252 |
1404 |
1556 |
1708 |
|||
Тэжээлийн ургамал |
га |
597 |
2500 |
2580 |
2669 |
2769 |
2858 |
|||
Тосны ургамал |
га |
924 |
1000 |
1800 |
2000 |
2500 |
3000 |
|||
Жимс, жимсгэнэ |
га |
109.9 |
398,4 |
605,8 |
860,9 |
1154.6 |
1427 |
|||
Бусад |
га |
110 |
601.6 |
650 |
700 |
750 |
800 |
|||
2 |
Хураан авах ургац |
Үр тариа |
тн |
67517.3 |
75875 |
79746 |
83617 |
87488 |
91360 |
|
Төмс |
тн |
40173.9 |
48000 |
50412 |
52824 |
55272 |
57684 |
|||
Хүнсний ногоо |
тн |
9024 |
12100 |
13772 |
15444 |
17116 |
18788 |
|||
Тэжээлийн ургамал |
тн |
3060.5 |
13500 |
14000 |
14500 |
15000 |
15500 |
|||
Тосны ургамал |
тн |
108.7 |
500 |
750 |
1000 |
1250 |
1500 |
|||
Жимс, жимсгэнэ |
тн |
32.8 |
544 |
918 |
1494 |
2270 |
3226.8 |
|||
Бусад |
тн |
154 |
250 |
500 |
750 |
1000 |
1250 |
|||
3 |
Усалгаатай талбайн хэмжээ |
га |
2100 |
3000 |
3200 |
3450 |
3675 |
3900 |
||
4 |
Хүлэмж, хамгаалагдсан хөрсний хэмжээ |
м2 |
56070 |
67125 |
68085 |
69045 |
70000 |
70960 |
||
5 |
Боловсруулах уринш |
га |
49269 |
68950 |
70000 |
72000 |
74000 |
76000 |
||
6 |
Эрдэс болон орон нутгийн бордоогоор бордох талбайн хэмжээ |
га |
2680 |
4800 |
5300 |
5800 |
6200 |
6700 |
||
7 |
Шинэчлэх техникийн тоо /ш/ |
Чиргүүл дүүжин машин |
ш |
1061 |
51 |
62 |
69 |
78 |
82 |
|
Өөрөө явагч |
ш |
685 |
90 |
98 |
106 |
114 |
122 |
|||
____ооОоо____