Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан Сүхбаатар дүүргээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ барих бидний бэлэг” Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой 6663 ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 3 дугаар сарын 4-нөөс 6-ны хооронд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга Д.Бадарсан, Эмэгтэйчүүдийн зөвлөл, ЗДТГ-ын удирдлагууд болон хороодын ажлын алба хүндэтгэл үзүүлж, МХО-ны авъяаслаг сурагчид одонт ээжүүдэд “Ээж тандаа хайртай” урлагийн тоглолтоор бэлэг барьж, баярын мэндчилгээ хүргэсэн юм.
Энэ үеэр одонтой ээжүүд “ Дүүргийн удирдлагууд жил бүр биднийгээ хүндэтгэн хүлээн авдагт гүнээ талархаж байна аа. Жилээс жилд өнгө нэмж буй дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө үүнээс ч илүүг хийж бүтээгээрэй хүүхдүүд минь. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Дүүргийнхээ мянга мянган ээжүүдийнхээ өмнөөс ээж нь сүүн мялаалга өргье” гэлээ.