2015.03.06. Зуунмод.
Аймгийн ИТХ-ын 2015 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө болон Хурлын Нийгмийн бодлогын хорооны төлөвлөгөөнд тусгагдсан “Аймгийн Соёлын бодлого”-ын шинэчилсэн төслийн боловсруулалтын чанарыг сайжруулах, иргэд, мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгах хэлэлцүүлэг 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1140 цагт аймгийн ЗДТГ-ын Хуралдааны танхимд зохион байгуулж явуулаа.
Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Нийгмийн бодлогын хорооны дарга Ц.Энхбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны гишүүд, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтэн, Боловсролын газрын дарга, соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Аймгийн Нийтийн Номын сангийн дарга, Монгол Туургатан Театрын дарга, дэд дарга, найруулагч, уран сайхны удирдаач, Аймгийн Музейн дарга, сан хөмрөг хариуцсан эрхлэгч, музейн тайлбарлагч, Монголын урлагийн ажилтны холбооны Төв аймаг дахь салбар, Ахмадын хорооны дарга, Соёлын салбарт ажиллаж байсан ахмадууд, Манзушир хийд, Аймгийн Иргэний танхимын менежер , Зуунмод сумын ИТХ-ын дарга, холбогдох албан тушаалтнууд Зуунмод сумын1,3,4,6-р багуудын иргэдийн төлөөлөл нийлсэн 50 хүн оролцов.
Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан нээж үг хэлсэн ба аймгийн “ Соёлын бодлого”-ын шинэчилсэн төсөлд санал авах хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн бодлогын хорооны дарга Ц.Энхбат удирдан явууллаа.
Тус хэлэлцүүлгээс давхардсан тоогоор нийт 160 гаруй санал, сумдын ИТХ-ын иргэний танхимын хэлэлцүүлэгээс гарсан саналуудыг нэгтгэж эрэмбэлэн аймгаас баримтлах “Соёлын бодлого ”-ын шинэчилсэн төсөлд тусгахаар ажлын хэсэг ажиллан 3 дугаар сарын 06-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэхээр тогтов.
Аймгаас баримтлах “ Соёлын бодлого”-ын шинэчилсэн төсөлд иргэдийн санал авах хэлэлцүүлгийг сумдад нэгэн зэрэг иргэний танхимдаа зохион байгуулах талаарх чиглэлийг сумдын ИТХ-д аймгийн ИТХ-ын Ажлын албанаас оны эхэнд өгсөн бөгөөд 27 сумын ИТХ-аас тухайн бодлого хэлэлцэгдэж батлагдахаас өмнө 7 сум тогтоосон хугацаанд хэлэлцүүлгийн тайлан саналын мэдээ ирүүлснээс бодлогын баримт бичигт тодорхой санал нь тусгагдсан байна.
2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 4-р хуралдаанд аймгийн “ Соёлын бодлого”-ын хэлэлцүүлгээс гарсан саналуудыг тусгасан шинэчилсэн төслийг Тэргүүлэгчдэд өргөн барьж танилцуулан хэлэлцүүлэв.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралдааны Тэргүүлэгчдээс гарсан 10 гаруй саналыг нэмж тусган 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 32 тоот тогтоолоор аймгийн “ Соёлын бодлого”-ыг 5 бүлэг 7 зорилт 53 хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэйгөөр батлан гаргав.
МЭДЭЭ БЭЛТГЭСЭН
АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТАН Д.ОЮУНСАЙХАН