Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 13 зорилт 42 хэрэгжүүлэх арга хэмжээтэй баталж, 250 сая төгрөгийн төсөвтэй, 7 дэд Зөвлөлтэй ажиллалаа.
Энэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Дүрмээ мөрдье”, “Алдуул мал”, "Авилгагүй Төв аймаг", “Эрүүл оюутан-эрүүл ирээдүй” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээ 15 удаа, “Ногоон бүс”, “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл”, “эрүүл жолооч-2”, “Мал мах-2025”, “Дахин сэрэмжлүүлье дахин нягталъя”, "Хүүхдэд ээлтэй дотуур байр“, “Шударга нийгэм-бидний оролцоо” зэрэг нэгдсэн арга хэмжээ 13 удаа зохион байгуулж гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй цэгүүдэд байнгын 3, хөдөлгөөнт 5 пост ажиллуулж хэв журмын 33 чиглэлд эргүүл, хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулаахаар 390 удаагийн мэдэгдэл, албан шаардлага аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж үр дүнг тооцож ажилласан байна.
Мөн сургалт, нөлөөллийн чиглэлээр төрийн 178 байгууллага, төрийн бус 32 байгууллага, 390 аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагыг хамруулжээ.
Өнөөдрийн салбар зөвлөлийн хуралдаанаар 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Баасандорж танилцуулан, хэлэлцэж, 91 хувийн гүйцэтгэлтэй буюу “Үр дүн гарсан” гэж дүгнэлээ.
Мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, гэмт хэрэг гарах нөхцөл байдалд хийсэн судалгааны талаар аймгийн ерөнхий прокурор Б.Баярхүү, Цагдаагийн газрын дарга Б.Баянмөнх нар өөрсдийн саналаа илэрхийлэв.
Мөн аймгийн Тагнуулын хэлтсийн дарга Б.Оргилдорж цаашид Кримналогийн судалгаанд тулгуурлан ажиллах, Үндэсний аюулгүй байдлаас өгсөн зөвлөмжийг дагах, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах, хууль эрхзүйн мэдлэг олгох талаар анхаарч ажиллах санал илэрхийллээ.




