Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн удирдлагууд, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, сурагчдын төлөөлөл Хурандаа генерал Бутачийн Цог, Монгол улсын баатар Дуламдоржийн Самдангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Тэртээ 1921 онд Ардын журамт цэргийг Их жанжин Д.Сүхбаатар удирдан зохион байгуулж, үндэсний эрх чөлөөний хувьсгалын анхны ялалтыг хийсэн өдрөөс өнөөдрийг хүртэл Монгол улсын Зэвсэгт хүчин 104 жилийн гайхамшигт замналыг туулжээ.
Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд хамтран нэгдсэн нээлттэй өдөрлөг зохион байгуулж, урлаг соёлын олон арга хэмжээг иргэд хүүхэд залуучуудад сурталчилан Мөнх-алдарын талбайд ёслолын жагсаал хийлээ.
Ёслолын арга хэмжээний үеэр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн бэлтгэл ахлах ахлагч Чулуу овогтой Сундуй шагнагдаж, бусад алба хаагчид салбарын шагналаар хөдөлмөрөө үнэлүүллээ.