Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн удирдлагууд Төв аймагт ажиллаж байна. Уг ажлын хэсэг Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг даргын орлогч Б.Батбаатар болон бусад албаны хүмүүстэй уулзлаа.
Уулзалтын үеэр Төв аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдалтай танилцан, цаашид тулгамдаж буй асуудал, алслагдсан сум сууринд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд тулгардаг хүндрэл болон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын талаар танилцлаа.
Манай аймгийн хэмжээнд 27 сумын 94,0 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2025 онд аймгийн эрүүл мэндийн салбарт 6,1 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт тусган Баянжаргалан суманд шинээр эрүүл мэндийн төв барих, Дэлгэрхаан сумын эрүүл мэндийн төвийн их засвар, иргэдэд ээлтэй дэд бүтцийн хүртэмжийг дээшлүүлэх зорилгоор АНЭ-т 293,0 сая төгрөгөөр цахилгаан шаттай болох ажлыг эхлүүлэн тендерийг зарлаад байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаашид тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүний нөөцийг чадавхижуулах, нарийн мэс засал хийх ур чадварт сургах талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.