Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд Улаанбаатар-Зуунмод чиглэл, Улаанбаатар-Жаргалант чиглэлд авто тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, хоршоодын удирдлага, төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, Зуунмод сумын ИТХ-ын дарга Ж.Эрдэнэтоль, Засаг дарга Б.Хатанбаатар, Зуунмод сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Аймгийн Авто тээврийн төвийн дарга Н.Аасүрэн, “Алтанжолоо найзуудын зам” хоршоо, “Баянчандманий хурд”, “Андуудын аян” хоршоодын төлөөлөл оролцлоо.
Уулзалтын зорилго нь дээрх чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарц гаргалгаа, өнөөгийн нөхцөл байдлын талаар нээлттэй ярилцлаа.
Зуунмод сумын ЗДТГ, Төв аймгийн Авто тээврийн газар, Авто тээврийн Үндсэний төвийн гурвалсан гэрээний хүрээнд хүн тээврийн үйл ажиллагаа явуулдаг ба УБ-Зуунмод, УБ-Баянчандмань-Жаргалант чиглэлд тээврийн жолооч нарын дунд танил талаа ашиглан том тээвэр оруулах, монополдох, цагаар шахах зэрэг дотоод зөрчил, үл ойлголцол үүсээд буй нөхцөл шалтгаан, мөн хулгайн тээврийн асуудлаар олон талын байр суурийг сонслоо.
Уулзалтын үр дүнгээр
- Авто тээврийн газраас тээврийн үйлчилгээнд хийх хяналт, үйлчилгээг сайжруулах, цагийн хуваарилалт, хулгайн тээврийн асуудалд онцгой анхаарч, удирдлага зохион байгуулалтаар хангах
- Жолооч, хоршоод бие биетэйгээ уулзаж ойлголцох, зөвшилцөх
- Үүсээд буй нөхцөл байдалд бодитоор хандах, байгуулсан гэрээг эргэн харах, холбогдох шат дамжлагаар асуудлыг шийдэх зорилгоор ИТХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулах үүрэг чиглэл өглөө.