Аймгийн Цагдаагийн газар нь 1 хэлтэс, 7 тасаг, 6 дэд хэсэгтэйгээр аймгийн хэмжээнд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Аймгийн Цагдаагийн газар нь 2024 оны дүнгийн хурлаараа
- Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт, түүний үр дүн:
- Бие бялдрын бэлтгэлжилтийг хангах сургалтын талаар болон
- Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцууллаа.
Тайлангийн хуралд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Н.Энхболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Баянмөнх, аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Сандагбалиря, Цагдаагийн газрын алба хаагчид оролцлоо.
2024 онд аймгийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 4327, гомдол мэдээлэл хүлээн авч, шалгаснаас 97,7 хувийг шийдвэрлэсэн байна
Тус цагдаагийн газарт 2024 онд 675 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 34 нэгжээр буюу 5,3 хувиар өссөн, хэрэг бүртгэлтийн 545 хэрэг бүртгэгдсэний 363 хэргийг илрүүлж, илрүүлэлт 66,6 хувьтай, өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар, Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 3 тэрбум 870 сая төгрөгийн хохирол учирч үүнээс 2 тэрбум 820 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлүүлэлт 72,9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4,3 хувиар өссөн байна.
Тус Цагдаагийн газарт нийт 79615 зөрчил хүлээн авснаас 99,8 хувийг шийдвэрлэсэн ба урьд оны мөн үетэй харьцуулахад 5,3 хувиар өссөн үзүүлэлттэй, 78134 иргэнийг 2 тэрбум 663 сая 981 мянган төгрөгөөр торгосон байна.
Эрэн сурвалжлах ажлын чиглэлээр:
эрэн сурвалжлах ASAP санд 2024 оны 12 дугаар сарын 19-ний байдлаар нийт 485 эрэн сурвалжлалт зарлаж, 458 мэдээллийн эрэн сурвалжлалтыг зогсоож эрэн сурвалжлах ажлын гүйцэтгэл 8,94.4% хувьтай байгаа нь урд оноос 1.8% өссөн байна.
Мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Төв аймгийн хэмжээнд 2024 онд байдлаар мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 59.3 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 23 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеээс 22.3 хувиар буурч, илрүүлэлт 65.2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеээс 22.3 хувиар буусан үзүүлэлтэй.
Мөрдөн байцаах тасгийн үйл ажиллагааны чиглэлээр:
Иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 604 гомдол мэдээлэл хүлээн авснаас Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан 84, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 191, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан 301, харьяаллын дагуу шилжүүлсэн 7, үлдэгдэл 21 гомдол мэдээлэлтэй байна.
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн үйл ажиллагааны чиглэлээр:
Нийтийн хэв журам хамгаалах эргүүд 12 чиглэлд давхардсан тоогоор 1793 алба хаагч 12614 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, 296 удаагийн хамгаалалтад ажиллаж, зөрчил гаргасан 3960 иргэнийг 56655500 төгрөгийн шийтгэл оногдуулж, зөрчлийн улмаас 116 эд зүйл хураан авч, биеэ авч явах чадваргүй 337 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр:
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж замын хяналт шалгалтаар 78514 зөрчил илрүүлж, нийт 76800 жолоочид 2,059,251,000 /хоёр тэр бум тавин есөн сая хоёр зуун тавин нэг мянга/-н төгрөгийн торгууль оногдуулж ажилласан байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
Тус цагдаагийн газрын "Дүн шинжилгээ, судалгааны баг" сар бүр бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчилд дүн шинжилгээ хийж гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг зөв оновчтой зохион байгуулах зорилгоор 2024 оны байдлаар "Сар шинэ-2024", "Ногоон бүс", "Байгалиа хамгаалъя", "Хянамгай бай", "Эко-2024" "Байгаль хамгаалал" зэрэг хэсэгчилсэн нийт 38 арга хэмжээг орон нутгийн онцлог нөхцөл байдалд тохируулан зохион байгуулсан байна.
Мөн арга хэмжээний үеэр алба хаагчдаа аймгийн болон салбарын шагналаар шагнаж, урамшууллаа.