ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН 2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2024-12-05

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан энэ сард 1 удаа хуралдаж 6 асуудал хэлэлцэж 5 тогтоол баталлаа. Үүнд:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хуралдааны дэг”-ийг хэлэлцэн баталлаа.

2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодыг байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлав.

3.“Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хурлын Зөвлөлийг хуралдуулах, асуудал өргөн барих, шийдвэр гаргуулах журам”-ыг шинэчлэн батлав.

4.Сэлэнгэ аймгийн ойн сангаас 2025 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод түлээ бэлтгэх хуваарийг батлалаа.

5.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн хуралдаанаар зарим  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхийг олголоо.

Хурлын Зөвлөл 2024 оны 11 дүгээр сард 2 удаа хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн, мэдээллийг сонслоо. Үүнд:

1.”2024-2025 оны хичээлийн жилийн талаарх мэдээлэл”

2.“Сэлэнгэ аймгийн боловсролыг 2022-2032 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, 2022-2024 оны тайлангийн талаар”

3.Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар:

-Төв, суурин газар

-Хөдөө аж ахуй, газар тариалан

4.Аймгийн ИТХ-ын II хуралдаанаар хэлэлцэх асуудлууд болох:

-Аймгийн ИТХ-ын “Хуралдааны дэг”-ийн төсөл

-Хурлын хороодыг байгуулж бүрэлдэхүүн, “Хурлын хороодын ажиллах журам”-ын төсөл

-“Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хурлын зөвлөлийг хуралдуулах, асуудал өргөн барих, шийдвэр гаргуулах журам”-ын төсөл

-“Сүм хийдийн зөвшөөрөл олгох тухай” тогтоолын төсөл

-“Аймгийн ИТХ-ын Зөвлөлд эрх олгох тухай” тогтоолын төсөл

5.Хуралдааны тов тогтоох тухай асуудлуудыг хэлэлцлээ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН “СЭЛЭНГЭ-ЭНЕРГО” ОНӨААТҮГ-Т АЖИЛЛАВ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон Зөвлөлийн гишүүд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Сэлэнгэ-Энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт очиж үйл ажиллагааны тайланг нь сонсож, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа.

Тус байгууллагын хувьд дараах хэд хэдэн тулгамдсан асуудлуудыг аймгийн ИТХ-ын дарга, Зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Үүнд:

1.Үнэ тарифын талаар: 1кгал дулааныг 88298 төгрөгөөр үйлдвэрлээд хэрэглэгчдэд 52662 төгрөгөөр борлуулдаг. Нэг нэгж дулаан үйлдвэрлэл борлуулалтын зөрүү болох 35636 төгрөгийн алдагдлыг тус байгууллага хүлээдэг байна. Өнөөдрийн байдлаар дулааны станц 44кгал-д холбогдсон байгаагаас 1 цагт хэдэн төгрөгийн алдагдал гарч, сард хэчнээн төгрөгийн алдагдал болох цаашлаад халаалтын 8 сарын хугацаагаар бодоход 3.6 тэрбум төгрөгийн алдагдлыг зөвхөн дулаан үйлдвэрлэлээс хүлээж байна. Энэ нь урсгал зардлууд болон төлөвлөгдөөгүй бусад зардлууд нэмэгдээгүй дүн юм. Дулаан үйлдвэрлэлээс гарч буй энэхүү алдагдлыг нөхөхийн тулд Эрчим хүчний яамнаас 1.8 тэрбум төгрөгийн татаас авч, тус байгууллага үлдсэн 1.8 тэрбум төгрөгийн алдагдлаа үүрдэг байх нээ. Энэ оноос Эрчим хүчний яамнаас дулаан үйлдвэрлэлээс үүссэн алдагдлыг нөхдөг татаасыг өгөхгүй болж байгаа нь үнэ тарифт өөрчлөлт оруулахаас өөр аргагүйд хүрч байгааг хэллээ. Тодруулбал, одоо мөрдөгдөж байгаа дулааны үнийг 1м2 талбайд 800 төгрөгөөр тооцдог бөгөөд дулаан үйлдвэрлэл борлуулалтын үнийн алдагдал зөрүүгүй байхаар тооцвол 1м2 талбайг 2500 төгрөгөөр тооцож үнэ тогтоох шаардлагатай болж байгаа юм. Энэ нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндхэн тусах учраас тус байгууллагаас 1м2 талбайн халаалтын зардлыг 1700 төгрөг байхаар тооцсон үнэ тарифын саналаа Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлээд байгаа гэлээ. Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифын талаарх шийдвэрийг эцэслэн тогтоох юм байна.

2.Ажиллах хүч, хүний нөөцийн талаар: Тус байгууллага 130 хүний орон тоотой байхаас өнөөдрийн байдлаар 107 ажилтантай. 23 хүний нөөцийн дутагдалтай байгаа аж. Хүний нөөц дутагдалтай байгаагийн шалтгаан нь цалин хөлстэй холбоотой юм байна. Жишээлбэл, “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтнууд 1758000 төгрөг гар дээрээ авч байгаа нь салбарын дундаж цалингаас 600 мянган төгрөгөөр доогуур, төрийн үйлчилгээний дундаж цалингаас 455 мянган төгрөгөөр доогуур, мэргэшсэн 6-р зэрэгтэй ажилтнууд 1512000 төгрөгийн цалин гар дээрээ авч байгаа нь салбарын дундаж цалингаас 512500 төгрөгийн доогуур, төрийн үйлчилгээний ажилтны цалингаас 308 мянган төгрөгөөр доогуур, 3-р зэрэгтэй ажилтан 984000 төгрөгийн цалинтай байгаа нь салбарын дундаж цалингаас 336 мянган төгрөгийн доогуур, төрийн үйлчилгээний ажилтнаас 589 мянган төгрөгөөр доогуур, туслах ажилтнууд гар дээр 790000 төгрөгийн цалин авч байгаа нь салбарын дунджаас 264 мянган төгрөгөөр доогуур, төрийн үйлчилгээний ажилтнаас 580 мянган төгрөгийн доогуур цалин хөлстэй байгаа нь хүний нөөцийн дутагдалтай ажиллах шалтгаан нөхцөл болж байна гэлээ.

3.Өвлийн оргил ачааллын үед насжилтын хугацаа дууссан төв болон салаа шугамд гэмтэл гарснаар хэсэгчлэн болон бүхэлдээ хөлдөх эрсдэл үүссэн. Дулааны төв шугамын насжилтыг хувьчлан авч үзвэл: 35 жилийн насжилттай шугам 40%, 14 жилийн насжилттай шугам 16%, 12 жилийн насжилттай шугам 14%, 10 жилийн насжилттай шугам 12%, 8 жилийн насжилттай шугам 9%, 7 жилийн насжилттай шугам 8%, 1 жилийн насжилттай шугам 1%-ийг бүрдүүлж байна. Иймд улс, аймгийн төсвийн хөрөнгөөр насжилт ихтэй дулааны шугамыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

4.Цахилгааны нөөц эх үүсгүүргүй аваарын нөхцөл байдалтай ажиллаж байна. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх станцад ямар нэгэн гэмтэл гарч цахилгаангүй болсон тохиолдолд Сүхбаатар сум бүхэлдээ хөлдөх эрсдэлтэй байна. Иймд 500кВт-н цахилгааны эх үүсгүүр шаардлагатай байгаа гэлээ.

5.Тус байгууллагад өнгөрсөн онд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар эрчим хүчний хэмнэлттэй ажлын бүтээмж өндөртэй 300 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий насосыг шийдвэрлэж өгсөн нь өнгөрсөн жилд 110.000 квт эрчим хүч, мөнгөн дүнгээр 34 сая төгрөгийн хэмнэлтийг гарган ажиллажээ. Иймд энэ онд мөн нэг насос нэмж суурилуулснаар ирэх жил гэхэд 68 сая төгрөгийн хэмнэлтийг гаргах боломжтой болох учраас дахин нэг насосны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон Зөвлөлийн гишүүд үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, тулгамдсан асуудлаа хуваалцсан тус байгууллагын дарга Д.Алтансүх болон бусад инженер техникийн ажилтнуудад цаашдын ажилд нь амжилт хүсээд хөдөлмөрийн хүнд нөхцөлд аймгийн төвийн аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг галтай байлгахын төлөө чин сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаад нь баярлаж талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн тус байгууллагын тулгамдсан асуудлын талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж зарим нэгэн асуудлыг боломжит нөхцөл байдлаар хэрхэн дэмжиж болох талаар ярилцахаар тохирлоо.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН “СЭЛЭНГЭ ЦЭНГЭГ УС” ОНӨААТҮГ-Т АЖИЛЛАЛАА

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон Зөвлөлийн гишүүд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Сэлэнгэ цэнгэг ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт очиж үйл ажиллагааны тайланг нь сонсож, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа.

Тус байгууллагын хувьд иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангаж, стандартад нийцсэн хаягдал усыг татан зайлуулах зорилготой Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд тусгай зөвшөөрлийн дагуу усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Тус байгууллага Захиргаа аж ахуй, Цэвэр усан хангамжийн алба, Ариутгах татуургын алба, Автограж нийтлэг үйлчилгээний алба гэсэн 4 албанд 121 батлагдсан орон тоотойгоос одоогоор 84 ажилчидтай ажиллаж байна. 2024 оны өвөлжилтийн бэлтгэлд 28 ажил төлөвлөснөөс 15 ажил бүрэн хийгдэж 53.6 хувийн биелэлттэй байгаа аж. Сүхбаатар суманд нийт 27 ус түгээх байр байдгийн 18 нь төвийн шугамынх, үлдсэн 9 нь зөөврийн ус түгээх худаг байдаг ажээ. Энэ онд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5 тоннын багтаамжтай зөөврийн ус түгээх машинтай болсон нь Сүхбаатар сумын 9 зөөврийн ус түгээх байранд ус зөөвөрлөх ажил тасралтгүй явагдаж байна. Өнгөрсөн онд төв цэвэрлэх байгууламжид хаягдал усны цэвэрлэгээний түвшин ихээр доголдож, муудаж, үнэр ихээр үнэртсэн гэх гомдлын дагуу 2024 оны эхэнд Сүхбаатар сумын Онцгой комиссын шийдвэрээр 62 сая төгрөгийн өртөгтэй 2 агаарын машиныг шийдвэрлэж өгснөөр одоогоор төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгаа гэлээ.

Тус байгууллагын хувьд дараах хоёр тулгамдсан асуудлыг аймгийн ИТХ-ын дарга, Зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Үүнд:

1.Усны эх үүсвэрээс цэвэрлэх байгууламж хүртэлх бүх объектын цахилгааны кабель шугамууд ихээхэн гэмтэлтэй, нөөцийн кабель шугамгүй байгаа нь эрсдэл дагуулж байна.

2.Усан хангамжийн шугам сүлжээний насжилтын хувьд 1960-1992 оны шугам 82.3%, 2003 оны шугам 17.7% байна. Ариутгах татуургын шугам сүлжээний насжилтын хувьд 1972-1989 оны шугам 22.8%, 1992 оны шугам 77.2% байна. Усан хангамж болон ариутгах татуургын шугам хоолойн насжилт өндөр байгаагаас сүүлийн 3 жилийн хугацаанд 38 удаагийн шугамын гэмтэл гарсан. Насжилт дуусаж элэгдэлд орсон яаралтай шинэчлэх шаардлагатай 13.8 км шугам сүлжээний шинэчлэлийн ажлын зураг төсвийг ирэх оны аймгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх хүсэлт тавилаа.

“Сэлэнгэ цэнгэг ус” ОНӨААТҮГ-ын дарга А.Алтансүх хэлэхдээ “Тус байгууллагын хамт олон Сүхбаатар хотыг нэг өдөр ч, нэг минут ч, нэг секунд ч усгүй байлгахгүйн төлөө хөдөлмөрлөж хичээж байгаа, үүнийг маань аймгийн үе үеийн ИТХ, Засаг дарга ойлгож дэмжиж ажилласаар ирсэн. Жишээлбэл, Өнгөрсөн онд аймгийн хөрөнгө оруулалтаар 280 сая төгрөгөөр өрмийн машинтай болж энэ жилд 10 худаг ухах ажил гүйцэтгэж, үүнийхээ ашиг үр дүнд нь 3-р багт гүний худаг ухаж бэлдээд байна. ОУ-ын Дэзэрэт байгууллагаас ус түгээх 7 худгийг ухаалаг болгосон. Энэ оны аймгийн төсөвт бохир соруулах тээврийн хэрэгслийг 150 сая төгрөгөөр батлан одоо тендерийн ажил зарлагдаад явж байна. Удахгүй шийдвэрлэгдээд бохирын машины эвдрэл гэмтэлтэй холбоотойгоор бохир соруулах ажил хүндрэлтэй байсан нь шийдэгдэнэ гэж ойлгож байна” гэлээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон Зөвлөлийн гишүүд тус байгууллагын тулгамдсан асуудлын талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж зарим нэгэн асуудлыг боломжит нөхцөл байдлаар хэрхэн дэмжиж болох талаар ярилцахаар тохирлоо.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон Зөвлөлийн гишүүд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Цагдаагийн  газарт очиж үйл ажиллагааны тайланг нь сонсож, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар нь 17 сум, 6 тосгоны 106.5 мянган иргэдийн аюулгүй байдлыг хангах, олон нийтийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Газрын үндсэн төв байр 7 тасагтай, Мандал, Сайхан суманд сум дундын цагдаагийн хэлтэстэй, Алтанбулаг, Ерөө суманд цагдаагийн тасагтай, Баянгол суманд цагдаагийн хэсэгтэй үндсэн бүрэлдэхүүн 304 байхаас одоогоор 291 бие бүрэлдэхүүн ажиллаж байна.

Аймгийн нутаг дэвсгэрт 2024 оны эхний 10 сарын байдлаар 640 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэнээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 223, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 207, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 91, хүрээлэн байгаа орчны эсрэг 77, бусад гэмт хэрэг, зөрчил 42 үйлдэгджээ. Аймгийн хэмжээнд 2024 оны байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн гэмт хэрэг 28 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар өссөн байна. Насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийн 60.7 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Батхуяг тус байгууллагын хувьд тулгамдсан дараах асуудлыг аймгийн ИТХ-ын дарга, Зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Үүнд:

1.Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн Засаг даргын А/450, А/451, А/470 дугаар Захирамжуудын дагуу “Теле камерын хяналтын дэд төв” байгуулахаар хуучнаар аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын газрын хуучин барилгын 254.98м2 3 өрөөг стандартын дагуу засварлаж, шилэн кабель татах, нүүлгэн шилжүүлэх ажлыг яг одоогоор хийж байна. Камерын хяналтыг нийслэлд 100 хүн тутамд 2 камер, орон нутагт 100 хүн тутамд 1.5 камер байхаар тогтоосон байдаг байна. Сэлэнгэ аймагт оршин суух бүртгэлтэй 105830 иргэнд 1587 хяналтын камер байршуулах шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарснаас манай аймгийн хувьд хүрэх түвшиндээ 109.8 хувьтай хүрсэн байгаа ажээ. Одоогоор гудамж талбай руу чиглэсэн 1744 камер бүртгэлтэй ажиллаж байхын зэрэгцээ энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мандал суманд 80, Сүхбаатар суманд 98 ширхэг нийт 170 гаруй камерыг нэмж байршуулахаар тендерийн ажил зарлагдаж эхний ээлжийн 80 камерыг хүлээлцээд байгаа гэлээ. Цаашдаа ч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хамтын оролцоотойгоор камержуулах ажлыг тасралтгүй явуулна. Иймд “Теле камерын хяналтын дэд төв”-д камерын хяналтын нэгдсэн систем байршуулж, түүнд ажиллах хүний нөөц, инженер техникийн ажилтнуудын цалин хөлсний асуудлыг орон нутгаас шийдвэрлэж өгөхийг хүслээ.

2.Цагдаагийн Ерөнхий газар болон Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн зөвлөмжийн дагуу Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөг стандарт шаардлагад нийцүүлэн засварлаж тохижуулах шаардлагатай байгаа ажээ. Тухайлбал, насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн болон хохирсон гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан мэдүүлэг байцаалт явуулахад тэдний нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон орчин нөхцөлтэй өрөө тасалгаанд мэдүүлэг авах шаардлага тулгарч байгаа. Иймд эхний ээлжид стандартад нийцүүлэн мэдүүлэг авах 9 өрөөг тохижуулан засварлах шаардлагатай байгааг дэмжиж ажиллахыг хүслээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон Зөвлөлийн гишүүд тус байгууллагын тулгамдсан асуудлын талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж зарим нэгэн асуудлыг боломжит нөхцөл байдлаар хэрхэн дэмжиж болох талаар ярилцахаар тохирлоо. 

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон болон Зөвлөлийн гишүүд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

Тус эмнэлэг 219 ортой бөгөөд эмчилгээний 11, оношилгооны 2, туслах 5 тасагт 312 эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Үүнээс их эмч 67, сувилагч 133, туслах сувилагч 34, эмнэлгийн 85 ажилтан ажиллаж байгаа юм. 2024 онд шинээр 17 их эмч, 12 сувилагч ажилд орсон байна. Тус эмнэлэгт одоогоор тэтгэвэр тогтоолгоод ажиллаж байгаа 28 эмч, эмнэлгийн ажилтан байгаа бол нарийн мэргэжлийн 10 эмчийн дутагдалтай байгаа аж.

Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4К дүрсний нягтралтай дурангийн тоног төхөөрөмжтэй болсноор ерөнхий мэс засал, эмэгтэйчүүд, урологийн дурангийн мэс засал хийгдэх боломжтой болжээ. Мөн ходоодны дурангийн мэс ажилбар хийгдэж, “Зүрхний допплер ЭХОКГ “ 2024 оны 9-р сараас эхлэн шинээр ашиглагдаж одоогийн байдлаар 150 орчим үйлчлүүлэгчдэд оношилгоо хийгдсэн байна. Эдгээрээс 30 орчим тохиолдлыг ШУГТЭ-д илгээж зүрхний шигдээс батлагдан, эмчилгээнд орж идэвхтэй хяналт хийгдэж байгаа юм байна.

Үүнээс гадна аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар умайн хүзүүний хавдрыг илрүүлэх AI технологи бүхий тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулжээ. Мөн тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд 11-р сарын 18-ны өдөр уушгины жижиг эсийн хавдартай өвчтөнд анх удаа хими эмчилгээг амжилттай хийж, өвчтөн эмнэлгээс гарсан байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Вируслогийн лаборатори энэ оноос элэгний В, С вирусын идэвхжил тоолох шинжилгээ, шээс бэлгийн замаар дамжих халдварыг 14 үүсгэгчээр илрүүлэх шинжилгээ, умайн хүзүүний папилломавирусын өндөр эрсдэл бүхий 29 хэв шинж илрүүлэх шинжилгээг шинээр хийж эхэлсэн байна.

Нэгдсэн эмнэлгийн B блок буюу дотор, мэдрэл, хүүхэд, уламжлалт, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгуудын дотор засварын ажил 965,4 сая төгрөгийн төсөвтэйгөөр гэрээ хийгдэж засварын ажил эхэлж байгаа аж.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс хагалгааны вакум өрөө бий болгох, хавдрын мэс заслын багаж шинээр авах, томсоны шарх тэлэгч хэрэгцээтэй талаар, мөн ангиографын аппарат шаардлагатай зэрэг асуудлуудыг аймгийн ИТХ-ын дарга, Зөвлөлийн гишүүдэд хандан анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүслээ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон болон Зөвлөлийн гишүүд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын шинэ барилгад очин үйл ажиллагаатай нь танилцлаа.

Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь 3 нэгжид 43 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. 2024 оны III улиралд Сүхбаатар сумын Баянхан 4-р багт байрлах “Хүүхэд хөгжлийн төв”, “Нөхөн сэргээх, хүүхэд, хамгааллын төв” -ийг улсын комисс хүлээн авч 9 дүгээр сараас үйл ажиллагаа тус шинэ байрнаас явуулж эхлээд байгаа юм.

Хүүхэд хөгжлийн төвд энэ оны 11 дүгээр сарын байдлаар “Хатад” бүжгийн дугуйлан, “Соробан” сампин, Төгөлдөр хуур, Илтгэх урлаг, Unitel HUB зэрэг  хүүхдэд чиглэсэн хөгжлийн үйл ажиллагаа явагдаж 1700 гаруй хүүхдэд үйлчилгээ үзүүлээд байгаа ажээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүн тус байгууллагын үйл ажиллагаатай танилцсанаар хүүхэд хөгжлийн төвийн морин хуур, үндэсний хөгжим, англи хэл зэрэг дугуйлангуудад шаардлагатай тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсгийн дэмжлэгийг үзүүлэхээр газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

 

 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%