Дүүргийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвийн 6182 м/кв талбай бүхий өргөтгөлийн барилгын ажлыг өмнөх оны 5 сард эхлүүлсэн билээ.
Өнөөдөр /2024.08.22/ тус барилгын ажлын явцтай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Б.Мөнхбат болон бусад албаны хүмүүс танилцаж, гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзан барилгын гүйцэтгэлийн талаар мэдээлэл авлаа.
Уулзалтын үеэр барилга баригдаж буй хэсгийн гадна зам талбайд явган болон дугуйтай хүн зорчиход саадгүй байхаар засаж, янзлах, барилгын гадна хана, фасадыг хүйтэн, сэрүүн орохоос өмнө хийж дуусгах, барилгыг гэрээний хугацаанд багтаан стандарт, нормд нийцүүлэн чанартай гүйцэтгэх, гүйцэтгэлийн явцад тогтмол хяналт тавьж ажиллахыг гүйцэтгэгч тал болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад тус тус үүрэг болголоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА