Өнөөдөр /2024.08.02/ Япон улсын Шизуока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи болон удирдлагууд Чингэлтэй дүүрэгт айлчиллаа.
Зочдыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Ажлын албаны дарга П.Баянбаатар нар хүлээн авч уулзлаа.
Япон улсын Шизуока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи, ИТХ-ын дэд дарга Үчида Шүүжи, Хамтын ажиллагааны газрын дарга Үнно Масахико, Захиргаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Фүжино Дае, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ивата Читосэ, Нарийн бичгийн хэлтсийн ахлах Онода Сатоши, Гадаад харилцааны хэсгийн дарга Ито Масаки, Олон улсын харилцааны мэргэжилтэн Б.Янжинлхам нар уг уулзалтад оролцлоо.
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Яйзү хот хооронд 2022 онд байгуулсан гамшиг, гэмт хэргийн чиглэлээр хамтран ажиллах санамж хүрээнд гамшгийн үед бэлэн байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг болгон Чингэлтэй дүүрэгт ус шахагчтай галын машиныг бэлэглэсэн.
Хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлж 2024 оны 3 дугаар сарын 28-ний өдөр “НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААТ ХОТ, ДҮҮРЭГ”-ийн харилцаа тогтоож, найрсаг хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн билээ.
Талархсан сэтгэлээ илэрхийлэн дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат Яйзү хотод жил болгон зохион байгуулагддаг “Монгол баяр-Яйзү наадам”-д зориулан таван ханатай өргөө цагаан гэрийг Засаг дарга Накано Хиромичид гардуулан өглөө.
Мөн уулзалтын үеэр Яйзү хот болон Чингэлтэй дүүрэг хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй Яйзү хотын Олон улсын харилцааны мэргэжилтэн Б.Янжинлхамд дүүргийн “Хүндэт иргэн” шагналыг гардуулан өгч цаашид ч хоёр талын найрамдалт харилцааны ган бат гүүр болон ажиллахыг хүслээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА