Төв аймгийн ИТХ-ын 2023 оны 12-р сарын 04-өдрийн 17-р хуралдаанаар 2024 оныг “Залуучуудын манлайлал-гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Өнөөдөр урианы жилийн нээлт, “Түүхт ой-бүтээн байгуулалтын жил”-ийн хаалтын үйл ажиллагаа, сумдын 2023 оны үйл ажиллагааг дүгнэх, ИТХ-ын дарга нартай уулзалт мэдээлэл хийх, Засаг дарга нартай Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх ажил, үйлчилгээний гэрээ байгуулах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
Урианы жилийн нээлтэнд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, 27 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, аймгийн хэлтэс, агентлаг, байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчид, оюутан залуучууд оролцож байна.
Арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн хэлсэн үгэндээ цас зудтай хатуухан өвлийг давж, байгалийн давагдашгүй хүчин зүйлд туйлдаж ядарсан малчдадаа сэтгэл зүрхээрээ болон эд материалын харамгүй тусламж зориулсан нийт ард иргэд, унтах нойроо умартан хамтран зүтгэсэн Аймгийн Онцгой комисс, орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлж, өнгөрсөн оны эдийн засгийн үзүүлэлтүүд, ахиц дэвшлийг дурдан, ирэх онуудад хэрэгжүүлэх бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар мэдээлэл өглөө.
Мөн УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Ж.Батжаргал мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн бол аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Аймгийн 2023 оны ажлын үр дүн, 2024 онд дэвшүүлсэн зорилт, анхаарах асуудал”-аар илтгэл тавилаа.
Монгол улсын хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүлсэн Эрдэнэ, Борнуур, Бүрэн, Баянцогт, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хамт олонд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар нар дурсгалын цом, батламж гардууллаа.