Батсүмбэр сумын Сөгнөгөр 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Баянгол орчим усан халиа үүсчээ.
Уг байгалийн үзэгдлийн улмаас 37 айл эрсдэж, 80 айл эрсдэлтэй нөхцөл байдалд ороод байна.
2023 оны 12-р сарын 25-аас эхлэн үүссэн нөхцөл байдалд сумын Онцгой комисс, мэргэжлийн ангиудын үйл ажиллагааг идэвхжүүлэн, аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын алба хаагчид шуурхай ажиллаж, орон нутгийн албан хаагчдын хүч оролцоотой одоогоор 12 айлыг нүүлгэн шилжүүлээд байна.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн Батсүмбэр суманд үүсээд байгаа нөхцөл байдалтай танилцан, ард иргэдтэй уулзлаа. Хүнд нөхцөлд орсон айл өрхүүдийн амь нас, эрүүл мэндэд онцгой анхаарч, нүүлгэн шилжүүлсэн иргэдийг ахмадын асрамжийн газар байрлуулах талаар холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө.
Аврах, нүүлгэн шилжүүлэх ажлыг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх, эд хөрөнгө, малыг шилжүүлэх ажилд нийт 74 хүн, 17 автомашин, техник ажиллаж байна.
Мөн усны голдирлын дагуу 2,2км урт замыг 3м өргөнтэй, 1,5-2м гүнтэй шуудуу татах ажил хийж байна.
Өнөөдрийн аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гаргуулах, шалтгаан нөхцөлийг тодруулах, цаашид авах арга хэмжээний зураглал гаргах, цаашлаад хавар усны түвшин дээшлэх үед авах арга хэмжээ, халдвар ариутгалын ажлууд зэрэг олон талын ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн.
Мөн Батсүмбэр суманд 5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 1,5 тн дизель түлш олгохоор шийдвэрлэлээ.
Аврах ажилд мэргэжлийн байгууллагуудаас гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэг оролцоо их байгааг сумын удирдлагууд мэдээллээ.