Өвөлжилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа болон бусад албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Төв аймгийн зүүн бүсийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна.
Баяндэлгэр сумын өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэл сонсож, холбогдох үүрэг чиглэл өгөн, Галуут багийн малчин өрхүүдээр орж нөхцөл байдалтай танилцлаа.
Төв аймаг нь 27 сумын 97 багт 17,276 малчин, мал бүхий иргэнтэй.
2023 онд аймгийн хэмжээнд өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 30 гаруй хувьд хүрэлцээтэй байхаар, харин 60 гаруй хувьд хэтэрсэн байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу ажлын хэсэг байгуулан Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийхэд Алтанбулаг, Бүрэн, Лун, Өндөрширээт, Эрдэнэсант сум "Маш өндөр", Аргалант, Батсүмбэр, Баянхангай, Баяндэлгэр, Баянцогт, Баянцагаан, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Борнуур, Угтаалцайдам, Цээл, Заамар, Сэргэлэн, Сүмбэр, Эрдэнэ сумд "Өндөр", Архуст, Баян, Мөнгөнморьт, Баянчандмань, Дэлгэрхаан, Жаргалант, Зуунмод сумд "Дунд" эрсдэлтэй зэрэгт үнэлэгдсэн байна.
2023 оны жилийн эцсийн тоо мэдээгээр 4,933,306 толгой малын тоологдож, 13,239 толгой мал зүй бусаар хорогдоод байна.
Цас ихээр орж зудын нөхцөл байдал үүссэн сумдад сумын удирдлагууд, иргэд олон нийтийн оролцоотой, техник тоног төхөөрөмжийн хүчээр 300 орчим малчин өрхийг өвөлжөөнд буулгаж, 3145 км цасанд боогдсон замыг гарган ажилласан байна.
Аймгийн Засаг даргын 2023 оны А/788 дугаар захирамжийн хүрээнд Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Хүнс хөдөө аж, ахуйн газрын төлөөлөл өвөлжилт хүндэрсэн, хүндэрч болзошгүй сумдын бодит нөхцөл байдал, Улсын онцгой комисс, аймгийн онцгой комиссоос өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, шатахууны нөөц, авч хэрэгжүүлж байгаа apra хэмжээний талаар танилцаж аймгийн Онцгой комисс, Шуурхай штабыг мэдээллээр ханган ажиллаж иржээ.