Сүүлийн өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд цаг агаар эрс хүйтэрч, цас их хэмжээгээр орж, шуурга шуурсны улмаас замын зорчих хэсэг цасанд дарагдаж, халтиргаа, гулгаа үүсэн зам тээврийн хэрэг, осол нилээдгүй гарч байна. Иймд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн “ТӨВ-АЗЗА” ТӨХК-ийн удирдлага, албан хаагчидтай уулзаж, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвлөмжийг танилцуулан, ажил сайжруулах талаар үүрэг, чиглэл өгөв.
“ТӨВ-АЗЗА” ТӨХК нь Зуунмод хотын төв дотор -36 км, Өндөрдов-Зуунмод- Налайх чиглэлийн 29 км, Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал чиглэлийн 32,3км, Улаанбаатар Мандалговь чиглэлийн 153,8 км замын арчлалтыг хариуцан ажилладаг бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар зам арчлалтын хүрээнд 62 тн бодис, 20 тн давс цацаж замын халтиргаа, гулгаах арилгах, авто замын зорчих хэсгийг түргэн шуурхай цэвэрлэх, шаардлагатай давс, бодисын нөөц бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. “ТӨВ-АЗЗА” ТӨХК-ийн зүгээс өвөлжилт хүндэрч, халтиргаа гулгаа ихсэж байгаатай холбогдуулан замын зорчих хэсэгт цацаж хэрэглэх давс, холбогдох үйл ажиллагаанд шаардлагатай байгаа 38.250.000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсаныг аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн орон нутгийн төсвийн холбогдох зардлаас шийдвэрлэж өгөх талаар мэдэгдлээ.
Ингэснээр цаашид замын зорчих хэсэгт хэрэглэх бодисны нөөц шийдвэрлэгдэж, замын халтиргаа гулгаанаас болж гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье.