Төв аймгийн тариаланчид 2023 онд ургац хураалтын дүнгээр нийт 380.000 тн ургац хурааж, улсдаа тэргүүлсэн бөгөөд сүүлийн 3 жилд нийт хураан авсан ургацаараа улсдаа тэргүүлж, амжилтаа бататгалаа.
Энэхүү амжилтаа дүгнэн 12-р сарын 10-нд ургацын баяраа тэмдэглэн “Төв аймаг-Ургацын баяр” 2023 арга хэмжээ зохион байгуулав.
Тус арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн хэлсэн үгэндээ “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд гол нэр төрлийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж улмаар Монгол Улс бүс нутагтаа хүнс экспортлогч орон болохыг зорин ажиллаж байгаа энэ үйл хэрэгт Төв аймгийн тариаланчид төмс, таримал тэжээлийн үйлдвэрлэлээр болон нийт хураан авсан ургацаараа тэргүүлээд байгааг онцолсон юм.
Баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал, Ц.Туваан нар мэндчилгээ дэвшүүлж, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл” сэдвээр илтгэл мэдээлэл танилцууллаа.
Ургацын баярын арга арга хэмжээний үеэр хөдөө ахуй, газар тариалангийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан зарим иргэдэд шагнал гардуулснаас гадна "Манлайн баясгалан" улс, аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдааныг зохион байгуулав.
Энэхүү амжилтыг гаргахад нөр их хөдөлмөрөө зориулсан Төв аймгийнхаа нийт тариаланч, инженер механикжуулагч, агрономич, тээвэрчид, удирдлага зохион байгуулалтаар хангасан ХХААХҮЯ, аймаг, орон нутгийн удирдлага, Ургац хураалтын штаб, Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт хүчин жанжин штабын бие бүрэлдэхүүн, Төв аймаг дахь Хуурай замын цэргийн командлал, 016 дугаар нэгтгэл, Их дээд сургуулийн оюутан, залуус, байнгын болон хугацаат цэргийн албан хаагчид, ШТС-ууд зэрэг гар бие оролцсон нийт ард иргэд, тэдний ар гэрийнхэнд “ТАЛАРХАЛ” илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ