Монгол улсын Засгийн газраас баримталж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Засгийн газрын гишүүд, салбарын яамдын удирдлагууд Төв аймагт ажиллаж, аймгийн төв Зуунмод хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалт болох 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургууль, Монголын үндэсний археологи, угсаатны музей, лаборатори, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн шугамаар хийгдэж байгаа 30 мегаватын Дулааны станцын барилгын ажлын явцтай танилцан, тулгамдсан асуудлыг сонсож, шаардлагатай арга хэмжээг авахаар боллоо.
УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал болон аймгийн удирдлагуудын зүгээс аймгийн хэмжээнд барилгын ажил удаашралтай байгааг дурдаад, боловсрол, эрүүл мэндийн салбарын барилга, байгууламжууд, дэд бүтэц, автозамын барилгын ажлын талаар мэдээлэл өгч, шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талаар санал солилцсон юм.