Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Азийн сан, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран хууль бус уул, уурхайн үйл ажиллагаа, түүнтэй холбоотой гэмт хэргийг бууруулах, бодлого, хууль, эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гэмт хэргийг илрүүлэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлэгт Төв аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ц.Жамбалсүрэн, Азийн сан Төслийн менежер Л.Байгаль, зөвлөх А.Баянмөнх МУГХУСАЗЗ ажлын албаны ахлах мэргэжилтэн Отгонжаргал, ГХУСАЗСЗ-ийн гишүүд оролцож байна.
Хэлэлцүүлгийг нээж аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн үг хэллээ.
Төв аймгийн хэмжээнд уул уурхайн үйлдвэрлэл 1990-ээд оноос “Алт” хөтөлбөр хэрэгжүүлснээс хойш эрчимтэй явагдаж одоог хүртэл нийт 10956 га газар хөндөгдөөд байна.
Уул уурхайн үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн талбайн 63.3% -д техникийн, 37.2% -д биологийн нөхөн сэргээлт тус тус хийжээ.