СЭЛЭНГЭ АЙМАГ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА 6-Д ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын 2022 оны тайланг танилцуулж Сэлэнгэ аймаг 6-рт эрэмбэлэгдсэн байна.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эхлэн гаргаж, хот хөдөөгийн ялгаа, тэгш бус байдлыг арилгах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, бодлого боловсруулагчдыг судалгааны бодитой мэдээллээр хангах, улмаар аймгуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг ажээ.
Тус судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлон аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тогтоож, өрсөлдөх чадварын боломж, чадавхыг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлж өгдөг.
Аймгуудын өрсөлдөх чадварыг хооронд нь харьцуулж, өрсөлдөх чадварын чиг хандлагыг тодорхойлохоос гадна тухайн аймгийн өрсөлдөх чадварыг хойш татаж буй эсвэл дээшлүүлж буй үзүүлэлтүүдийг тогтоож, өрсөлдөх чадварын давуу, сул талыг үнэлэх боломж олгож буй нь энэхүү судалгааны давуу тал юм. Ингэснээр аль аймаг яагаад өрсөлдөх чадварын хувьд бусдаас сайн, эсвэл сул байгааг ойлгож мэдэх, тухайн аймаг давуу талаа хэрхэн ашиглаж болох, хөгжлийг хойш татаж буй сул талаа хэрхэн шийдвэрлэх шийдлийг олоход чухал эх үүсвэр болох юм.
Аймгуудын өрсөлдөх чадварыг зөвхөн ДНБ-ий хэмжээ, ажилгүйдлийн түвшин төдийгөөр хэмжин харьцуулах боломжгүй бөгөөд тухайн аймгийн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд эдийн засаг, улс төр, нийгмийн болон соёлын гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Энэхүү судалгааны хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 180 шалгуур үзүүлэлтийг ашиглажээ.
Судалгааны дэлгэрэнгүйг http://aimagindex.mn/province
үзэж болно.
*********
"ОРОН НУТГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ БА ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО" СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА
Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Швейцарын хөгжлийн агентлаг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд "Орон нутгийн бодлого төлөвлөлт ба үр дүнд суурилсан хяналтын тогтолцоо" сэдэвт бүсчилсэн сургалтыг Дархан-Уул аймагт өнөөдөр /2023.02.03/ зохион байгуулж байна.
Тус сургалтад Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга нар, Бодлогын хорооны дарга нар, Зөвлөлийн гишүүд, Төлөөлөгчид оролцож байгаа юм.
Сургалтаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль-Орон нутгийн чиг үүрэг, төсөв, санхүү, эдийн засгийн бие даасан байдал”, Нутгийн өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар, Төсвийн харилцааны шинэтгэл, орон нутгийн төсвийн удирдлага, Орон нутгийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах зарим асуудлуудын талаар судалж байна.
*********
ХАСХОМ-ИЙГ ХУУЛИЙН ХУГАЦААНД ГАРГУУЛАН АВЧ ДУУСЛАА
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд ХАСХОМ мэдүүлэх үүрэгтэй 442 албан тушаалтны ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд цахимаар гаргуулан баталгаажууллаа.
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргасан нийт мэдүүлэг гаргагчдадаа болон арга зүйн дэмжлэг үзүүлж зөвлөн тусалж ажилласан Авлигатай тэмцэх газрын холбогдох албан хаагчид нийт сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нартаа талархал илэрхийлье.