Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн 27 сумын ИТХ-ын дарга нартай цахим хурал хийлээ. Хурлаар аймгийн ИТХ-аас энэ оны эхний хагас жилд хийсэн ажил, цаг үеийн мэдээлэл, аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалт зохион байгуулах, Төв аймгийн түүхт 100 жилийн ойн арга хэмжээнд ИТХ-ын төлөөлөгчид манлайлан оролцох, Хурлын бодлого шийдвэрийг эрчимжүүлж ажиллах талаар хэлэлцэж, ажлын чиглэл, зөвлөмж өглөө.
Аймгийн ИТХ нь Монгол Улсын ЗГХЭГ, Швейцарийн хөгжлийн агентлаг, төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжих төсөл, НӨУБ-ын институцийн чадавхийг бэхжүүлэх нь төсөлтэй хамтран энэ оны 06 дугаар сарын 22 –нд аймаг, сумдын ИТХ-ын 500 гаруй төлөөлөгчид сургалт зохион байгуулахаар бэлтгэл, зохион байгуулалтыг хангаж ажиллаж байна. Сургалтаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Бэлчээрийн менежмент, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх юм. Иймд сургалтад Төлөөлөгч нараа бүрэн хамруулах талаар ажлын чиглэл өгөв.
Төлөөлөгчдөөр аймгийн болон сумын ИТХ-ын бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг сурталчлах, тайланг нь сонгогчдод тавиулах, төсвийн хяналтын сонсгол хийх, БИНХ-д мэргэжил арга зүйн туслалцааг үзүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж, хууль бус хандив, бэлэг авахгүй байх, Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн арга хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож, ой угтсан ажил арга хэмжээг идэвхтэй зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө.