Төв аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг, МУЗН-ийн Төв аймаг дахь салбар хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулж байна.
Сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль, дүрмийн мэдлэг олгох, сурталчлах зорилго бүхий уг тэмцээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 22 цэцэрлэгийн 220 хүүхэд багачууд, эцэг эхчүүд, багш нар оролцож, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна.