Төв аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн Морин спорт, уяачдын холбоо, аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хурдан морины салбар хорооноос Төрийн хишиг хүртсэн улсын цолтой уяачдын "Төв түмний хүлэгч" уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөний хүрээнд Төрийн цолтой уяачдад хүндэтгэл үзүүлж, 100 жилийн ойн баримтат кино, номны зураг авалт хийх бөгөөд хурдан морины уралдааны бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар санал бодлоо солилцож байна. Ардын хувьсгал, Төрийн их баяр наадмын 100 жилийн түүхэнд хурдны өлгий Төв сайхан нутгийн хурдан хүлгүүд 277 түрүү, 1174 айраг хүртжээ. Өнөөдрийн байдлаар Төв аймгаас Монгол улсын Тод манлай уяач 17, Манлай уяач 18, Алдарт уяач 55 төрөн гарсан байна.