Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн зүүн бүсийн сумдад Монгол улсын Шадар сайд, УОК-ын дарга Сайнбуянгийн Амарсайхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, орон нутгийн удирдлагууд ажиллаж байна.
Энэ хүрээнд өвөлжилтийн нөхцөл байдал, аймаг, сумын онцгой комиссын үйл ажиллагаатай танилцан, малчин өрхүүдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, шаардлагатай арга хэмжээг авахаар боллоо. Тухайлбал:
1. Сумдын онцгой комиссын ажиллах нөхцөл хүнд байгаа тул үйл ажиллагаанд нь шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
2. Сумдын аюулгүйн нөөцөд олгох өвс, тэжээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх
3. Өвөлжөө, хаваржаа руу зорчих гол замуудыг гаргахад сумын онцгой комисст шатахууны дэмжлэг үзүүлэх, туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад хандах;
4. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд, малчин өрхүүдэд цаг алдалгүй хүргэхэд анхаарч, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашин шийдвэрлэх чиглэлээр холбогдох тооцоо, судалгааг нэн даруй гаргах, УОК-с эхний ээлжид #Эрдэнэ, #Баяндэлгэр сумдын ЭМТ-д фургон автомашин шийдвэрлэлээ.
5. Мал ангилах, мах бэлтгэлийн ажлыг шуурхай зохион байгуулан, махны нийлүүлэлтийг эрчимжүүлэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлж, хэрэгцээт өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр худалдаалах;
6. Цас зуднаас үүдэлтэй малын шилбэ халцарч, урагдахаас сэргийлэхэд анхаарч, малын био бэлдмэлийн хангалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.