Аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн-Монгол” ОУБ-ын Төв орон нутгийн хөтөлбөр хамтран хүүхэд, багачуудынхаа дуу хоолой, хүсэл сонирхолыг сонсохоор хүүхдийн чуулганаа 18 дахь жилдээ зохион байгуулж байна. Чуулганы үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Мөнхбаатар, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ГБХЗХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Оюунтуяа болон Төв сайхан нутгийнхаа ирээдүй болсон 150 орчим хүүхэд төлөөлөгчөөр оролцож байна.
Энэ жилийн чуулганыг “Өөрсдөө санаачилж хамтдаа хийцгээе” нэрийн дор “Тэгш оролцоо-Хязгааргүй боломж” уриатайгаар тэмдэглэж байгаа нь хүүхэд бүрийн оролцоо, хувь нэмэр, дуу хоолой чухал төдийгүй, тэгш оролцоогоор хангагдаж байгаа үед хязгааргүй боломж хүн бүрт байдаг гэдгийг харуулж байна.
2021 оны статистик тоон мэдээгээр Төв аймагт 95892 хүн ажиллаж амьдарч байгаагийн 35304 буюу 36,8 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. 2022-2023 оны хичээлийн жилд 31 ерөнхий боловсролын сургуульд 18590, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 7303 хүүхэд хамрагдаж байна. Сумын Ерөнхий боловсролын байгууллагын дэргэдэх сонгон, секц, дугуйланд 9939 хүүхэд, сумдын Соёлын төвийн дэргэдэх зургаан төрлийн дугуйланд 1706 хүүхэд хамрагдаж байгаа нь нийт хүүхдийн 33 хувийг эзлэж байгаа юм. Мөн хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр ерөнхий боловсролын сургууль дээр 15 төрлийн хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагад 2774 хүүхэд хамрагдаж өөрсдийг хөгжүүлэх, бусдыгаа үлгэрлэн сайн дурын олон төрлийн ажлыг зохион байгуулан манлайлан ажиллаж байна.