Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдон хүнсний хувьсгал, хоршооны хөгжлийг эрчимжүүлэх бодлого орон даяар хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү бодлогын хүрээнд Төв аймаг хүн амын өсөн нэмэгдэж буй хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээс хангах, “Нийлүүлэгч аймгаас-үйлдвэрлэгч аймаг болох”, Монгол Улсын Засгийн газрын “Хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох” бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх томоохон түшиц нутаг болгон хөгжүүлэх зорилт тавин “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг боловсруулан, хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд хоршоог дэмжих чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоршооны хөгжлийг дэмжих зорилгоор ШУТИС-ын Бизнесийн Ахисан Түвшний сургууль, “Обихиро ЖАЙКА” олон улсын байгууллага, Японы Хоккайдо мужийн Токачи ХАА-н машин механизмын нийгэмлэгтэй хамтран “Хоршооны үйл ажиллагаанд гэрээт менежментийг нэвтрүүлэх нь” Япон-Монголын хоршоологчдын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Уг зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, аймаг, сумын удирдлагууд, Японы Хоккайдо мужийн Токачи ХАА-н машин механизмын нийгэмлэг, энэ салбарын эрдэмтэн судлаачид, ХХААХҮЯ, ЖДҮГазар, Монголын Хоршоологчдын Нэгдсэн холбоо, Монголын үхэр үржүүлэгчдийн Нэгдсэн холбоо, Монгол банк, ХАА-н техник импортлогч компани, сүүний фермерүүдийн хоршоо, сүүний үйлдвэрлэл эрхлэгч хувийн хэвшлийн байгууллагууд болон их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, хоршооллын төлөөлөл 200 хүн оролцож байна. Зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нээж, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Хоршоонд тулгуурласан ХАА-н үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ загвар” сэдвээр илтгэл, мэдээлэл хүргэсэн юм. Үүний дараа Токачи ХАА-н машин механизмын нийгэмлэгийн ерөнхийлөгч М.Ямада “Монголын фермийн аж ахуйн өнөөгийн байдал: Гэрээт байгууллага байгуулах нь” сэдвээр, Японы “Чиода Фермс” компани захирал А.Аварзэд “Монголд ХАА-н хоршоог байгуулан хөгжүүлэх зайлшгүй шаардлага” сэдвээр мэдээлэл хүргэлээ. Төв аймаг 2022 оныг “Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих” урианы жил болгон зарлан, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнөөдрийн зохион байгуулж буй энэхүү зөвлөгөөн юм.