Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдаж Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойг 2022 оны 09 сарын 19-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойн баярын хуралд урилгаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганзориг, сумын Засаг дарга Ч.Түвшинтөр, үе үеийн төлөөлөгчид, багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нар, хурлын нарийн бичгийн дарга нар зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү түүхэн хугацаанд Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1992 оноос өдгөөг хүртэл 8 удаагийн сонгуулиар нийт 248 төлөөлөгч сонгогдон ажиллаж байжээ.
Сонгогч олныхоо итгэл найдварыг хүлээн байгуулагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрхийнхээ хугацаандаа сумынхаа хөгжил, цэцэглэлт болон ард иргэдийнхээ амар тайван, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох, бодлого шийдвэрийг батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, ил тод нээлттэй байх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төлөөлөгчдийг чадавхжуулан ажилласаар түүхэн ойтойгоо золгосон амжилттай байна.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1992-2022 он хүртэл удаа дараа сонгогдон ажиллаж байсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгч, Төлөөлөгчдийг Монголын нутгийн удирдлагын холбооны “Тэргүүний ажилтан”, “Соёмбо” тэмдгээр шагнаж урамшууллаа.
Монголын нутгийн удирдлагын холбооны “Тэргүүний ажилтан” тэмдгээр Доржийн Эрдэнэбаяр, Дашцэрэнгийн Батбаатар,
Монголын нутгийн удирдлагын “Соёмбо” тэмдгээр Тангаагийн Ганбаатар, Цэрэнпунцагийн Ганзориг, Батдоржийн Жаргалсайхан, Түдэвийн Зангад, Довчингийн Мөнхбаяр нарыг тус тус шагнасан байна.
Говь нутгийнхаа хөгжлийг түүчээлэгч Нутгийн өөрөө удирдах байгууллагын үе үеийн эрхэм төлөөлөгчид, Хурлын дарга, Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид, багийн Засаг дарга, нутгийн удирдлагын байгууллагатай амьдрал, ажил үйлсээрээ холбогдсон нийт иргэддээ Нутгийн өөрөө Удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.