Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн баярыг тохиолдуулан Чингэлтэй Хайрханд хүндэтгэл үзүүлэх “Хайрхан тахих” ёслол болон “Иргэдийн баяр” болж өнгөрлөө. Энэхүү ёслолын зорилго нь Чингэлтэй Хайрханы лус савдгийг баясган тахиж, тэдний ивээлд багтан буян хишгийг нь иргэддээ хүртээх, дүүргийн ирээдүйн хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралыг даатгах, Чингэлтэй Хайрханд хүндэтгэл үзүүлэхэд оршино.
Нээлтийн үеэр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат “Чингэлтэй дүүргийнхээ хөгжлийг хурдасгах, оршин суугчдынхаа ажиллаж амьдрах орчин нөхцөл, эрүүл мэндийн болон боловсролын салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх, дүүргийн цаашдын хөгжлийг зөв голдиролд оруулах, авто замын болон инженерийн бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон шийдвэрүүдийг гаргаж ажилласныг дурдан хэлэх нь зүйтэй.
Тэрчлэн иргэдэд үзүүлэх боловсрол нийгмийн хамгаалал, халамжийн үр өгөөжийг дээшлүүлэх, орчноо тохижуулах, байгаль экологийн асуудалд тавих анхаарал, хяналтыг өндөржүүлэх, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад тавих анхаарлыг сайжруулах, энэ бүхэнд иргэн, айл өрх, байгууллага хамт олон бүрийн оролцоог аль болох нэмэгдүүлж, тэдний хуулиар хүлээсэн үүргийг өндөржүүлэх, идэвх санаачилга, бүтээлч ажил хэрэг, оролцоо дэмжлэгийг өргөжүүлэх зэрэгт чиглэгдсэн тодорхой бодлого зорилтыг дэвшүүлэн тавьж, түүнийгээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа нь зохих үр дүнгээ өгч эхлээд байна.
Өнгөрсөн хугацаанд дүүргийн хөгжилд гарсан ахиц дэвшлийг ирэх жилүүдэд улам эрчимжүүлэн цаашид улам өргөжин тэлж, өсөн бэхжиж, цэцэглэн хөгжих, нийслэл хот хийгээд улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.
Өвөг дээдсийн авшиг, буян заяаг оршоосон, өргөн түмний минь бишрэл хүндлэл шингэсэн өгөөмөр баян Чингэлтэй хайрхан минь Чингэлтэйчүүд биднийгээ ивээн, нүд сэтгэлийг баясган ашид амгалан оршиг.
Та бүхэндээ үйлс нь өөдрөг, үзэл санаа нь саруул, сайхан байхын ерөөл дэвшүүлэн Нийслэлийн Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын халуун мэндийг давхар хүргэж байгааг минь хүлээн авна уу” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Арга хэмжээний үеэр дүүргийн хөгжил дэвшлийн төлөө залуу нас, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж ажилласан дүүргийн иргэн Ц.Тунгалаг, А.Тангад нарт дүүргийн дээд шагнал “ ХҮНДЭТ ИРГЭН”-ий шагналыг гардуулав.
Арга хэмжээнд урлаг, соёл, спортын арга хэмжээг зохион байгуулж, дүүргийн 1-24 дүгээр хороодын иргэд өргөнөөр оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА