Төр, нийгмийн зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор Тамжавын Бямбаагийн нэрэмжит Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийг Бямбаагийн Нямтайшир түүний гэр бүл, үр хүүхдүүд санаачлан “Монголын Алт” (МАК) ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулан, иж бүрэн тохижилттой олон улсын жишигт нийцсэн дунд сургуулийг хөдөөгийн хүүхдүүдэд бэлэглэж байна.
Өнөөдрөөс 2 жилийн өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сургуулийн шав тавих ёслолыг хийж байсан бол өнөөдөр энэ ажил биеллээ олж сумын төвд олон улсын жишиг стандарт хангахуйц иж бүрэн цоо шинэхэн сургууль сурагчдаа угтан авч байгаа нь энэ юм.
“МАК” ХХК-ийн захирал Б.Нямтайширын аав Тамжавын Бямбаа агсан нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын бага сургуулийн ууган сурагчдын нэг бөгөөд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх техникум, Монгол Улсын Их Сургууль, Тимирязевын нэрэмжит Москвагийн Хөдөө Аж Ахуйн Академийг дүүргэж, ХААДС-ийн хичээл ангийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, ШУА-ийн Бэлчээр, тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ахлах ажилтан, тасгийн эрхлэгчээр ажиллаж, МАХН-ын Төв Хорооны болон Ардын Их Хурлын депутатаар гурван удаа сонгогдож байжээ.
Түүний хөдөлмөр зүтгэлийг залуу хойч үедээ мөнхжүүлэх зорилгоор Тамжавын Бямбаагийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийг Тамжавын Бямбаагийн нэрэмжит болгосон билээ.
Эцэг өвгөдийнхөө дурсгалыг эрдэм оюунаар мөнхжүүлж буй Б.Нямтайшир танд болон танай гэр бүл, үр хүүхдүүдэд нийт Сэлэнгэчүүдийнхээ өмнөөс талархал дэвшүүлье.